Канадын хэвлэл 21 жилийн дараа уулзсан монгол аав охиныг онцлов » Төр.мн

Канадын хэвлэл 21 жилийн дараа уулзсан монгол аав охиныг онцлов

 
Канадын "CBC” телевиз 21 жилийн дараа уулзаж буй монгол аав охин хоёрыг онцолжээ. "21 жил уулзаагүй аав охин хоёр Талархлын баяраар уулзаж байна” хэмээн гарчигласан уг мэдээ тус улсын хэвлэл мэдээлэл төдийгүй цахим сүлжээнд цацагдаад байна.
Канадын Калгари хотод "La Farge” компанид хүнд даацын машины механикчаар ажилладаг Н.Басаа гэх монгол залуу өдгөөгөөс 22 жилийн өмнө монгол зах зээлийн нийгэмд шилжих үеэр Канад улс руу цагаачилжээ.
Найз нөхөд, хамт ажиллагсдынхаа дунд Билли гэгддэг тэрбээр тухайн үед нэгэн бүсгүйтэй үерхэж байгаад Канад руу явсан байна. Канадад ирээд удалгүй монгол дахь найз нөхөд, ар гэрийнхнээсээ холбоо тасарчээ. Ингээд Канадад ирээд нэгэн бүсгүйтэй гэр бүл болж, амьдрал ахуй нь ч жигдэрч, нам жим амьдарч байтал 2014 онд гэнэтийн мэдээ сонссон байна. Монголд байхдаа үерхэж байсан бүсгүй нь түүнтэй онлайнаар холбогдож, тэд олон жилийн өмнө түүнийг Канад руу явсны дараахан охинтой болсон талаар хэлжээ.
Түүний охиныг Индра гэдэг бөгөөд охин 2018 онд аавтайгаа уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Н.Басаа цагаачлалын албанд хандаж, охиноо өөр дээрээ авах талаар судалж эхэлсэн байна.
Ийнхүү хоёр жилийн дараа аав охин хоёрын хүсэл биелэлээ олж, 21 настай Индра охин анх удаа аавтайгаа уулзжээ. Индра охин энэ сарын 12-ны өдөр коронавирусээс урьдчилан сэргийлэх тусгаарлалтаас гарч аавтайгаа болон шинэхэн эгч дүүстэйгээ уулзсан байна.
Өнгөрсөн есдүгээр сард Холбооны засгийн газар цагаач иргэдийг гэр бүлийн гишүүдэд нь байнгын оршин суух хүсэлт гаргах боломжийг анх удаагаа олгож, туршилтын хөтөлбөрийг эхлүүлсэн юм. Индра охин энэ хөтөлбөрт хамрагдаж, Холбооны Засгийн газар түүний өргөдлийг таван сарын хугацаанд шийдвэрлэжээ. "Би туйлын их баяртай байна. Маш олон хүмүүс ийм байдалд байгаа тул Засгийн газар туршилтын хөтөлбөрийг сунгана гэж найдаж байна" хэмээн Калгари хотын Цагаачлалын албаны зөвлөх Саха хэлэв.
Охинтойгоо уулзсан талаар Н.Басаа "Энэ явдал бидний хувьд хамгийн аз жаргалтай мөч байлаа. Үнэхээр итгэмээргүй, зүүд мэт байлаа. Энэ жилийн Талархлын баяр миний амьдралын хамгийн мартагдашгүй өдөр болж байна. Юу мэдэрч байгаагаа илэрхийлж чадахгүй нь. Коронавирусийн тусгаарлалт үнэхээр удаан байлаа. Би зүгээр л охиноо тэврэхийг хүссэн” хэмээн ярьжээ. Мөн тэрбээр Канад улс түүнд одоо байгаа бүхнийг өгсөн. Хүн өөрөө хөдөлмөрлөж чадвал бүх зүйл сайхан болно. Охинд нь ч гэсэн энэ бүх боломж нээлттэй байгааг онцолсон байна.
Харин Индра охин 21 жилийн дараа анх удаа аавтайгаа уулзсан талаараа "Би үнэхээр их сандарч байна. Өөр хэлэх үг алга. Би маш их сандарсан” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: CBC.CA

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News