“Чи бол намайг ойлгож чаддаг цорын ганц эмэгтэй !” : Достоевскийгийн дурлал » Төр.мн

“Чи бол намайг ойлгож чаддаг цорын ганц эмэгтэй !” : Достоевскийгийн дурлал

Ф.М.Достоевский мөрийтэй тоглоомын хор уршигаар маш их өртэй болсон байсан тул мөнгө олох шаардлагатай тулгарав. Ингээд 1865 оны зунаас "Гэмт хэрэг ба ял шийтгэл” гэх өнөө цагийн хамгийн агуу романуудын нэгийг бичиж эхэлжээ. Гэвч уг романыг хэвлэн нийтлүүлэхийн тулд Стеловский гэх нийтлэгчтэй тухайн жилийнхээ 11 сар гэхэд дор хаяж 175 нүүр бичвэрийг дуусгаж өгөх нөхцөлтэй гэрээг байгуулав.

Ингээд Достоевский "Гэмт хэрэг ба ял шийтгэл” бүтээлээ хурдан хугацаанд бичихийн тулд таталган бичээч хөлслөн авав. Уг таталган бичээч нь 20 нас хүрж яваа Анна Григорьевна Сниткина буюу түүний ирээдүйн гэргий байлаа.

Анна бага наснаасаа Достоевскийн зохиолыг уншиж өссөн төдийгүй аавынх нь дуртай зохиолчдын нэг байсан тул ажлын саналыг шууд л баярлан хүлээж авчээ. Достоевский ажил эхэлснээс авахуулаад л Аннаг хөлсний ажилчин гэдэг утгаар биш найз нөхдийн журмаар, хамтрагчийн хувьд, мөн түүнчлэн зөвлөгчийн үүднээс авч үздэг байв. Товчхондоо уг хоёр хүн ийнхүү ажил төрлийн холбоогоор бие биетэйгээ өдөр хонгийг элээсээр, нэг нэгэндээ дасаж, Достоевский Аннагүйгээр, Анна Достоевскийгүйгээр хаашаа ч хөдөлж чадахаа байсан гэдгээ ухааран хайраа илчилцгээж 1867 оны 2-р сарын 15-нд гэрлэлтээ батлуулав.

Энэ өдрөөс хойш арван дөрвөн жилийн дараа Достоевскийг өөд болтол гэргий болох Анна нь хажууд нь халамжлан сууж, хайрласаар л байжээ. Анна болон Достоевский санхүүгийн асуудалтай тулгарч, төрүүлсэн хүүхдүүдийнхээ хоёрыг алдсанаас авахуулаад амьдралын хэцүү бэрх давааг үзсэн ч хоёр биеийнхээ хайраар өөрсөддөө аврах гарцыг бий болгосоор л байсан юм.

Уг хайрын тухай Анна Достоевский нэгэн тэмдэглэлдээ бичин үлдээснийг та бүхэнд орчуулан хүргэж байна.

" Нөхөр минь намайг хайрлаад зогсохгүй бусад эр нөхрүүд эхнэрээ хүндэлдэгийн л адил хүндэлж явсан ч бүр үүнээс ч илүүтэйгээр яг л би түүнд онцгойлон заяасан нэгэн мэт намайг бишрэн шүтдэг байсан нь миний амьдрал дахь хамгийн хачирхалтай нууц мэт санагддаг байлаа. Энэ сэтгэл нь гэрлэсэн эхний өдрүүдэд л ийм байсан юм биш түүнээс хойших ч бүх жилүүдэд, түүний минь өөд болох хүртэл өөрчлөгдөөгүй юм. Би онцын гойд царай зүсгүй, олноос ялгагдах авъяасгүй , эрдэм мэдлэг ч сайнгүй, ердөө л бүрэн дунд боловсролтой нэгэн байсан. Гэтэл энэ бүхнийг харгалзахгүйгээр би маш бүтээлч, гайхалтай эр хүнээс хайр халамж, хүндлэл энхрийллийг хүртсэн.

* * *

Бодит байдал дээр нөхөр бид хоёр бие биеэсээ ондоо зан авиртай, эсрэг тэмүүлэлтэй, бүрэн дүүрэн өөр үзэл бодолтой хүмүүс байсан. Гэсэн ч тэр миний, би түүний сэтгэлийг хөндөлгүй, нэг нэгэндээ зааж сургах гэж, зэмлэж буруутгах гэж оролдолгүй өөрсдийнхөө буй төрхөөр үүрд үлдсэн. Ийм л замаар би ч, миний нөхөр ч зүрх сэтгэлдээ өөрсдийгөө эрх чөлөөтэйгээр мэдэрч байв.

Фёодар Михайлович, хүний сэтгэл зүрхэн дэхь хамгийн гүн шаналлыг мэдэрч ганцаардаж явсан ч би түүний энэхүү сэтгэл оюуны амьдралд саад болоогүйд тэрээр эргэлзээнгүй баярладаг байсан юм. Заримдаа тэр надад хандаж "Чи бол намайг ойлгож чаддаг цорын ганц эмэгтэй !” (тэр үүнийг бүхнээс илүүд үнэлдэг байсан) гэж хэлдэг байлаа. Тэр намайг налаад хэвтэж болох эсвэл амарч болох чулуу мэтээр хардаг байв. "Энэ чамайг минь ердөөсөө ч унагахгүй, дулаан мэдрэмж төрүүлэх болно.”

Миний хийж байсан бүхэн энгийн зүйлсээс хэтэрдэггүй байсан ч энэ бүхэн миний үйлдлээр харагдах болоод дотор минь орших нөхөртөө итгэх хүчтэй итгэлийг минь тайлбарлаж чадна гэж бодож байна. Бид энэ л харилцан хамааралаараа гэрлэсэнээс хойших 14 жилийн хугацаанд дэлхий ертөнц дээр хүн төрөлхтөнд заяаж болох хамгийн их аз жаргалыг мэдэрч чадсан юм. ”

Бэлтгэсэн : Bookquotesmongolia

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News