Л.Энх-Амгалан ДЭМБ-ын Суурин төлөөлөгчтэй уулзав » Төр.мн

Л.Энх-Амгалан ДЭМБ-ын Суурин төлөөлөгчтэй уулзав

 
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр /2016.09.05/ Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Су Нюунт У тэргүүтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн агентлагуудын багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

2014 онд НҮБ-ын гишүүн орнуудаас улс үндэстэн бүрт тулгамдаж буй нийгмийн эрүүл мэндийн гол хүндрэл бэрхшээлүүд нь халдварт бус өвчин болон нийгэм, эдийн засгийн хөгжил, ядууралтай холбоотой байгааг тунхагласан байна. Иймд тус байгууллагын зүгээс халдварт бус өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хамтарсан хөтөлбөрийг Монгол Улсад 2016 оны 09 дүгээр сарын 07-11-ний өдрүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Уг хөтөлбөр нь халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтад хөрөнгө оруулалтыг татах, Засгийн газрын байгууллагуудын анхаарлыг хандуулах, эдийн засгийн тооцооллыг хийх зорилготой аж.

НҮБ-ын төрөлжсөн агентлагуудын багийн гишүүд Монгол Улсад хоёр дахь удаагаа ирж байгаа бөгөөд 2015 онд элэгний В, С вирусын өвчлөлийн өртөг тооцох судалгааг хийсэн талаар ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Су Нюунт У уулзалтын эхэнд танилцуулав.

ДЭМБ-ын ерөнхий захирлын туслахын Халдварт бус өвчин, Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах зөвлөх, багийн ахлагч Ник Банатвала хэлэхдээ, "Манай баг НҮБ-ын гишүүд орнууудад туслах зорилгоор 2013 онд байгуулагдсан. Халдварт бус өвчнийг зүрх судас, өмөн үү, хавдар, амьсгалын замын өвчлөл, чихрийн шижин гэсэн томоохон бүлэгт хувааж үздэг. Эдгээр өвчлөл ялангуяа чихрийн шижингийн гол шалтгаан нь архи, тамхины хэрэглээ, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал байдаг. Өнгөрсөн жилийн судалгааны дүнгээс харахад Монгол Улсад халвдарт бус өвчний улмаас хөдөлмөрийн насны иргэд зуурдаар нас барах тохиолдол ихсэж байгаа нь эргээд эдийн засгийн хүндрэлүүдийг үүсгэж байгаа нь ажиглагдаж байна. Тодруулбал, 70 хүртэлх насны иргэдийн зуурдаар нас барах тохиолдол 34 хувьтай байгаа нь өндөр үзүүлэлт . Зуурдаар нас барсан иргэдийн 43 хувь нь зүрх судасны өвчлөлөөр нас барж байсан бөгөөд үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь тамхи юм. Нийт эрэгтэйчүүдийн 48 хувь нь тамхи хэрэглэж байгаа нь бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байна. Мөн эрэгтэйчүүдийн 40 орчим хувь, эмэгтэйчүүдийн ¼ нь даралт ихсэх өвчинтэй. Таргалалт, хэт таргалалтын хувьд Монгол Улс Азидаа тэргүүлж байна гэж судалгааны дүнгээр гарсан” гэв.

ДЭМБ-ын Ази Номхон далайн Бангкок бүсийн ДОХ, Эрүүл мэнд, Хөгжлийн асуудал хариуцсан зөвлөх, багийн ахлагч Надиа Рашээд халдварт бус өвчний асуудал зөвхөн эрүүл мэндийн салбарын бус засаглалын асуудал байдгийг онцлоод халдварт бус өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд оновчтой шийдвэр гаргаж, бодлого хэрэгжүүлэхэд тухайн улс орны засаглал чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн хэлэв. Иймд дээрх багийн гишүүд Монгол Улсад хоёр дахь судалгаагаа халдварт бус өвчинтэй тэмцэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оруулсан хөрөнгө оруулалтын үр дүн хэрхэн тооцох, эдийн засагт гарах ач холбогдлыг тооцох зорилгоор хийх аж.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өргөн бүрэлдэхүүнтэй баг ирсэн баяртай буйгаа илэрхийлээд УИХ-аар Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж буй чухал цаг үед уулзаж байгааг онцлов.

Тэрээр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого 2030, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиудыг өнгөрсөн парламентын үед баталсан нь эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн орчинг сайжруулахад чухал ач холбогдолтой болсон. Одоо хэрэгжүүлэх ажил байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагаа хөтөлбөрт Нийгмийн зорилтын хүрээнд эрүүл мэнд, боловсролын салбарын томоохон зорилтуудыг тавьж, халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр батлахаар тусгасан. Хүн амыг халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, тусламж үйлчилгээг шинэлэг болгохыг зорьж байна. Мөн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлэх зорилго тавьсан. Та бүхний судалгааны үр дүн дээрх бодлогын хүрээнд гарах байх гээд байнгын хорооны зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News