Кунсткамерад суурьшсан Монгол ахуй » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

Кунсткамерад суурьшсан Монгол ахуй

2018-06-20
 
Санкт-Петербург буюу гэгээн Петрийн хот монгол судлал, Монголын соёлын өвийг хамгаалах чиглэлээр дэлхийд тэргүүлдэг. Аль тэртээ 1850-аад оноос эхлэлтэй Оросын эрдэмтэн судлаачдын олон экспедиц Монголыг зорьж, кинонд гардгаар "тэмээнд чулуу ачиж зөөсөөр" энэ их өв санг Нева мөрний хөвөөнөө цуглуулсан байна.

I Петр хааны зарлигаар 1714 онд байгуулсан Кунсткамера хэмээх гайхалтай музей Санкт-Петербург хотод байрладаг. Дэлхийд алдартай энэхүү музей сан хөмрөгтөө нэг сая гаруй үзмэртэй. Оросын анхны гэх тодотголтой Кунсткамера музейн Монголын тасаг, сан хөмрөгөөс Монголын туүхтэй холбоотой хосгүй ховор эд өлгийн зүйлс, нийтэд үзүүлж байгаагүй хуучны гэрэл зургуудыг харах боломжтой. Этгээд хачирхалтай үзмэрүүдээрээ алдартай энэ музейд өнгөрсөн зууны эхэн үеийн Нийслэл хүрээнийхний гэрэл зургаас эхлээд тэр үеийн монголчуудын амьдралыг дурсэлсэн баримал сэлт ч бий. Чингисийн үеийн мөнгөн гэрэгэ, бурхад, эмээл, хазаарын алт, мөнгөн тоног гээд олон сонин үзмэрийн зэрэгцээ Жа лам хэмээн алдаршсан Лувсандамбийжанцаны толгойг Кунсткамерад өнөөг хүртэл хадгалж байна.
 
Жа ламын толгойг тухайн үед Монголд байсан судлаач В.Казакевич 1925 онд Улаанбаатар дахь Зөвлөлтийн дипломат удирдлагуудын тусламжтайгаар гааль болон хилийн хяналтгүй онцгой эрх бүхий Элчин сайдын ачаа болгон тухайн үеийн Ленинград одоогийн Санк-Петербург хот дахь угсаатны зүйн музейд авчирчээ. Одоо энэ толгой нь Кунсткамерын сан хөмрөгт № 3394 "Череп монгола" гэсэн шошготой хадгалагдаж байна. Жа ламын толгойг олон нийтэд үзүүлдэггүй бөгөөд антропологийн судалгаанд ашигладаг аж. Кунсткамерын сан хөмрөг дэх Монголын тасагт уламжлалт хувцас, гэр ахуйн сав суулга, гоёл чимэглэл, хөгжмийн зэмсэг, гар урлал, үндэсний урлаг эд зүйлсийг дэлгэн тавьжээ. Тухайн хэсэгт Азийн нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал, соёлыг харуулсан олон үзмэр бий. Тухайлбал, уламжлалт сууц болох эсгий гэрийн загвар, буддын шашны нууцлаг ертөнц гэгддэг цамын багийн цуглуулга үзэгчдийн анхаарлыг татдаг аж. Мөн XIX зууны монгол лам нарын эдлэл хэрэглэл, XVIII зууны үед зурсан Очирваань бурхны танка зургийг Кунсткамерад хадгалж байна. Түүнчлэн дархад бөөгийн хувцас хэрэглэл ч бий. Оросын антропологи, угсаатны зүйн Кунсткамера музейн сан хөмрөг болон Монголын тасагт хосгүй ховор эд өлгийн зүйлсээс гадна бидний түүхийг өгүүлэх, хэвлэлд нийтлэгдэж байгаагүй гэрэл зургийг харах боломжтой. Тус музейн эрдэм шинжилгээний зөвлөлөөс ХIХ зууны хоёрдугаар хагаст Монголын нутгаар аялсан орос аялагчдын авсан гэрэл зургийг каталоги болгон хэвлүүлжээ.
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

скачать dle 10.3фильмы бесплатно
Хэн нь хамгийн поп улс төрч вэ?