А.Анхбаяр: Бид хоёр тэр л хэвээрээ байгаа » Төр.мн

А.Анхбаяр: Бид хоёр тэр л хэвээрээ байгаа

 
Соёлын тэргүүний ажилтан, ая зохиогч, дуучин А.Анхбаярыг "Өөр зочин” буландаа урилаа. 
-Шинэ оны мэнд хүргэе. Уран бүтээл арвин байв уу? 
-Баярлалаа. Өнгөрсөн оны хувьд уран бүтээлдээ анхаарсан жил байлаа. Есдүгээр сараас хойш хамтарсан уран бүтээл рүү түлхүү ажилласан. Шинэ оны хувьд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа ая дуугаа өргөе гэж бодож байгаа. Гуравдугаар сард эхнэр Б.Чанцалдуламтайгаа хамтран "Тэр л хэвээрээ” тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа орсон. 21 аймгийн 330 суманд давхардсан тоогоор 400 гаруй удаа явжээ. Баян-Өлгий аймагт очиж амжаагүй ч, очиж тоглох төлөвлөгөөтэйгөөр ганц хоёр казах дуу сурч байна. 
-Тоглолтоо яагаад "Тэр л хэвээрээ” гэж нэрлэсэн юм бэ? 
-Цаг хугацаа сум шиг өнгөрдөг гэдгийг одоо л мэдэрч байна. Бие биедээ туниж гомдох, хол байх шалтгаан олон байсан. Энэ бүгдийг даван туулсан учраас "Тэр л хэвээрээ” гэсэн тоглолтоо хийхээр болсондоо баяртай байна. 
-Та дуулахаас гадна ая зохиодог юм байна? 
-Би өнгөрсөн хугацаанд 70 гаруй дуунд ая хийжээ. Үүнээс  Э.Төрмандахын дуулсан 20 гаруй, бусад дуучны дуулсан хайрын, эх орон, нутаг уснаас гадна морины тухай 30 гаруй дууг зохиосон байна. Аймгуудын уяачдын галын сүлд дуу байна. Тухайлбал, дуу хуурын өлгий Дундговь аймгийн уяачдын холбооны сүлд дууг зохиосон гэж бодохоор сайхан байдаг. Олонд их хүрсэн нь гэвэл Э.Төрмандахын дуулсан "Аархал” байна. 
-Таны ая зохиох авьяас хэдийд тодорсон юм бэ? 
-Манай аав, ээж хоёр цэргийн хүмүүс учраас багаасаа цэргийн газраар хүмүүжсэн. Багаасаа дуу, хөгжимд сонирхолтой байсан учраас 13 настайгаасаа цэргийн үлээвэр хөгжмийн сонсогч болсон. 15-тайдаа Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа гуайн "Хайрлан дуулж явъя” найраглалын "Аяа би ээжийгээ уйлуулж, дуулуулж өслөө дөө, Аяа би ээжтэйгээ эрхэлж наадаж өслөө дөө” гэсэн шүлэг нь сайхан санагдаад ээждээ зориулж аялгууг нь зохиосон. Эндээс дууны аялгуу сэтгэл зүрхнээс гарч ирдэг юм байна гэдгийг мэдэрсэн ч хөгжмийн зохиолч болно гэж бодоогүй. Тэр үедээ миний зохиосон дуу гээд дуулдаг байсан. 1999 онд С.Жавхлан дуулсан бол 2005 онд оюутан болж ирээд өөрөө дуулсан. Үүнээс хойш Э.Төрмандахын дуулсан "Ижий минь жаргасан хорвоо”, Энхмэндийн "Учралын хорвоо”, "Анчин аав” дуу байна. 
-"Аархал” дууг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй. Оюутан байхдаа зохиосон гэсэн үг үү? 
-Би 2010 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг төгссөн. 2011 онд анхны тоглолтоо "Алтан туурайт ажнай”-гаар хийж байхад миний  нэг ч дууг хүмүүс мэддэггүй байлаа. 2011 онд Э.Төрмандахын дуулсан "Аархал” дууг найман настайгаас 80 настай бүх хүн мэддэг болсноор А.Анхбаяр гэдэг хүнийг тодорхойлдог болсон. Энэ дуугаараа тухайн жилээ шилдэг хөгжмийн зохиолч болсон. Н.Жанцанноров, Б.Шарав, Б.Бямбабаяр, Ж.Шараа гуай гэсэн том хөгжмийн зохиолчдын хажууд цом авахад эвгүй байдаг юм билээ. Би зүгээр л аялгуу зохиодог хүүхэд. Гэтэл тэр том хөгжмийн зохиолчдын дунд орж зогсоод оны шилдэг хөгжмийн зохиолч цомыг авахад "Би юу хийж байгаа юм бол” гэж бодогдсон. Мөн 2012 онд "Аархал” дуугаараа олны таашаалд нийцсэн дуу номинацийн эзэн болсон. 
-Тэгэхээр та дуурийн дуулаачаас гадна хөгжмийн зохиолчоор сурсан уу? 
-Яг албан ёсоор хөгжмийн зохиолчоор сураагүй. Харин хөг-жимчин мэргэжилтэй. Яагаад гэвэл 13 настайгаасаа цэргийн үлээвэр хөгжим буюу турбагаар сурсан учраас мэргэжлийн үлээвэр хөг-жимчин гэсэн үнэмлэхтэй. СУИС-д төгөлдөр хуурийн концертмейстрийн ангийг авсан ч дуурийн дуулаачийн ангийг А.Бүтэд багшийн удирдлага дор суралцаж төгссөн. Би ер нь хөгжмийнхөө боловсролыг дээшлүүлэх байжээ дээ гэж боддог. Гэхдээ дуурийн дуулаач гэхээр балет, сонгодог хөгжим, төгөлдөр хуур, дуурийн тавил, дэлхийн хөгжмийн урлаг гээд бүгдийг заадаг. Тиймээс дуулаач руугаа түлхүү анхаараад бусад дагалдах хичээлээ орхичихдог юм билээ. 
-Цаашид хөгж-мийнхөө боловсролоор сурах уу? 
-Одоогоос 5-6 жилийн өмнө ОХУ-ын консерваторид суралцана гэж мөрөөддөг байлаа. Гэтэл өнөөдөр Монгол Улс өөрөө консерваторитой болчихлоо. Магадгүй дэлхийн олон орноос ирж суралцах боломжтой. Манай багш нар Польш, Герман, Итали, ОХУ, Болгарт суралцсан болохоор  их мундаг, өндөр боловсролтой байдаг учраас Хятад, Якут, ОХУ болон Буриадаас олон оюутан ирж суралцдаг болсон. Тиймээс удахгүй сурахаар төлөвлөж байна. 
Р.Оюун
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News