“Гоёл 2020” наадмын шилдэг make up artist Э.Болор: Бүсгүйчүүдийг илүү тодоор гэрэлтэхэд нь тусладаг учраас би мэргэжилдээ хайртай » Төр.мн

“Гоёл 2020” наадмын шилдэг make up artist Э.Болор: Бүсгүйчүүдийг илүү тодоор гэрэлтэхэд нь тусладаг учраас би мэргэжилдээ хайртай

 Сайн байна уу? Юуны өмнө "Гоёл 2020”  наадмын шилдгээр шалгарсанд баяр хүргэе. Өнгөрсөн жил мөн шилдэг Мake up artist-аар шалгарч байсан санагдаж байна...
Баярлалаа. Юуны өмнө танай сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.  Манай салон  "Гоёл”  наадамд өнгөрсөн жил анх удаа оролцож шилдгээр шалгарч байсан. Энэ жил дахин оролцож хошой шилдэг болсон. Сэтгэл маш сайхан байна. Ер нь зөвхөн "Гоёл”  наадам ч биш ямар нэгэн загварын шоу, урлагийн тоглолтын ард make up artist,  үсчдийн бүхэл бүтэн баг бүрэлдэхүүн ажиллаж байдаг.  
Тэгэлгүй яахав, та бүхний ажлыг хамгийн ихээр ойлгож, хүндэтгэж, шүтэж явдаг хүмүүс нь бүсгүйчүүд бид шүү дээ...Шинэ жил дөхөөд үйлчлүүлэгч ихтэй л байна уу? 
Бидний ажил мэргэжлийн онцлог гэх үү дээ, шинэ жил, хонхны баяр, хурим найрын саруудад харьцангуй ачаалал ихтэй байдаг.  Бүсгүй хүн бүр дахин давтагдашгүй өөрийн гэсэн гоо сайхан, дүр төрх, зан чанартай. Түүнийг нь бид илүү тодотгож, гэрэлтүүлдэг гэх үү дээ.  
Ийм сайхан ажил мэргэжилтэй амьдралаа холбосон талаараа хуваалцах уу? 
Энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн сайхан, зөв алхмуудын нэг байсан. Уг нь би эдийн засгийн удирдлага мэргэжлээр их сургуулиа төгсөж, Удирдлагын академид  төрийн удирдлагын чиглэлээр магистар хамгаалсан.  Make ap artist болохоосоо өмнө үндсэн мэргэжлээрээ хэсэг ажилласан ч би эцэст нь Make ap artist гэдэг мэргэжлийг эзэмшиж өнөөдөр энэ мэргэжлийнхээ ачаар өөрийн гэсэн хүрээлэл, өөрийн гэсэн ертөнц, өөрийн гэсэн үйлчлүүлэгч гээд өөрийн гэсэн бүхнээ бүтээж явна. Нүүр будалтын ачаар би өдөр бүрийг аз жаргалтайгаар,  шинээр харж чаддаг. 
Мэргэжлээрээ бус өөр ажил хийхээр гэр бүл, ойр дотныхон тань дургүйцэх хандлага гаргаж байсан уу? 
Анх намайг нүүр будалтын чиглэлээр сонирхон  "Bella make up studio”-д суралцаж төгсөөд ажиллаж эхлэхэд гэр бүлийнхэн дургүйцэж, эсэргүүцэж байсан. Гэхдээ хүн өөрийн дуртай, хүсэж тэмүүлсэн зүйлийнхээ төлөө хичнээн эсэргүүцэлтэй тулгарч байсан ч шантардаггүй, орхидоггүй юм билээ. 
Харин одоо гэр бүлийнхний тань хандлага эргэсэн биз дээ...
Тэгэлгүй яахав. Би одоогоос 7 жилийн өмнө Make ap artist-аар суралцаж байсан, өнөөдөр ч суралцсаар л байгаа. Гэхдээ миний анх суралцаж байсан үе өнөөдөр хоёрыг харьцуулшгүй.  Тухайн үед манай гэр бүлийнхэн шиг нүүр будалтын талаар энэ бол урлаг гэдгийг ойлгож мэдрээгүй хүмүүс олон байсан бол өнөөдөр зөвхөн бүсгүйчүүд ч гэлтгүй эрчүүд хүртэл энэ талын мэдлэг, мэдээлэлтэй болсон байна.  Үнэхээр чи өөрөө хичээгээд, тууштай, үнэнч байж чадвал Make ap artist бол хамгийн эрэлттэй бөгөөд сайхан мэргэжил гэж би ам бардам хэлж чадна. Би анх энэ мэргэжлээр суралцаж төгсөөд хэд хэдэн газар ажиллаж туршлага хуримтлуулж байгаад гурван жилийн өмнөөс өөрийн гэсэн "Crystal” салоноо байгуулсан. Энэ бүхэнд гэр бүлийнхэн, хань минь л хамгийн ихээр тусалж дэмжсэн. 
Гэр бүлээ танилцуулж болох уу?  Та хэр сайн гэрийн эзэгтэй, ээж вэ?
Миний ханийг Б.Батсайхан гэдэг. Үлэмж компанид ажилладаг. Бид хоёр хүү, охин хоёртой энгийн л нэг залуу гэр бүл. Хүү маань 4-р анги, охин 2-р анги. Хүүхдүүдээ сургуульд зөөх, харж хандахаас эхлээд ар талыг  миний ханийн ээж, аав хоёр хариуцаж, намайг дуртай ажлаа хийхэд минь хамгийн их тусалдаг. Энэ дашрамд хоёр ээждээ болон аавдаа баярлаж явдгаа илэрхийлье. Та нартаа маш их хайртай шүү. Сайн гэрийн эзэгтэй, ээж, эхнэрийн тухайд хань минь, хүүхдүүд минь л хэлэх байх даа /инээв/. 
Таны анхны үйлчлүүлэгч нь хэн байсан бэ? 
Хэдийгээр намайг эсэргүүцэж байсан ч үргэлж хамт байдаг хүн бол эх хүн байдаг шүү дээ. Тэр ч утгаараа миний анхны үйлчлүүлэгч, анх удаа багс бариад зоригтойгоор нүүрэнд нь хүрсэн хүн бол ээж минь байсан. Мэргэжлээ төгс эзэмшээгүй, суралцаж яваа хүнд хүний нүүрийг будна, багс бариад зогсоно гэдэг тийм ч амар зүйл биш. Тухайн үед би маш их сандарч бас айж байсан. Хэдий миний ээж боловч эмэгтэй хүн шүү дээ, миний будалт өөрт нь таалагдахгүй бол яана даа л гэж бодож байсан.  Гэтэл нүүрээ будуулсны дараа ээж минь надад урам өгч, тэр үеэс миний хүсэл мөрөөдлийг ойлгож эхэлсэн. Гэхдээ тэр үеийн будалтаа харахаар өөрөөсөө ичээд байдаг юм. Яахав тухайн үеийн хүмүүсийн сонирхол, будалтын чиг хандлага гээд өөр л байсан байх /инээв/. 
Энэ дэлхийн хамгийн сайхан эмэгтэй гэвэл хүн бүр л ээжийгээ гэх байх. Тэгэхээр тийм сайхан эмэгтэйгээр ажлын гараагаа эхэлж байсан та өнөөдөр монголын сор болсон үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нүүр будалтыг хариуцдаг. Өөрөөрөө бахархах  үе байна биз...
Бахархах гэхээсээ илүү би ямар азаар энэ мэргэжлээ сонгосон юм бэ гэж өдөр болгон өөртөө баярладаг.  Миний аав жүжигчин байсан. Насаараа Дархан-Уул аймгийн театрт жүжигчнээрээ ажилласан. Тиймээс би багаасаа жүжигчин болно гэж мөрөөддөг байсан ч гэр бүлийн амьдрал, үр хүүхэд гээд замын дундаас мөрөөдлөө орхисон гэх үү дээ. /инээв/. Гэхдээ би хэдийгээр жүжигчин болоогүй ч урлагийн замаар явж байна. Нүүр будалт бол урлаг. Үндсэндээ би мөрөөдлөө биелүүлсэн байгаа биз. Бага байхдаа дууг нь сонсож, телевизээр киног нь үздэг байсан урлагийн сайхан бүсгүйчүүд өнөөдөр намайг гээд манай хамт олныг гээд зориод ирж байна. Зарим нэгтэй нь найзууд ч болсон байна.  Энэ бол миний мэргэжлийн ач гавъяа.  
"Халуун зүрх” киноны make ap artist-аар ажилласан гэж сонссон. Киноны нүүр будалт нэлээд хэцүү юм шиг санагддаг...
Би энэ мэргэжлийг сонгосноос хойш анх удаа кинонд ажиллаж үзсэн нь "Халуун зүрх” байсан. Киноны нүүр будалт хийнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Тиймдээ ч би өөрийгөө болоогүй гэж бодож явсаар 7 жил өнгөрсөн байсан. Жүжигчин Ганчимэг, Ганцэцэг хоёр киноныхоо make ap artist шалгаруулж байгаа гэж сонсоод өөрийгөө сорьж үзэхийг хүссэн.  Хоёр жүжигчинд өөрийнхөөрөө будалт хийж өгсөн. Харин тэр хоёр маань дараахан нь над руу холбогдоод "Бид монголынхоо чадварлаг гэсэн олон make ap artist-уудаар будуулж үзлээ, өөрийн тань будалт их таалагдлаа, манай кинонд хамтарч ажиллах уу” гэхэд нь ямар их баярласан гээч. Зүгээр чамтай хамтарч ажиллахаар боллоо биш, чиний будалт бусдынхаас илүү байлаа гэсэн нь надад үнэхээр их  урам зориг өгсөн. Нөгөөтэйгүүр чи үүнээсээ ч илүү байх ёстой шүү гэсэн итгэл, хариуцлага байсан юм болов уу гэж бодсон. 
Make ap artist-аар ажиллахын зэрэгцээ энэ чиглэлээр сургалт явуулдаг. Энэ талаараа сонирхуулах уу? 
Сурсан мэдсэн бүхнээ бусдад хуваалцана гэдэг сайхан.  Таних, танихгүй хамаагүй хажуугаар зөрсөн нэг ч гэсэн эмэгтэй нүүрээ гоё будсан байхыг хараад өөрийн эрхгүй баярлах сэтгэл төрдөг. Сургалтын тухайд би ихэвчлэн ганцаарчилсан байдлаар явуулах дуртай. Тухайн хүн илүү ихийг сурч мэднэ гэж боддог. Нөгөөтэйгүүр манайд суралцаж төгссөн бүсгүйчүүд мэргэжлийн холбооноос сертификат авдаг гэдгээрээ давуу талтай. Өөрөөр хэлбэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Make ap artist болно гэсэн үг. Миний шавь нар ихэнх нь мэргэжлээрээ гялалзаж явааг харах сайхан байдаг. 
Мэргэжлийн make ap artist-тай уулзсан учраас энэ жилийн нүүр будалтын чиг хандлага, трэндийн талаар асуухгүй өнгөрч болохгүй болов уу? 
Ер нь бол нүүр будалтад яг ийм, тийм гэсэн баригдсан зүйл байхгүй. Энэ бол цэвэр артист artist болон үйлчлүүлэгчдийн онцлог. Гэхдээ сүүлийн үед натурал, энгийн атлаа ихэмсэн будалтууд трэнд болж байгаа. Тод хараар тень тавьдаг цаг үе ард хоцорсон. Бүсгүйчүүдийн маань цаг зав болдог бол нэг өдрийн ч хамаагүй өөрийгөө будах сургалтад сууж ядаж л нүүр будалтын талаар анхны мэдэгдэхүүнтэй болоосой.  Хүн болгон артист байх албагүй. Гэхдээ эмэгтэй хүн бүрийг нүүрээ будах ёстой л гэж боддог. 
Урилга хүлээн авсанд баярлалаа. Бүсгүйчүүдийг илүү тодоор гэрэлтүүлэх ажилд нь амжилт хүсье.
Та бүхэнд ч гэсэн баярлалаа.  Амжилт хүсье. 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News