Дайнд оролцсон сувилагч бүсгүйн тухайд ... » Төр.мн

Дайнд оролцсон сувилагч бүсгүйн тухайд ...

 
Энэ жил Монголын ард түмэн Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэсэн бөгөөд энэхүү түүхт ойг угтаж тус сонины редакцаас дугаар бүртээ нийтлэл, сурвалжилга, дурсамжийг нийтэлж ирсэн билээ. Харин саяхан Нийслэлийн Баянгол дүүргийн харьяат Ц.Даня тус сонины редакцад хүрэлцэн ирж, 1939 оны Халхын голын байлдаанд цэл залуугаараа оролцон олон арван цэрэг эрсийн алтан амийг аварч явсан ээжийнхээ талаар дахин нийтлэл бичиж, түүний амьд сэрүүн ахуйдаа төр, засгаас хүртсэн одон, медалийг нь Монгол цэргийн музейн сан хөмрөгт хадгалуулах саналтай байгаагаа илэрхийллээ. Иймээс түүний ээж, Архангай аймгийн Ихтамир сумын "Өрлөг ээж” хэмээн хүндлэгдсэн Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, дайнд оролцсон ахмад дайчин Цагааны Банзрагчийн алдар гавьяаны талаар уншигч танд хүргэж байгаа нь энэ билээ.
        Он цаг улирах тусам одоо мэт санагдах мөнхийн гавьяат үйлстний нэг, үүнийг дурсуулагч эрхэм хүмүүн Ц.Банзрагч хэмээх буянтан 1913 онд Сайн Ноён хан аймгийн Сайд вангийн хошуу, одоогийн Архангай аймгийн Ихтамир сумын нутагт төржээ. Тэр бээр Халхын голын байлдааны фронтод сувилагчаар алба хааж, шархдагсдын цус, нулимсны үнэ цэнийг мэдэрсэн цөөн эмэгтэйчүүдийн нэг төдийгүй дайны дараачаас өөрийн төрөлх нутагтаа сумын эмнэлгийн эх баригчаар он удаан жил ажиллаж, Ихтамирын гуч, дөч, тавиад оны хүүхдүүдийг толгой дараалан гардан өлгийдөж авсан гавьяатай нэгэн юм.
       Түүний тухай охин Ц.Даня нь тодруулахдаа "Миний ээжид Бизъяа тайж гэдэг хүн монгол бичгийг зааж сургасан гэдэг. Ээжийг маань маш гоё бичдэг хэмээн хүмүүс ярьдаг байсан ба бийрээр хуулж бичсэн судар, ном нь одоо ч нутгийн айлуудад байдаг юм. Бизъяа тайж ухаан санаа саруул их өндөр насалсан, 99 настайдаа морь унаад үе үе манайхаар зочилдог байлаа. Эмэгтэй хүн морин дээрээс нь хүүхэд шиг өргөөд буулгачихна. Гэрт том хүнгүй үед хүүхдүүд араг хөмрөөд тавьчихаар өөрөө мориноосоо буучихдаг” хэмээн ярьсан юм.
        1933 онд Архангай аймгийн Ихтамир сумын Хан өндрийн хүрээний суурийн дээр Европын буюу орос эмнэлэг байгуулагдаж, Мария хэмээх орос бүсгүй ажлаа эхлэх үед нь эмнэлгийн карт болон бусад зүйлсийг хөтлөх бичиг хэргийн өндөр чадвартай эмэгтэй олдохгүй сандарч байх агшинд сумын захиргааны шийдвэрээр Ц.Банзрагчийг тэрхүү албанд тохоон томилсон аж. Аливаа бүхэнд угийн сэргэлэн тэр эмэгтэй орос хэлийг сайн сурснаар барахгүй оросоор бичдэг болсон нь хожим Халхын голын байлдааны үед сувилагчаар ажиллах шалгуурыг төвөггүйхэн давахад нь нөлөөлсөн болохыг дайнд оролцсон нутгийн буурлуудаас Ц.Даня эгч маань олонтоо сонсож, ээжийнхээ гавьяат үйлсээр омогшин бахархаж явсан нь бахдалтай.
       Энэхүү нийтлэлийг тэрлэгч би бээр Ц.Банзрагч гуайн бичсэн дурсамжуудыг хэдэнтээ уншлаа. Түүний бичиж үлдээснээр "Ц.Банзрагч миний бие сумын шинэ эмнэлэгт Мария эмчийн туслахаар ажиллаж эхэлсэн ба гурван жилийн дараа намайг Цэцэрлэг хотод шинээр байгуулсан сувилагчийн курст, дараа нь Улаанбаатар хотноо эх барих бага эмчийн сургуульд суралцуулсан юм. 1939 оны хавар сургуулиа төгсөх гэж байтал Эрүүлийг хамгаалах яаманд дуудаж, Халхын голын байлдаанд оролцох үүрэг өгсөн ба би бээр Матадын наймдугаар дивизийн эмнэлгийн албанд томилогдлоо. Тэр дайны гал утаан дунд явж байхдаа их зүйлийг ойлгож мэдсэн. Хамгийн гол нь дайн хэнийг ч хайрладаггүй, хэзээ ч хүсэшгүй юм гэдгийг сайтар ойлгож билээ. Тулалдааны галын дундаас шархтан цэргүүдийг зөөдөг байсан юм. Нэг өдөр миний хажуухан талд бөмбөг дэлбэрч чих маань дүлий боллоо. Би өдрийн турш шархадсан нөхдөө үүрч, чирч завгүй байлаа. Орой болоход миний баруун гар тэсэх аргагүй өвдөж байгааг нь мэдэрсэн. Гэвч гар хөлөө тастуулсан хүний дэргэд миний энэ өвдөлт юу ч биш гэж бодоод тэслээ. Маргааш өглөө нь орос эмч баруун гараас маань бөмбөгний хэлтэрхий авч билээ” хэмээн бичжээ.
        Энэ тухайд Ц.Даня эгч тодруулахдаа 1939 оны хавар Улаанбаатар хотод Сувилагчийн сургуульд суралцаж байхад нь Эрүүлийг хамгаалах яамны Байцов гэгч сургагч ирж, суралцагсдыг шалгаад ээжийг маань Матадын цэргийн ангид ажиллуулахаар шийдвэрлэжээ. Ингэж 26 настай ээж маань Халхын голын байлдааны гал утаан дундуур сувилагчийн цүнхээ үүрээд мөлхөж явсан юм гэдгийг онцоллоо. Ээж маань "Хуруунд өргөс ороход яаж шаналдаг билээ. Суманд оногдож, яс мөч нь хугарсан цэргүүдээс:
-Бие чинь яаж байна гэж асуухад;
-Би шархадлаа гэж сулхан хэлэхээс биш муу байна гэж тэд ер хэлдэггүй сэн. Монгол хүн үнэхээр их зоригтой, эх орондоо хязгааргүй хайртайг тэгэхэд л мэдсэн дээ. Дайнд шархдаж төв госпитальд хэвтээд эргэж фронтдоо очсон, эдгэрч гараад ажил хийсэн хүмүүс зөндөө бий. Тариалангийн сангийн аж ахуйн дарга байсан Дугар, Говь-Алтайн Цэрэндорж нарыг эдгэрч хүн болно гэхэд хэцүүхэн л байсан даа. Би нэгэн хүний гар шархадсаныг боож байхдаа танилгүй үеийн юм шиг л ярилцаж, толгойг нь илж, дажгүй ээ гэж зоригжуулсан юм. Дараа нь мэдэхэд, манай морьт дивизийн дарга, БНМАУ-ын баатар Д.Нянтайсүрэн гуай байсан юм билээ. Би дайны талбарт шархадсан цэргүүдээ олж, эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлж явахдаа зүүн гартаа хүнд шарх олж, хэсэг хугацааны дараа шархадсан 126 цэргийн хамтаар цэргийн госпитальд эмчлүүлсэн юм. Эдгэрч, эмнэлгээс гарахад маршал Х.Чойбалсангийн шийдвэрээр Сөгнөгөр дэх шархадсан цэргүүдийн эмнэлэгт анхны "доктор” Ичинхорлоо эмчтэй хамт ажиллуулж билээ. Дайны явцад миний нөхөр Ө.Очиржанцан амь эрсдэж би хэдэн сар энгэр нойтон явсан даа гэж байнга л бидэнд ярьдаг сан" хэмээв.
       Энд дахин тодруулахад, нийтлэлийн баатар маань 1940 онд хуралдсан улсын VIII их хуралд таслах эрхтэй төлөөлөгчөөр оролцож, Үндсэн хуулийг батлахад гараа өргөсөн хүний нэг. Энэ нь түүний эрэлхэг зориг, эрхэм гавьяаг нь хүндэлсний тод илрэл гэлтэй. Энэ тухайд түүний дурсамжаас тодруулахад, "1939 оны сүүлчээр намайг Ихтамир суманд томилж төрөх тасаг байгуулан ажиллах үүрэг өглөө. Тэр үед одоотой адил түргэн тусламжийн машин, их эмч гэж байсангүй. Зөвхөн Ихтамир сум гэхэд л Чулуут, Өндөр-Улаан, Бугат, Баян-Улаан зэрэг таван сумын дунд мориор явж үйлчилдэг байв. Намайг эрүүлийг хамгаалах, төр, засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд богино хугацаанд идэвх, зүтгэлтэй ажилласан хэмээн хүндэтгэж 1940 онд төрийн дээд эрх барих наймдугаар их хуралд төлөөлөгчөөр сонгож билээ” гэсэн байх юм.
         Ц.Даня эгч цааш нь ярихдаа "1954 онд "Гэрэлт зам” нэгдэл байгуулагдсан юм. Ээрэм цагаан талд нэг их цэлгэр том хашаанд зургаан цонхтой дан цагаан байшин, нэгдлийн дарга, эх баригч эмч, сургуулийн захирал, дэлгүүрийн худалдагч, манаач гэсэн таван айлаас өөр юу ч үгүй байлаа. Манайх илүү гэртэй бөгөөд эмнэлгийн үйл ажиллагаа нь манай хоёр гэрт явагдана. Эхчүүд маань манай илүү гэрт төрж байлаа шүү дээ. Саяхных мэт санагдавч 50 гаруй жил улирчээ. Байгаль орчин их хурдан хувиран өөрчлөгддөг юм байна. Хүний үйл ажиллагаанаас болдог биз. Ээжийн маань төрж өсөж, насаа үдсэн Ихтамир ч их хувирч байна. Заан хошуу гэж том дүнхийсэн хад асгатай уул, баруун талдаа том усан тохойтой. Баруун аймгийн тууварчид энэ газраас жилийнхээ идэшний тарвагыг агнадаг байж. Тамирын гол маш том гол байлаа. Тамирын шугуй хол ойрдоо зартай. Одоо шодон гэзэг шиг сийрээд иржээ. Энүүхэн дээд талын Могой толгой том том асга хадтай толгой байсан, одоо ч довцог болж дээ” хэмээсэн нь уншигч танд нэгийг бодогдуулж буй биз.
        Ц.Банзрагч гуай нэгэнтээ "Тамирын хүүхдүүд намайг ээжээ гэдэг. Миний эх барьж авсан Сүрэнхорлоо, Түмэндэмбэрэл нар эх баригч эмч болчихсон сумандаа миний ажлыг хийж байна гэхээр би нэлээд дээхэн үеийн хүн болж таарах нь ээ. Миний бага охин 1975 онд төрөхөд би эмнэлгийн гадаа очсон чинь урьд шөнийн жижүүрийн эмч, эх баригч болон шинээр гарах эх баригч, хүүхдийн сувилагч дөрвүүлээ гарч ирээд "Та буц, бидэнд найдаж болно” гэхэд нь нүднээс нулимс дусалсан шүү. Би 30 гаруй жил эх баригч хийж 6000 гаруй хүүхдийг эх барьж авсан. Бас өөрөө найман хүүхэд төрүүлж өсгөсөн. Миний хүүхдүүд эх орондоо энх тунх ажиллаж амьдарч байна. Үүнээс өөр жаргал байхгүй биз ээ” хэмээн дурсамжаа үлдээжээ.
      Ийнхүү Халхын голын байлдаанд фронтын сувилагчаар ажиллаж, өөрийн төрөлх сумандаа төрөх тасгийг байгуулан эх баригч, сувилагчийн албыг 30 гаруй жил тасралтгүй хашсан "Ихтамирын "өрлөг ээж”-ийн гавьяаг үнэлэн Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 13 дугаар тогтоолоор эл аймгийн Ихтамир сумын хүн эмнэлгийг дайнд оролцсон ахмад дайчин Цагааны Банзрагчийн нэрэмжит болгожээ.
     Нийтлэлийн баатрын маань алдар гавьяа, амжилтыг нь мөнхөлсөн зарим баримт, одон, медалийг нь түүний охин Ц.Данягийн хүсэлтээр Монгол цэргийн музейн сан хөмрөгт хадгалалтад авч, түүхт ойн баяруудын үеэр иргэд, олон нийтэд сурталчилж байхаа тус музейн захирал, хурандаа Д.Ганзориг онцолсон юм.
Халхын голын байлдаанд оролцож явсан эрэлхэг бүсгүй, эрхэм сувилагчийн талаар тодруулахад ийм буюу.
МСНЭ-ийн шагналт сэтгүүлч, МУСТА, хурандаа Б.ОТГОНБАЯР

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News