А.Түвшинбаяр: Хүссэн хүсээгүй энэ үеийн залуус Монголын ирээдүйг бүтээх болно » Төр.мн

А.Түвшинбаяр: Хүссэн хүсээгүй энэ үеийн залуус Монголын ирээдүйг бүтээх болно

"Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төслийн шилдэг оролцогч Адилбишийн Түвшинбаяр. Философи, улс төр судлалын багш. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын арван жилийн сургуульд нийгмийн ухааны багш ажилтай. "Төгс голомт” ТББ-ын тэргүүн. Өмнөговь аймгийн МЗХ, Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн.

-Бага насны дурсамжаар тань яриагаа эхлэе?

-Миний хүүхэд нас Өмнөговь аймгийн Даланзадгад суманд өнгөрсөн. Ер нь багаасаа л юм юманд оролцдог нийгмийн идэвхтэй хүү байлаа. Тавдугаар ангидаа найзуудтайгаа нийлж хамтлаг байгуулж "Ice top” хамтлагийн "Уйлах эрхгүй хайр” дуугаар тэмцээнд орж байлаа. За тэгээд нэг хэсэг чөлөөт бөхийн секцэнд явсаан. Одоо бодоход миний дуулах, барилдах ч гэж юу байхав. Тэр үед өөрийн бусдаас арай илүү чадах зүйлээ л хайж, эрэлхийлсэн нь тэр байх. Харин жаахан том болоод орон нутгийн телевизээр хүүхдийн нэвтрүүлэг хөтөлж, илтгэл мэтгэлцээний тэмцээнд оролцож сургуулийнхаа шинэ жилээр алиалагч хүртэл болж байх үед л өөрийн хүсэл, сонирхолоо тодорхойлсон байх. Ер нь бага наснаасаа л өөрийн авьяас чадвараа нээн хөгжүүлж, хийж чадах зүйлээ зөв тодорхойлох нь их чухал байх.

-Хүүхдийн хүмүүжилд төлөвшилд гэр бүлийн хүмүүжил чухал байдаг. Гэр бүлийнхнээ танилцуулаач?

-Тийм шүү. Үнэхээр хүүхдийн хүмүүжил төлөвшлийн чухал орчин гэр бүл. Аав Адилбиш маань барилгачин хүн. Өмнөговь аймгийн сум бүрт л аавын маань барьсан барилга бий, бахархмаар шүү. Аав, ээж маань биднийг хүмүүжүүлэхдээ "сайд , дарга болоорой " гэж хэзээ ч хэлж байсангүй. Харин "сайн хүн болоорой”, "хүний дайтай яваарай” гэж хэлж сургаж өсгөсөн. Ер нь хүн эд баялаг, эрх мэдэл, нэр хүндтэй байхаас илүү " хүн чанартай” байх нь хамгийн чухал гэж боддог. Хүүхэд байхын л ах, дүү бид гурвын төлөө өглөөнөөс орой болтол хөдөлмөрлөх аав ээжээ хараад бушуухан л мэдлэг, боловсролтой мундаг хүн л болох юмсан л гэж боддог байсан.

-Өөрөө сумын сургуульд багшилдаг. Залуус хотод амьдрах сонирхолтой энэ үед шүү дээ?

-Би урсгалыг дагаж бус сөрж амьдрах дуртай. Хүн бүхний хот руу тэмүүлэх урсгалыг сөрж хөдөөг зорьсон. Хөдөө суманд ажиллана гэхэд ойр орчмынхон маань их гайхаж зарим нь бүр өрөвдөх шинжтэй "Ядаж аймгийн төвд ажил олдсонгүй юу? " гэж асууж байлаа. Гэвч бусад хүмүүс юу гэж хэлэх нь надад тийм ч чухал биш. Хаана асуудал байна? Тэнд хийх ажил их байна л гэсэн үг. Бид асуудлыг хойшлуулснаар , асуудлаас зугтах нь шийдэл бишээ. Залуус надад юу хэрэгтэй байна гэхээсээ өмнө би хаана илүү хэрэгтэй байна вэ? гэдгийг бодох нь чухал. Би тэр суманд хэрэгтэй байсан учраас явсан. Залуу хүний эрч хүч, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн хоёр чемодантай л очсон доо. Нэгэнд нь хувцасаа, нөгөөд нь хэдэн номоо хийгээд л.

-Ном хэр зэрэг уншдаг уу?

-Уншина аа. Одоо Б.Ренчин гуайн "Заан залуудай” роман, Германы философич, тархи судлаач Девид Прехтийн "Би хэн бэ? " –г уншиж байна. Номоор дамжуулж уулзаж чадахгүй суутнуудтай ярилцах боломж бүрддэг юм. Ер нь ном уншдаг хүний яриа логиктой, цэгцтэй байдаг. Гэхдээ олон ном уншихдаа биш өөрт хэрэгтэйг л олж унших нь чухал байх. Надад хамгийн их сэтгэгдэл төрүүлж, эрч хүч өгдөг бүтээл Пауло Кеолагийн "Алхимич” .

-Өнөөдөр та амьдарч буй нийгмийнхээ талаар ямар сэтгэгдэлтэй явна вэ?

-Манай нийгмийн төлөв байдал нь хүндэтгэн эрхэмлэх ёстой үнэт зүйлсээ хайхрамжгүй орхиод санаа зовох шаардлагагүй зүйлсдээ хэтэрхий их анхаарал хандуулдагт л байгаа болов уу? Ер нь бидэнд таалагдах зүйл ч алга, таалагдахгүй зүйл ч алга. Залуучууд үгээ хэлэх гэхээр туршлагагүй гээд ойшоохгүй, ахмадуудыг болохоор та нарын үе өнгөрсөн гэх маягтай. Бидний үндэсний үнэт зүйлсийг хэн дуртай нь хэлний үзүүрээр нулимж, үүнийгээ эрх чөлөө гэж ойлгодогт харамсаж явдаг юм. Ер нь бид материаллаг хэрэглээндээ хэтэрхий их автаж, дарлагдаж байна уу даа.

-Энэ төслөөс хувь хүн танд бий болж буй хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ?

- Ямартай ч өөрийнхөө үзэл бодлоо илүү олон хүнд хүргэх боломж бололцоо олдож байна. Ер хувь хүн үнэ цэнээ өөрөө л бий болгодог байх. Төслийн хугацаанд олон зүйлийг шинээр сурч байна, мөн олон зүйлийг сурах ёстойг ойлголоо. Залуус биднийг сайшааж магтсан ч, буруутгаж муулсан ч ялгаагүй. Хүссэн хүсээгүй яг энэ үеийн залуус Монголын ирээдүйг бүтээх болно.

-Та нар маш олон төсөл даалгавар ажлыг хийж гүйцэтгэж яваа. Мэдээж бэрхшээлтэй болоод давуу тал олон байгаа бизээ?

-Төслийн хугацаанд маш олон сонирхолтой даалгавар гүйцэтгэж явна. Бидний хийж буй зүйлс дан ганц телевизийн нэвтрүүлэг, төсөлд зориулагдахаас илүүтэй нь өргөн хүрээг хамарсан, урт хугацааны байгаасай гэж бодож байна.

- Тухайлбал та энэ хугацаанд ямар бодитой ажлыг хийж гүйцэтгэв?

-Багшаар ажиллаж байх хугацаандаа нийгмийн ухаааны хичээлийн ойлголтуудыг илүү хялбарчлан сурагчдад ойлгуулах ном , гарын авлага хэрэгтэй байгааг анзаарсан. Ямартай ч тэмцээнийхээ зав чөлөөгөөр эхлүүлсэн ажлаа дуусгаж номоо хэвлэлтэд өгчихлөө. Мөн Төгс Голомт ТББ-аас зохион байгуулдаг олон нийтэд чиглэсэн ажлуудаа явуулж байна. Тухайлбал жил бүр зохион байгуулдаг Өмнөговь аймгийн сурагчдын дунд парламентийн мэтгэлцээний тэмцээнээ 5 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

-Телевизийн зорилтот төсөлд 10 сарыг зарцуулна гэдэг хувь хүний тухайд чухал шийдвэр. Төсөлд оролцох боломж олдсон ч татгалзсан залуус бий. Ажил амьдралаа хэрхэн зохицуулж байна вэ?

-Том зүйлд хүрэхэд том эрсдэл дагуулдаг гэдэг. Энэ бол тэр бүр олдоод байхааргүй боломж учраас цаг заваа тэмцээнд зарцуулж байгаа. Эргээд харахад эндээс сурсан зүйл маш их.

-Хувь хүний мөн чанар, үзэл бодол, дур сонирхол гэх мэтээ тодотговол Түвшинбаяр гэж хэн бэ?

-Миний баримталж явдаг зарчим бол хэн нэгэнд найдахаасаа л илүү өөртөө л итгэж амьдрах. Учир нь чамайг чи л унагана, бас чамайг чи л амжилтад хүргэнэ. Хэн нэг спонсор, хэн нэг эрх мэдэлтэнд амьдралаа даатгаж, найдаж амьдрах хэрэггүй гэж боддог. Өөрийн гэсэн итгэл үнэмшил, үнэт зүйлтэй байж түүндээ үнэнч байх нь чухал байх. Амьдралынхаа өмнө тулгарсан бэрхшээл саад, асуудлын гарцыг өөрөө л олж шийдвэрлэхийг хичээдэг. Хэрэв тэгж чадахгүй бол өөрийнхөө амьдралыг мэдэх эрхийг бусдад сайн дураараа өгч буй хэрэг болно байх. Тиим учраас өөртөө эзэн байхыг л хичээж явдаг юм. Хүн өөртөө эзэн байж өөрийнхөө үнэ цэнийг бүтээнэ.

 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News