Нууц тэрбумтан Э.Сүрэн буюу "ЖАСТ"-ын Ш.Батхүүтэй холбоотой бас нэгэн баримт » Төр.мн

Нууц тэрбумтан Э.Сүрэн буюу "ЖАСТ"-ын Ш.Батхүүтэй холбоотой бас нэгэн баримт

"Жаст Групп" ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Батхүү Эдуарын Сүрэнгээс 2010 онд зээлсэн гэх 32 сая 855 мянган ам.долларын 
зээлийн төлбөрийг буюу тухайн үеийн ханшаар 51 тэрбум 596 сая төгрөгийг Төрийн банкаар төлүүлэх шийдвэрийг 2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан тухай мэдээлэл хэвлэлээр гарах болсон. Өөрөөр хэлбэл, дампуурсан группийн эзний зээлийг хамтран хариуцагч учраас Төрийн банк хариуцах шийдвэрийг шүүх гаргасан гэсэн үг. Гэхдээ энэ асуудлыг түр хойш тавиад одоогоос зургаан жилийн өмнө 50 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют бусдад зээлсэн Эдуардын Сүрэн гэж хэн бэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлье.

Э.СҮРЭН ГЭЖ ХЭН БЭ?

Сүрэн нь "Алтжин”-гийн гэх нэрээр олны танил болсон Г.Алтангийн ууган хүү бөгөөд түүний аав нь Эдуард гэх Герман эр аж. Тэрбээр АУИС-д багшилдаг байжээ. Э.Сүрэн өдгөө Монголд ямар бизнес эрхэлж, хэрхэн амьдардаг нь тодорхойгүй ч, "Эдуард” гэх бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниа удирддаг гэх мэдээлэл байна.

Түүний байнгын оршин суух хаяг нь Хан-Уул дүүргийн XI хорооны дөрөвдүгээр хэсгийн "Бэлла Виста” орон сууцны хорооллын 100-111 тоот боловч уг байрандаа амьдардаггүй аж. Тэрбээр 1984 оны арванхоёрдугаар сарын 6-нд төрсөн юм байна. Эндээс харвал тэрбээр 50 тэрбум, одоогийн ханшаар 64 тэрбум төгрөг бусдад зээлүүлэхдээ дөнгөж 25 настай байсан болж таарч байна. Тухайн үед түүний нэр дээрх "Эдуард” ХХК үүсгэн байгуулагдаагүй байсныг эх сурвалж дурдсан юм. Э.Сүрэн 32 сая ам.доллараа "Жаст”-ын Ш.Батхүүд сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлсэн хэмээж байгаа аж. Энэ тухайгаа "Миний "Хадгаламж” банкинд хадгалуулж байсан 32 сая ам.долларыг "Жаст” группийн захирал Ш.Батхүү сарын 2.5 хувийн хүүтэй зээлэх хүсэлт тавьсны дагуу би зээлүүлсэн. Зээлийн хүүнд нийт 24 тэрбум төгрөг төлсөн боловч үндсэн зээлээсээ нэг ч төгрөг төлөөгүй. Тиймээс Төрийн банкныхан миний хохирлыг барагдуулж өгнө үү” хэмээн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бичсэн байдаг аж. Өөрөөр хэлбэл, түүний зээлсэн 51 тэрбум төгрөг 76 орчим болж өсөөд, зээлийн хүүгийн төлбөр болох 24 тэрбум төгрөгөө аль хэдийнэ авчихсан гэсэн үг.

Нэгэн цагт Г.Алтангийн экс нөхөр С.Жамъянсүрэн хэдэн жилийн өмнө "Г.Алтангийн том хүү Сүрэнгийн нэр дээр их хэмжээний мөнгө бий. Тэр 26 тэрбум төгрөгөө "Зоос” банкнаас татахад тэр банк хүнд байдалд ороод дампуурлаа. Мөн "Монгол шуудан” банкинд байгаа 24 тэрбум төгрөгөө татсан боловч тус банкны захирал өндөр албан тушаалтан байдаг учир дампуураагүй бизнесгүй залууд зөвхөн ээж нь ийм их хэмжээний мөнгийг хаанаас бий болгож, өгсөн байж болох вэ.

ТӨРИЙН БАНК ЯАГААД ӨРӨНД ОРОХ БОЛОВ

Хадгаламж банкийг 2013 онд дампуурахад хадгаламж эзэмшигчдийн хохирлыг төрөөс барагдуулж, улмаар Монголбанкны шийдвэрээр тус банкны зарим хөрөнгийг буюу эрх, үүргийг Төрийн банкинд шилжүүлсэн билээ.

Тус банкны өрөнд унаж буй гол баримт нь 2010 онд "Хадгаламж” банкнаас Э.Сүрэнд гаргасан гэх нийт дөрвөн удаагийн төлбөрийн баталгаа болоод байгаа аж. Тухайн үед "Жаст Групп” ХХК нь Э.Сүрэнгээс 32 сая 855 ам.долларыг нэг сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд энэхүү зээлээ эргүүлэн төлөхгүй тохиолдолд "Хадгаламж” банк түүний өмнөөс зээлийг нь төлөх тухай баталгааг Э.Сүрэнд олгожээ. Энэхүү баталгааг баримтаа болгосон Э.Сүрэн Сүхбаатар дүүргийн шүүхэд Төрийн банкнаас зээлүүлсэн мөнгөө гаргуулахаар 2013 оноос эхлэн нэхэмжлэл гаргасан байна. Тухайн үед шүүхээс уг мөнгийг Төрийн банкаар төлүүлэх шийдвэр гарч байж. Харин үүнийх нь хариуд Төрийн банкныхан хэд хэдэн ноцтой баримт шүүхийн байгууллагад гаргаж, давж заалдсан аж.

Тодруулбал, Э.Сүрэнгийн нэр дээр тийм хэмжээний хадгаламж байсан нь батлагддаггүй бөгөөд уг мөнгийг зээлсэн гэх төлбөрийн баталгаанууд нь Хадгаламж банкны архивт огт байхгүй. Тухайн төлбөрийн баталгаануудын огноо,
дугаарууд нь өөр бусад баримт бичгийн огноо, дугаартай давхацсан байгаа аж. Мөн Хадгаламж банкнаас төрийн банк руу зарим актив пассив хөрөнгө шилжүүлэхэд энэхүү 32 сая ам.долларын тухай баримт, бичиг, гэрээнүүдэд огт дурдаагүй байж. Түүнчлэн Хадгаламж банк нь 2010 онд бусдад баталгаа гаргах эрхийг Монголбанкнаас аваагүй байсан юм байна. Уг эрхийг Монгол банкнаас 2012 онд тус банкинд олгосон байдаг.

Эдгээрээс хамгийн ноцтой нь Сүхбаатар дүүргийн шүүхээс Э.Сүрэнгийн ажилгүй гэх хорооны тодорхойлолтыг үндэслэн хүүгийн 24 тэрбум төгрөгийн тэмдэгтийн хураамж болох 258 сая 142 мянган төгрөгийг төлөх үүргийг хойшлуулж иргэний хэрэг үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл, бусдад 32 сая 855 ам.доллар зээлүүлж, түүнийхээ хүүд 24 тэрбум төгрөг авчихсан хүнийг тэмдэгтийн хураамж төлөх чадваргүй гэсэн шийдвэр гаргасан гэсэн үг юм. Ингэж явсаар Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр Анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэг шийдвэр гаргаагүй байгааг эх сурвалж дурдсан юм. 

Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News