Намын дүрэм нэн түрүүнд, Дарга дараа нь шийдэгдэнэ » Төр.мн

Намын дүрэм нэн түрүүнд, Дарга дараа нь шийдэгдэнэ

 
Ардчилсан намын Их хурал ирэх сарын 6-нд хуралдах товтой ч хуралдах эсэх нь тодорхойгүй байна. Магадгүй Үндэсний Зөвлөлдөх хорооны хурал удаа дараа хойшлогдсон шиг Их хурал нь хойшлохыг үгүйсгэхгүй. Тус намын гишүүд Их хурал товолсон хугацаандаа хуралдах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа аж. Учир нь Их хурлаараа намын дүрмийн өөрчлөлт, шинэчлэлийн асуудлаа ярих юм байна. Хэрэв дүрмээ өөрчилж чадвал намын удирдлагуудын асуудал дараагийнх байх болно гэдгийг намын гишүүд нь хэлж буй юм.
УИХ-ын сонгуулийн дүнгээр ялагдал хүлээсэн Ардчилсан нам алдаагаа дүгнэж, ҮЗХ-гоо хуралдуулж, намын дүрмээ шинэчилж, намын даргаа сонгох тухай ярьсаар таван сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд хоёр, гурван удаа ҮЗХ-ны хурал товлогдсон ч хойшилж, хуралдаж чадаагүй билээ.
Өнөөдрийн байдлаар тус намын даргын сунгаа эхэлж, намын даргын албан тушаалд нэр дэвших сонирхлоо гишүүд нь нээлттэй зарлаж байна. Хамгийн сүүлд Лу.Гантөмөр нэр дэвшихээ мэдэгдсэн билээ. Харин зарим гишүүд нь намын даргаас илүү намын дүрмээ шинэчлэх ёстой гэж үзэж байгаа ажээ. Учир нь фракци хоорондын тэмцлээс үүдэн сонгуульд ялагдсан ч гэж дүгнэсэнтэй нь холбоотой юм байна.
Тус намд намынхаа дүрмийг сонгуулийн тогтолцоотой уялдуулан шинэчлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж буй гишүүд ч байгаа юм. Хэрэв ингэж чадвал жижиг 76 намтай болж, тэндээсээ намын даргад нэр дэвшүүлэх хүнээ сонгох хувилбар яригдаж буй аж. Энэ нь фракцид тулгуурлаж шийдвэр гарахаасаа илүү, намын гишүүдэд тулгуурлаж шийдвэр гаргах сайн талтай юм байна.
Нөгөө талаараа орон нутгийн намын гишүүдэд илүү хүрч ажиллах боломжтой болох аж. Түүнчлэн ҮЗХ-гоо цаг тухайд нь хуралдуулахгүй бол огцруулдаг байх хариуцлагын асуудлыг ч намын дүрмийн шинэчлэлтээрээ хийх бололтой.
Одоогоор намын дүрмээ шинэчлэх төсөл АН-ын гишүүдэд ирээгүй байгааг эх сурвалж хэллээ. Мөн дүрмийн төслийг орон нутгийн намууд руу явуулаад, тэнд намын гишүүд хэлэлцэж санал дүгнэлтээ нэгтгэдэг байна. Гэсэн ч одоогоор дүрмийн төсөл танилцуулагдаагүй байгаа учраас Их хурал хойшлох вий гэсэн хардлага зарим гишүүдэд байгаа аж.
Өчигдөр АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Үндэсний Зөвлөлдөх хорооны хурлаа энэ сарын 16-нд хуралдуулахаар товолсон. Удаа дараа хойшлогдсон уг хурлаар орон нутгийн сонгуулийн дүн болон ирэх сард хуралдах Их хурлын бэлтгэл ажил, намын дүрмийн шинэчлэлтийн асуудлыг хэлэлцэх бололтой. Хэрвээ энэ удаад ҮЗХ хуралдаж чадвал Их хурал хугацаандаа хуралдах магадлалтай. Тиймээс ч намын гишүүд нь энэ удаагийн хурлыг заавал хуралдуулах шаардлага тавьж буй юм байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News