Сонгон шалгаруулах тэмцээн ба шигшээд уригдах боломж » Төр.мн

Сонгон шалгаруулах тэмцээн ба шигшээд уригдах боломж

 
Зургадугаар сард Монголын чөлөөт бөхийн тамирчид хамгийн чухал тэмцээндээ оролцоно. Энэ нь зургадугаар сарын 10-11-нд болох 2017 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аваргад оролцох тамирчдын сонгон шалгаруулах тэмцээн.

Сонгон шалгаруулах тэмцээний өмнөхөн буюу өнгөрсөн долоо хоногт  Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, Дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Б.Номин, Н.Лхамгармаа, О.Үйтүмэн нарыг үндэсний шигшээ багаас чөлөөлсөн явдал эдгээр тамирчдын Дэлхийн аваргад өрсөлдөх эрх, боломжид нөлөөлөх вий гэсэн асуултыг тавихад хүргэж байгаа.

Ялангуяа Гавьяат тамирчин Г.Мандахнаран "Үндэсний шигшээ багт ямар тамирчин багтах ёстой вэ. "Аваргууд” академи, "Алдар” спорт хорооны тамирчин шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж болохгүй юм уу. Үндэсний шигшээ багт есөн жил зүтгэхдээ ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэн, олимпийн дэвжээнд хүрэл медалиа луйвардуулж, чамгүй олон удаа төрийн дууллаа эгшиглүүллээ. Гэтэл намайг гэв гэнэт үндэсний шигшээ багаас хаслаа. Монголын чөлөөт бөхийн холбооноос биднийг хасаад өг гэсэн бичиг Үндэсний шигшээ багийн албанд өгч, түүнийг нь дарга нар гүйцэтгэлээ. Сануулалгүй нууцаар хасчихсан байх юм. Тамирчдын амжилтаар битгий ингэж тогло. Чөлөөт бөхөөр барилдахаас өөр сурсан, мэдсэн зүйл хомс бид Г.Отгонцэцэг шиг иргэншлээ сольж, бусад орны төлөө зүтгэх ёстой юм уу” гэж өөрийн сошиал хуудаснаа бичсэн нь бөх сонирхогчдыг эргэлзэхэд хүргэв.

Мөн Риогийн олимпийн цикльд чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийг ахалж асан Ц.Цогтбаяр дасгалжуулагч дөрвөн тамирчныг шигшээ багаас хасагдсаны дараа "Би хамгийн хайртай бөхөөсөө явлаа. Ядарсан айлын, амьдарч ядаж байгаа хэдэн шавь нарыг минь битгий оролдооч, гуйж байна” гэсэн сэтгэгдлийг олон нийтийн сүлжээнд бичжээ.

Монголын чөлөөт бөхийн хөнгөн жингийн лидер бөхчүүд сонгон шалгаруулах тэмцээнд оролцох уу, цаашлаад Шигшээ багийн бүрэлдэхүүнд дахин багтаж, Дэлхийн аваргад өрсөлдөх боломжтой юу.

Энэ асуултад Үндэсний шигшээ багийн албаны дарга Э.Билэгт дараах хариултыг өгч байна.

Э.Билэгт:

-"Өнгөрсөн дөрөвдүгээр сард чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх нэгдсэн цугларалтад хамрагдах ёстой байсан. Гэтэл энэ бэлтгэлд зарим тамирчид хамрагдаагүй, өөрсдийн багш нартай, үндсэн клуб дээрээ бэлтгэл хийсэн тул Шигшээ багийн журмыг үндэслэн, Монголын чөлөөт бөхийн холбоотой зөвшилцөж, тамирчдыг чөлөөлсөн. Гэхдээ тэднийг Шигшээ багт эргүүлж авах боломж бий. Дэлхийн аваргын сорил тэмцээндээ амжилттай оролцвол Чөлөөт бөхийн холбоо болон Шигшээ багийн алба тамирчидтай зөвшилцсөний үндсэн дээр шигшээ багт авах талаар шийдвэр гаргана...”

Үүссэн асуудал, нөхцөл байдлыг холбоо, тамирчин, дасгалжуулагчид өөрсдийн байр суурь, хандлагын үүднээс тайлбарлах ч эцсийн дүндээ жингийнхээ шилдгүүд болох эдгээр тамирчдыг шигшээ багт үлдээж, Дэлхийн аваргад зөв сонголт хийж, багаа явуулах нь Үндэсний шигшээ багийн хувьд чухал.

Тэр ч утгаараа тамирчид, шигшээ баг, холбооны удирдлагууд, дасгалжуулагчдын аль аль нь асуудалд тэнцвэртэй хандаж, Г.Мандахнаран, Б.Номин, Н.Лхамгармаа, О.Үйтүмэн дөрвийг шигшээ багтаа эргэж ирээсэй гэсэн хүсэлт, хүлээлт олон нийтэд байна. Тэднийг Дэлхийн аваргын сонгон шалгаруултад оролцоно гэж найдья.

Нэгэнт Дэлхийн аваргын өмнө дотоод сорил буюу сонгон шалгаруулах тэмцээний талаар дурьдсаных энэ тухай мэдээллийг дор хүргэе.

Дотоодын өрсөлдөөн, тамирчдын ур чадвар өндөр хөгжсөн энэ төрөлд сонгон шалгаруулах тэмцээн явуулахдаа энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн (эрэгтэй, эмэгтэй тус бүр найм, нийт 16 жин) тамирчдад шууд оролцох эрх олгосон байгаа. Гэхдээ  тэдгээр тамирчдыг Азийн аваргад заавал оролцож байж сонгон шалгаруулах тэмцээнд давуу эрх эдлэн шигшээ барилдаанд барилдах эрхээ баталгаажуулна гэж сануулжээ.

Харин УАШТ-ий мөнгө, хүрэл медальтнууд болон медалийн гадна үлдсэн тамирчид "Алтан Гранпри” болон Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны календарт багтсан олон улсын тэмцээнд оролцсон байдлаар чансааны оноо цуглуулж, эхний таван байрт жагссан тамирчин сонгон шалгаруулах тэмцээнд оролцох эрх авахаар журамлажээ.

Чансаанд багтсан таван бөх сонгон шалгаруулах тэмцээнд тойргоор барилдаж, ялагч нь энэ жилийн улсын аваргатай халз барилдах аж. Хэрэв улсын аварга тамирчин Азийн аваргад оролцоогүй бол бусад тамирчдын адил чансааны оноог тооцож, халз барилдаанд шууд орох эсэхийг харгалзаж үзэх юм байна. Ингээд халз барилдаанд хэн түрүүлж хоёр ялсан нь наймдугаар сарын 21-26-нд Парист /Франц/ болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрхтэй болох юм.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News