Б.ДАШЦЭРЭН: Барилгын чанар, иргэдийн сэтгэл ханамжаас манай компанийн үнэ цэнэ тодорхойлогдоно » Төр.мн

Б.ДАШЦЭРЭН: Барилгын чанар, иргэдийн сэтгэл ханамжаас манай компанийн үнэ цэнэ тодорхойлогдоно

 Монгол улсын бизнесийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Даадаа группийн ерөнхий захирал Б.Дашцэрэнтэй ярилцлаа. Тус компани хөдөө аж ахуй, барилга, газар тариалан, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ удаа бид орон нутагт хэрэгжүүлж буй хоёр томоохон төсөл болох орон сууцны төслийг онцолж байна.
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ҮНЭ ЦЭНЭТЭЙ ЗҮЙЛИЙГ БИЙ БОЛГОХЫГ ХҮСЭЖ БАЙНА
-Сайн байна уу? "Даадаа групп”-ийн хувьд олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Юуны түрүүнд орон нутагт хэрэгжүүлж буй орон сууцны томоохон төслийн үйл явцаас яриагаа эхэлье. Дундговь аймагт хамгийн анхны тодотголтой барилгын ажил эхлүүлсэн байна. Энэ тухай яривал?
-"Даадаа” группийн хувьд 2018 оноос барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байна. Бид Дундговь аймгийн Сайнцагаан сумын долдугаар багийн нутагт тус аймгийн анхны 10 давхар орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна. Барилгын ажил одоо 15 хувьтай явагдаж байгаа. Энэхүү барилга маань Дундговь аймагт баригдаж байгаа хамгийн анхны 10 давхар барилга гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн анхны лифттэй, хүүхдийн тоглоомын талбай, үйлчилгээний төвтэй гэх мэт.  Манай улс залуучуудын орон. Энэ утгаараа орон нутаг руу залуучуудыг татах, орчин нөхцөлийг нь бүрдүүлж УБ хотод амьдарч буй мэт сэтгэгдэл төрүүлэхүйц үүднээс бид энэ чиглэлд хандаж ажлаа хийж байна. Манай барилга 2 давхар хүртлээ үйлчилгээний төвтэй. Залууст зориулсан фитнесс төв, ресторан, банк санхүүгийн байгууллагад зориулсан талбайнууд гээд бүх л зүйл нэг дор байрласан байхаар зураг төсөл нь батлагдсан. Нийт 56 айлын орон сууц баригдана. Дэд бүтцийн ажил орон нутгийн дэмжлэгтэйгээр хурдтай шийдэгдсэн. Ирэх хавраас барилгын ажил илүү хурдтай өрнөнө дөө.
- Тус орон сууцанд хамрагдахад орон нутгийн иргэдэд ямар нөхцөл шаардлага тавьж байгаа вэ?
-Орон нутаг дах бүтээн байгуулалтыг стандартын дагуу маш чанартай барина. Бид урьдчилсан захиалгыг нэгдүгээр сарын 25-наас авч эхэлнэ. Гэхдээ эхлээд "мөнгө өг” гэдэг хэлбэрээр ажиллахгүй. Гурван давхрын 15 тоот айл байлаа гэхэд 4-5 айлын саналыг эхлээд авна. Хэдэн өрх орохыг сонирхож байгаа зэрэг судалгаа явуулсны дараа метр квадратын үнийг санал болгоно. Мэдээж м2-ын үнэ зах зээлийн ханштай уялдсан байх болно. Тус үнийн саналыг хүлээн авч байгаа өрхтэй гэрээ байгуулан борлуултаа хийх юм. Манай группийн охин компани болох До моторс компани автомашин лизингийн үйлчилгээ үзүүлдэг. Орон нутгийн барилгаас худалдан авч буй залуу гэр бүлүүдээ дэмжих зорилгоор хэдэн хувийн урьдчилгаа хийснээс нь хамаараад 10-15 хувийн хөнгөлөлттэй үнээр автомашин худалдан авах урамшууллыг давхар зарлаж байгааг дуулгахад таатай байна. Дундговь аймгийн хувьд энэ жил бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Яг манай барилгатай залгаад хөгжимт драмын театр, цэвэрлэх байгууламж, дулааны станц, залуус хороолол гээд бүтээн байгуулалтууд өрнөж байна. Энэ бүгдээс хамгийн өндөр барилга гэдгээрээ манай бүтээн байгуулалт онцлог юм.
-Залуус маань нэг хэсэг Улаанбаатар хот, суурин газар бараадах болсон үетэй харьцуулахад орон нутагтаа ажиллаж, хөдөлмөрлөх сонирхолтой болсон байна лээ.
-Яг тийм. Орон нутаг гэхээр л хөдөө гэсэн ойлголтоос салах хэрэгтэй. Манай аймгийн төвүүд, сумууд хэрхэн хөгжиж байгаа билээ дээ. Орон нутгийн иргэдэд ая тухтай амьдрах орчныг бүрдүүлж өгөхийн нэг давуу тал нь Улаанбаатар хот руу нүүдэллэх явдлыг бууруулах. Тиймээс бид барилгын салбарт хөл тавихдаа Улаанбаатар бус орон нутгийг сонгосон. Энэ бол орон нутагт ажиллаж буй залуучуудыг тогтвор суурьшилтай ажиллах төр засгийн бодлого шийдвэртэй уялдуулж оруулж буй хувь нэмэр гэж Манай захирлын зөвлөлийн гишүүд үзэж байгаа. Дундговийн барилга маань манай компанийн эхний том бүтээн байгуулалт учраас орон нутгийнхаа иргэдэд үнэ цэнэтэй зүйлийг бий болгохыг хүсэж байна. Уг барилгын чанар, оршин суугчдын сэтгэл ханамжаас манай компанийн барилгын үйл ажиллагаа үүх түүх, үнэ цэнэ нэмэгдэнэ шүү дээ.

-Даадаа групп Дундговь аймгаас гадна Төв аймагт залуусыг дэмжих зорилгоор 120 айлын орон сууц барьж эхэлсэн байна лээ?
-Төв аймаг газар нутгийн хувьд Улаанбаатар хоттой ойр болоод ч тэр үү хөгжлийн хувьд хоцрогдмол гээд хэлчихвэл буруудахгүй болов уу. Гэхдээ аймгийн удирдлагуудын зүгээс иргэдийн амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс нэлээдгүй олон ажил өрнүүлж байгаагийн нэг нь залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөр юм. Манай компани сонгон шалгаруулалтаар 30 айлын дөрвөн блок буюу нийт 120 айлын орон сууцны ажлыг хийж гүйцэтгэнэ. Барилга, бүтээн байгуулалтын ажил энэ хавраас эхэлнэ. Төв аймгийн засаг даргын тамгын газар, Төрийн банк, Манай компанийн хоорондын  гурвалсан гэрээ байгуулах үйл явцад хуулийн баг ажиллаж байна.
30 айлын орон сууцны  блок болгоноос нэг орон сууцыг аймаг орон нутгийнхаа хэрэгцээнд авч үлдэнэ. Энэ бол төрийн орон сууцны корпораци түрээсийн орон сууц хэлбэрээр авч үлдэнэ гэсэн үг. Нэг блок байрны 25 айлын орон сууц дээр Төрийн банк 1.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгох асуудлыг шийдэж өгсөн байгаа. Төв аймагт харьцангуй хурдан хугацаанд барих боломжтой гэж үзэж байгаа. Хамгийн эхний барилга 2020 оны дөрөвдүгээр улиралд багтаж ашиглалтад орох гэрээтэйгээр ажиллаж байна.
VIP АЯЛЛЫН ХӨТӨЛБӨРӨӨР ЖУУЛЧДЫГ ТАТНА 
-Барилгын компаниуд ихэвчлэн хурдан борлогддог гэдэг утгаараа Улаанбаатар хотыг сонгодог. Танай компани яагаад орон нутгийг сонгох болов?
-Манайх шиг жижгээс дунд төвшин рүү шилжиж байгаа аж ахуй нэгжүүдийн  хувьд УБ хотод орон зай олдоно гэдэг зах зээлийн хувьд тун хэцүү. Харин орон нутагт бид өөрсдийн гэсэн хүрээлэл, бүтээн байгуулалт  бий болгох бүрэн боломжтой. Зөвхөн УБ хотод Монгол Улсын иргэд амьдраагүй шүү дээ. Зах зээл хаана байна бид тэнд байх ёстой. Орон нутгийн зах зээл УБ хотыг бодвол жижиг боловч дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулж байгаа хувь нэмрээрээ дутаад байхгүй.
Дундговь аймагт баригдаж байгаа барилга дээр бид өөрсдийн хөрөнгөөр барьж байгаа. Төв аймагт баригдах барилгыг концесс хэлбэрээр буюу эхлээд компани өөрсдийн хөрөнгөөр барина. Борлуулалт дээр нь Төрийн банк ипотекийн зээл олгоно. Энэ барилгын хувьд борлуулалт нь тодорхой учраас оруулсан хөрөнгө оруулалтаа хурдан нөхөх боломжтой гэж харж байгаа. Гэхдээ хэр баргийн компаниуд орон нутаг руу зориглож ороод байдаггүй.
Дундговь аймгийн барилга дээр гэхэд 6 тэрбум төгрөгийн санхүүжилт зайлшгүй шаардлагатай. Иймд бид энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг компанийн бусад салбар, бизнесээс болон захирлын зөвлөлийн хөрөнгө, банкны зээлээр босгож байгаа болохоор богино хугацаанд чанартай гүйцэтгэж ажиллана.
-Тус компанийн хувьд барилгын салбар, хөдөө аж ахуй, аялал жуучлал зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулж байна. Зуны гэлтгүй өвлийн аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа энэ үед Даадаа групп аялал жуулчлалын ямар бодлого барьж байна вэ?
-Манай байгууллагын хувьд аялал жуулчлалын салбарт гадаадаас жуулчин хүлээж авах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. VIP хэлбэрээр аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ төсөл хэрэгжүүлж  байна. Өнгөрсөн жил дэлхийн эмэгтэй гайд, эмэгтэй скаутын холбоо Монголд салбараа байгуулсан. Энэ байгууллагад би удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладгийн хувьд Малайз улсын гүнжийг Монголд урьсан. Үүнд зүүн өмнөд азийн 7 орны зочид төлөөлөгчид ирсэн. Энэ бол Монгол улсыг сурталчлах нэлээн том хэмжээний, өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа болсон.
Одоо судалгааны төвшинд бид  Дундговь, Завхан аймгуудад VIP аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. VIP гэдэг утгаар бид ямар жуулчид Монгол ирэх сонирхолтой байна гэдгийг тооцож урилга явуулна. Энэ хүрээнд гадны төрийн нөлөө бүхий эрхмүүд, бизнесийн төлөөллийг урьж оролцуулах төлөвлөгөөтэй байгаа. Тэр хүмүүс маань урилга хүлээн авсан тохиолдолд зөвхөн тухайн хүнд зориулсан аяллын хөтөлбөр гаргана гэсэн үг. 
-Мэдээж VIP гэхээр тухайн хүнд зориулсан аяллын хөтөлбөр байж таарах нь. Тухайлбал энд ямар маршрут багтах бол?
-Тухайлбал Дундговь аймгийн Бага газрын чулуу гэх цуурайтдаггүй өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнтэй  газар бий. Тухайн аялагч маань Улаанбаатар хотод нисдэг тэргээр ирж  мөн бага газрын чулуу орчимд нисдэг тэргээр бууж, зөвхөн тухайн хүнд зориулсан гал тогоо, монгол үндэсний хоол, Монгол ардын дуу, хөөмий, язгуур урлаг зэрэг тоглолтыг хүргэнэ. Гэх мэтчилэн богино хугацаанд аялах сонирхолтой аялагчдад зориулсан хөтөлбөрийг гаргаж байна.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
ТӨР.МН
Б.БАДАРЧ


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News