А.Сүхбат бөхийн өргөөг авах гэж 13 жил шунасан » Төр.мн

А.Сүхбат бөхийн өргөөг авах гэж 13 жил шунасан

 
Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс ээлжит бус "Их эе” хурлыг маргааш хуралдуулах тухай тов зарласан. Гэсэн ч тус холбооны тэргүүн Р.Нямдорж хуралдах хууль зүйн үндэслэлгүй талаар мэдээлэл хийлээ.
 
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны зургаадугаар сарын 24-нд МҮБХ-ны цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулжээ. Хурлаар Үндэсний бөхийн "Их эе” хурлыг энэ сард хуралдуулахаар шийдвэрлэсэн ч МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хуралдуулахгүй тухай мэдэгдэл гаргаад байна.
 
Энэ талаар тэрбээр "Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулах  үйл ажиллагаанд А.Сүхбат, Ж.Ганболд, Д.Амгаа, Х.Баянмөнх нар хөндлөнгөөс оролцон, гишүүдийн ирцийн бүртгэлд тус хуралд суугаагүй 6 хүний гарын үсгийг дуурайлган зурсан. Мөн өөр бичиг баримтаас гарын үсгийг нь хуулбарлан буулгах аргаар санаатайгаар хуурамч баримт үйлдэн шүүхэд нотлох баримт болгон өгч шүүхийг хуурч мэхлэх замаар шийдвэр гаргуулсан байна. Тэдний энэ зүй бус үйлдлийг нь шалгуулахаар МҮБХ-ноос Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан. Тус хэлстээс энэ оны наймдугаар сарын 31-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа юм. Цагдаагийн байгууллага энэхүү эрүүгийн хэргийг шалгаж дуусаад шүүхээр уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл цаашид ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй байх шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас энэ оны арванхоёрдугаар сарын 5-нд тогтоол гарган шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоосон. Ийм байтал А.Сүхбат, Ж.Ганболд, Ү.Хүрэлбаатар нарын хүмүүс "Их эе” хурлыг маргааш хуралдуулахаар зар тараасан нь хуулийн байгууллагуудын шийдвэрийг зөрчсөн үйлдэл. Мөн олон түмнийг төөрөгдүүлсэн явуулга” гэв.
 
Улмаар маргааш болох "Их эе” хуралд нийт бөх, бөхиийн зүтгэлтнүүдийг оролцохгүй байхыг мэдэгдэв.
 
Мөн МҮБХ-ны ээлжит бус "Их эе” хурлыг хуралдуулах ажлын хэсгийн ахлагч Ү.Хүрэлбаатарыг МҮБХ-ны тэргүүлэгчээс 2014 оны тавдугаар сард тодорхойгүй шалтгаанаар гарсан тул түүнийг МҮБХ-нд хамааралгүй гэдгийг хуралд оролцогчид хэлж байлаа.
 
Түүнчлэн УИХ-ын гишүүн, МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн гишүүн А.Сүхбат тус холбооны удирдлага Р.Нямдоржийг хууль бусаар тэргүүн болсон, Монгол бөхийн холбоог эмх, замбараагүй болгож буй талаар хэлж байсан. Тэгвэл холбооны тэргүүн Р.Нямдорж "А.Сүхбат "Монгол бөхийн өргөө”-г эзэмших хүсэлтэй. Тиймээс ч 13 жилийн туршид улайран тэмцэж ирсэн. Парламентийн гишүүн хүн хууль тогтоодог байх ёстой. Гэтэл төрийн алба хашиж байж хууль зөрчиж байгаа нь  хариуцлага хүлээх үндэслэл болно. Тийм учраас энэ хууль бус үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэйг эцсийн удаа сануулж байна” хэмээлээ.
 
МҮБХ-ноос 2017 оны хоёрдугаар улиралд багтаан Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, ээлжит их эеийн товыг тогтоон хуралдуулна. Тус хурлаар шинэ удирдлагаа сонгон ажиллуулах болно гэдгийг хэвлэлийн хурлаар мэдэгдлээ.
 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News