Индонезийн оршин суугчдын гуравны нэг орчим нь вакцинд үнэгүй хамрагдана » Төр.мн

Индонезийн оршин суугчдын гуравны нэг орчим нь вакцинд үнэгүй хамрагдана

СИНГАПУР. /The Jakarta Post/. Индонезийн бага орлоготой 98 сая орчим оршин суугчийг коронавирусний вакцинд үнэгүй хамруулна гэж тус улсын Шинжлэх ухааны судалгаа, технологи, дээд боловсролын сайд Бамбанг Броджонегоро мэдэгджээ. 
"Иргэдээ хамгаалах нийгмийн хөтөлбөрт оролцогч 97-98 сая орчим хүн вакцин үнэгүй авна. Хүн амынх нь тоо 270 саяд хүрэхээ дөхөж буй Индонезийн хувьд бусад иргэнд мөн тусламж үзүүлэх хувилбарыг засгийн газар авч хэлэлцэнэ” хэмээн тэрбээр хэллээ.  
Одоогоор Индонезийн шинжлэх ухааны байгууллагууд вакцины хөгжүүлэлт хийж байгаа бөгөөд вакциныг ирэх оны дундуур олноор нь үйлдвэрлэж магадгүй байна. Тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодогийн тогтоолд тусгаснаар, вакцин  гарган авахад зориулж төсвөөс 2.5 тэрбум орчим ам.долларыг зарцуулж байгаа аж.
Өөрсдийнх нь вакцинаас гадна Хятадын "Sinovac Biotech” компанийн вакцины эмнэлзүйн туршилт Индонезид явагдаж байна. Тус компани оны эцэс гэхэд 20 сая тунг худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа бол ирэх онд 250 сая орчмыг гаргахыг зорьжээ. 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News