Н.Цэрэнбат: Чангаар хашгирсан нь баатар болдоггүй » Төр.мн

Н.Цэрэнбат: Чангаар хашгирсан нь баатар болдоггүй

 
УИХ-ын гишүүн Н.Цэрэнбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газрыг огцруулах бичгийг танай намын гишүүд өргөн барьсан. Таны хувьд улс төрийн энэ акцыг хэрхэн дүгнэж байна?

-Монголын улстөрийн намууд намын бодлого, шийдвэрээр улс орноо байгаа түвшнээс нь ахиулна гэсэн зорилготойгоор тухайн намын гишүүдээ нэр дэвшүүлдэг. Сонгогдож гарч ирсэн УИХ-ын гишүүн нь улс эх орон, нийтийн эрх ашгийн төлөө ажиллана гэж тангараг өргөдөг. 2016 оны сонгуулиар Монголын ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж 65 суудал өгсөн. Ард түмний итгэлээр сонгогдсон МАН Засгийн газраа байгуулж ажилласнаар нэг жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд бид цаг хугацаа тулсан бондын өрийн дарамтаас гарсан.  Орон нутгийн болон, 2017 оны улсын төсөвт батлах, Ерөнхийлөгчийн  сонгууль гээд дөрвөн том шалгуур дунд Засгийн газар МАН-ын амласан мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажлаа хийж ирсэн. Харамсалтай нь, МАН-ын үе үеийн Удирдах зөвлөлд ажиллаж байсан, удирдах албан тушаал хийж байсан, олон жил МАН-ын толгойд ажиллаж байсан хүмүүс өөрсдийн байгуулсан Засгийн газрыг сөрөг хүчинтэй нийлж огцруулах асуудлыг өргөн барьсан. Нэг талаас нь харахад эх орноо  аврах гэж байгаа юм шиг боловч өмнөх алдаанаасаа буцдаг, өөрсдийнхөө үүрэх ёстой хариуцлагаас мултардаг ужиг өвчин Монголын улс төрийн эмгэг болжээ. Засгийн газар огцруулах асуудал эхлээд намын хариуцлага, дараа нь УИХ дахь бүлэг өөрсдөө хариуцлагын асуудал ярих ёстой. Түүний дараа биднийг төлөөлж ард түмэнд бидний амлалтыг хэрэгжүүлэх ёстой Засгийн газартай хариуцлага тооцох ёстой. Хэн нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон удаа орилж, чарласан нь ард түмний итгэлийг авдаг асуудал биш. Бид энэ байдлыг засах ёстой. Хамгийн эмзэглүүштэй нь Монголын улстөрийн намын залуучууд олон жил улстөрд явсан ахмадуудынхаа хагалан бутаргалтан дунд  өөрсдийгөө хорлож байгаад харамсч байна.

-Засгийн газрыг огцруулах үндэслэлтэй та санал нийлж байна уу. Засгийн газрыг огцруулах нь нэн тулгамдсан асуудал мөн үү?

-Шинэ зуунд Монголын олон залуучууд дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн шинэ санаачлага, шинэ бүтээл туурвих хүслээр Монголын олон залуучууд дор бүрнээ ажлаа хийж байхад тулгамдаж буй асуудлыг нь шийддэг хүмүүс хэт давалгаанд, тоо баримтгүй, хов яриаг факт болгож ашиглаж, улстөрийн хариуцлага тооцдог асуудлаас салах ёстой. Засгийн газарт хариуцлага тооцох хугацаа бидэнд хангалттай бий. Гэхдээ цаашид ямар үнэт зүйл, шалгуураар явах юм бэ гэдэг өнөөдөр тодорхойгүй байна. Бид одоогийнхоос илүү гоё ирээдүйг хүсч байна. Гэтэл бидний одоо байгаа нөхцөл, болохгүй байгаа зүйл нь юу вэ гэдгийг хурдан шийдвэрлэх ёстой. 65-уулаа нэг ч эсэргүүцэлгүйгээр сонгож байсан Засгийн газрыг огцруулах асуудал бол нэн тулгамдсан асуудал биш. Хэн нэгэнд тунихаараа Засгийн газраа огцруулдаг байж болохгүй. Хэн нэгнийг илүү үзэхээрээ хов ярьж, тэр хов нь ард түмэнд хүрч, хөгжил биш хов ярьсаар урагшлах биш ухарч байна гэдгийг л бодох хэрэгтэй. Зарчмын хувьд бид УИХ дах бүлгийн хурал дээр Засгийн газрын сайд нарын алдаа, дутагдал, хариуцлага хүлээлгэх асуудлыг ярих ёстой байсан. Гэвч өнгөрсөн хугацаанд нэг ч удаа бүлгийн хурал дээр нэг ч сайдад хариуцлага тооцох асуудал яриагүй нь Засгийн газрыг огцруулах шуурганы алдаа нь гэж харж байна. Хэн Төрийн ордонд шүдэнз зурж, түймэр тавив. Энэ түймрийг яаж унтраах вэ, энэ түймэр байнга ассаар байх уу. Ямар үнэт зүйл дээр Монголын ард түмэн төрийн түшээдийг одоо, ирээдүйд шүүх юм бэ. Энэ дэнсийг бид одоогийн нөхцөл байдлаар таслах ёстой. Нэг талаасаа Монголын төр, ард иргэдийн түүхийн нэг шалгуур болж байна. Цаашид популист байдлаар явах уу, бодлого ярьдаг багийн тоглолтоор явах юм уу гэдгээ одоо зөв тодорхойлох ёстой. Нөгөө талаас сонгогдох болохоор нам гэж гүйгээд, сайд авах болохоор нам хамаагүй гэдэг зарчим МАН-д үйлчлэх ёсгүй.

-Тэгвэлт бодлого ярьдаг багийн тоглолтоор явахын тулд яах ёстой юм бэ?

-Бид ямар шалгуур, үнэт зүйл дээр цаашид явах вэ гэдгээ зөв тодорхойлох ёстой.

-Шадар сайдыг тагнасан, чагнасан асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх нь нь буруу, зөв гээд сөрөг хүчин болон гарын үсэг зурсан гишүүд хэлж байсан?

-Ерөнхий сайдыг огцруулах асуудалд тусгай хяналтын дэд хорооны асуудал хамаагүй гэж зарим гишүүд хэлж байна лээ. Цаашид олон сайд нар, төрийн түшээд бие биесээ тагнаж, чагнадаг, түүнд нь хууль хяналтын байгууллага оролцоод явбал яах вэ гэдгийг энэ удаагийн Шадар сайдыг чагнасан эсэх асуудлаар цэг тавих ёстой. Хэн нэгэн эрх мэдэлтэй сайд нь харьяа байгууллагадаа үүрэг даалгавар өгч, тагнах, чагнах ажиллагаа явуулах юм бол Төв азийн цээжин дэх ардчилсан улс юу болох вэ гэдгийг  таслахын тулд Тусгай хяналтын хороо энэ асуудлыг авч хэлэлцэх, бусад холбогдох байгууллагуудаас нь тагнасан, чагнасан асуудлын талаар бодит мэдээллийг УИХ-ын гишүүдэд хаалттай танилцуулаач гэсэн саналтай байгаа юм. Энэ мэдээллийн ард хэн нь буруутай, хэн нь зөв гэдэг талаар мэдээлэлтэй нэг ч хүн байхгүй байна.   

-Засгийн газар тогтворгүй байх нь ямар үр дүн авчирдгийг АН тод харуулсан. Гэтэл энэ алдааг МАН давтаж байна гэж шүүмжлэх хүмүүс их байна?

-Засгийн газраа олон удаа огцруулсан Ардчилсан намын алдаа боловч монголчууд бидний алдаа. Тэд ямар үнэт зүйл дээр дараагийн Засгийн газрыг байгуулсан эсэхийг одоо ч мэдэхгүй байна. Би Монголын залуу үеийн төлөөлөл. Надтай ижил амьдралтай, хөдөлмөр эрхэлж байсан олон залуучуудын төлөөлөл учраас энэ олон залуучууд юунд итгэж цаашид явах вэ гэдэг л чухал. Түүнээс энэ олон залуучуудыг чи тэрний дүү, энэний дүү гэж хагалан бутаргах биш үнэт зүйл, зарчим дээрээ нэгдэх ёстой. Засгийн газар тогтвортой байх нь Монгол Улсын нэр хүнд. Нэр хүнд гэдгийг хамгийн энгийн бодитоор тайлбарлавал, бид өртэй байгаа, бидний зээлэх мөнгөний хүү буурна гэсэн үг. 2016 оны сонгуулийн дараа МАН эх орноо алдаа дутагдлаа засах байх  гэдэг үүднээс Засгийн газар ажлаа хийсэн. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын зээлийн хүү буурсан нь тогтвортой байгаагийн хожил. Гэвч тогтвортой нэрийн дор алдаа дутагдлыг нуух асуудал байж болохгүй гэж би бодож байна. Бид улстөрийн, эдийн засгийн амаргүй цаг хугацааны шалгуурын нэгхэн жилийн ард гарч байна. Одоо харин өнгөрсөн нэг жилийн алдаа дутагдлыг МАН-ын бүлэг дээр хэлэлцээд, тухайлсан сайд нарт нь хариуцлагын асуудлыг ярих нь бидний хүсч буй нийгмийн нэг илэрхийлэл болох байх.

-МАН-ын 65 гишүүн нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй явсаар өнөөдрийн хүрлээ. Хоёр тал ширээний хоёр талд суугаад тодорхой шийдвэрт хүрэх бололцоог МАН-ын удирдлагын зүгээс эрэлхийлж байгаа юу?

-Бүлгийн хурал хоёр удаа зарласан боловч Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд орж ирээгүй. Өөрсдийнхөө итгэл үнэмшлээр Засгийн газрыг огцруулах асуудлыг шийднэ гэсэн. Гэтэл Монголд улстөрийн намууд УИХ-д бүлэг байгуулж, төрийг авч явдаг. Ороод, гараад явдаг гишүүд сайд нар биш тухайн улстөрийн интитуци Монголын ард түмний өмнө хариуцлагаа үүрээд явдаг. Ороод гарсан хүмүүс нь тусдаа нам байгуулаад явдаг. МАН-ын гишүүн болж, намын бодлого тодорхойлдог Бага хурлаас тодорхой итгэл хүлээж УИХ-д сонгогдохдоо энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж гарын үсэг зурсан хүмүүс, бид. Түүнээс бид ийм сайд болох байсан юм гэж асуудалд хандаж болохгүй. Засгийн газрыг огцруулах олон хүн гарын үсэг зурсан нь үнэн. Тэдний өргөн барьсан шаардлагынх нь нэг Засгийн газрын танхимын гишүүн Шадар сайдыг тагнасан, чагнасан асуудлыг хэлэлцэх гэхээр орж ирдэггүй. Бид хэдэн ч Засгийн газар огцруулж болно. Монголын ард түмэн аль ёс зүйд итгэх, сонголт нь юу болох вэ гэдгийг бодох ёстой.  Чангаар хашгирсан нь баатар болдоггүй. Тиймээс олон хүнийг зөв зүйл рүү авч явж байгаа хүмүүсийг бид дэмжих ёстой.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн хариуцлагыг гүйцэтгэх засаглалаасаа хариуцлага нэхэж байгаа нь буруу гэж шүүмжлэх хүмүүс байгаа?

-Нам сонгуулийн үр дүнгийн хариуцлага хүлээх талаар ямар нэг шийдвэр гаргаагүй. Намын дарга Бага хурал хуралдуулж, сонгуулийн дүнг хэлэлцэх ёстой. Намын сонгууль удирдсан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээх ёстой. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэлтээ өгсний дараа бүлэг төлөөлж байгаа Засгийн газартай хариуцлагын асуудлыг ярьж, шийдэл гаргах ёстой.

-Огцруулах шаардлагад тусгагдсан асуудлыг эхлээд бүлэг дээр хэлэлцэж дэмжсэн учраас Засгийн газар хэрэгжүүлсэн байх. Гэтэл өнөөдөр олонхоороо гаргасан шийдвэрээ буруу гэж Засгийн газраа огцруулах гэж байгаа нь?

-Ардчиллын нэг зарчим бол олонхоороо гарсан шийдвэрийг цөөнх байсан ч биелүүлэх. Орчин үеийн амьдралын зарчим. Олонхын шийд гарсан бол түүнийг дагах ёстой.

-Засгийн газар огцорлоо гэж бодъё. Цаашид юу болох вэ?

-Ямар зүйл, ямар зарчмаар дараагийн Засгийн газар бүрдэх вэ. Засгийн газрын буруу, огцруулах ёстой л гэж яриад байгаа болохоос яг юу нь буруу байсан бэ, тэгвэл тэр бурууг яаж засах вэ гэдэг нь өнөөдөр тодорхойгүй байна. Хүн эмчид үзүүлэхэд шинжилгээ өгөх, зураг авхуулах гээд шат дараатай үзлэг хийдэг. Гэтэл энэ 30 гишүүн шууд л мэс засалд орно гээд зүтгээд байгаа юм. Мэс засалд ороход зүрхний хэм ямар байх, цусны эргэлт ямар байна вэ гэдгийг хэн анхаарах юм бэ. Зүйрлэж хэлбэл ийм л байна. Бид Монголын ард түмний төлөөлөл гэдэг нь үнэн ч төгс төгөлдөр биш. Цаашид бага алдаа гаргадаг байхын тулд зарчмаараа явах ёстой гэж залуу гишүүний хувьд бодож байна. Түүнээс Н.Цэрэнбат гарын үсэг зураагүй учраас Засгийн газрыг хамгаалж байгаа асуудал биш. Хэн буруутай вэ гэдэг талаар ямар ч мэдээлэлгүй учраас эхлээд тагнасан, чагнасан асуудалд хэн буруутай вэ гэдгийг сонсох хүсэлт л гаргасан.

-Ерөнхий сайд шаардлагатай бол УИХ-аас итгэл үзүүлэх асуудлыг хүснэ гэдгээ хэлсэн. Бүлэг нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байгаа ийм үед асуудлыг шийдэх өөр гарц бий юу?

-Хүн хүүхэд нь муу сурахаар сайн сураасай гэдгээс биш сургуулийг нь сольдоггүй шүү дээ. Монголын улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд алдаа гаргаад Засгийн газраа солиод нуугдаад байгаатай л ижил. Бид өөрсдийгөө тэгж хуурч яах юм бэ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News