Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломж судлах уулзалт болов » Төр.мн

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломж судлах уулзалт болов

 
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны баг байгуулах асуудлаарх хоёр дахь удаагийн зөвлөлдөх уулзалт 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдав.
Уулзалтад ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан, Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны бодлогын газрын захирал А.Э.Кудасов нар хоёр талын төлөөлөгчдийг тэргүүлж оролцов.
Энэ удаагийн уулзалтаар талууд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах үр ашгийг судлах Хамтарсан судалгааны багийг Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд, Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комиссын Зөвлөлөөс шаардлагатай шийдвэрүүдийг гаргасны дараа байгуулахаар зарчмын тохиролцоонд хүрч, хамтарсан судалгааны багийн ажлын даалгаврын төсөл, түүний дотор хамтарсан судалгааны багийн бүрэлдэхүүн, судлах асуудал, боловсруулах баримт бичгийн талаар зөвшилцөлд хүрэв.
Дэлхий нийтийг хамарсан шинэ төрлийн коронавирусын цар тахал гарч, манай хоёр тал өвчний тархалттай тэмцэж буй хүнд хэцүү цагт хоёр талын зөвлөлдөх уулзалтуудыг цаг алдалгүй зохион байгуулж байгаа нь Монгол-Евразийн эдийн засгийн холбооны харилцан ойлголцол дээд түвшиндээ хүрснийг нотлон харуулж байна гэж талууд дүгнэв. Мөн цар тахлын нөхцөл байдал нь чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хоёр талын хамтарсан судалгааны ажил болон цаашдын үйл ажиллагаанд саад учруулах ёсгүй гэдэгт талууд санал нэгдэж, цаашид хоёр талын хамтын ажиллагааг улам бүр урагшлуулахын төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллахаа нотлов.
Эх сурвалж: ГХЯ

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News