Батлан хамгаалахын сайд Н.Энхболд албан ёсны айлчлал хийв » Төр.мн

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд албан ёсны айлчлал хийв

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Япон улс болон БНСВУ-д албан ёсны айлчлал хийлээ. Сайдын эхний айлчлал БНСВУ-аас эхэлсэн бөгөөд тэр бээр БНСВУ-ын Үндэсний Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Нго Суан Личийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж, хоёр талын уулзалт хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараагаар хоёр орны сайд нар Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав. Мөн айлчлалын хүрээнд БНСВУ-ын Засгийн газрын Байнгын шадар сайд Чыөнг Хоа Биньд бараалхаж хоёр улсын харилцаа, Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Энэ жил БНСВУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа бөгөөд Батлан хамгаалахын сайд тус улсад айлчилж Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж харилцаагаа шинэ шатанд гаргасан нь онцлог боллоо.
        Үүний дараа Японы Батлан хамгаалахын сайд Коно Тарогийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр хоёр орны Батлан хамгаалахын сайд нар хоёр талын уулзалт хэлэлцээ хийж, талуудын Батлан хамгаалах салбарын харилцаа сүүлийн жилүүдэд харилцан айлчлал хийх, БХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн боловсон хүчин бэлтгэх, цэргийн инженер, цэргийн эмнэлгийн чадавхыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр амжилттай хөгжиж байгааг сайшаан тэмдэглэлээ. Цаашид Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны чиглэлийг нэмэгдүүлэн, агуулгыг баяжуулан өргөжүүлэх асуудлаар харилцан санал нэгдсэн юм. Мөн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Япон улсад хийж байгаа айлчлалынхаа хүрээнд тус улсын Гадаад хэргийн сайд Ноён Т.Мотэги, Японы Парламент дахь Төлөөлөгчдийн танхимын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши нартай албан ёсны уулзалт хийж, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар харилцан байр сууриа илэрхийлэн хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам бэхжүүлэн гүнзгийрүүлэх, талуудын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар харилцан санал солилцсоноор Батлан хамгаалахын сайдын энэ удаагийн айлчлал өндөрлөлөө.
Эх сурвалж: "СОЁМБО" сонин

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News