Үндэсний бөхийн холбооны их хэрүүл 14 дэх жилдээ үргэлжилж байна » Төр.мн

Үндэсний бөхийн холбооны их хэрүүл 14 дэх жилдээ үргэлжилж байна

 
Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит тавдугаар "Их-эе” хурал энэ сарын 10-ны өдөр буюу өнгөрөгч бямба гарагт болохоор товлогдоод байсан. Гэсэн ч уг хурал товлосон цагтаа болсонгүй. Хурал болохоос урьтаж өнгөрсөн долоо хоногийн эхээр талууд мэдээлэл хийж, өөрсдийн байр суурийг илэрхийлээд байсан. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат тэргүүтнүүд хурал товлосон цагтаа болно гэдгийг мэдэгдсэн.
 
Тэд өнгөрсөн мягмар гарагт мэдээлэл хийх үеэрээ тус хурлыг Улсын дээд шүүхээс 2003 оны гуравдугаар улиралд багтаан хуралдуулахыг үүрэг болгосон. Гэвч бөхийн холбооноос хурлыг хийгээгүй учир Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх албанаас 2015 оны зургадугаар сард тус холбооны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан байна. Түүнээс хойш маргаантай байсан дээрх асуудал энэ оны тавдугаар сард эцэслэн шийдэгдсэн. Улмаар Үндэсний бөхийн "Их эе” хурал энэ сард хуралдахаар болж байгаа юм байгаа гэдгийг хэлсэн. Гэвч Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж уг хурлыг хийхгүй хэмээн худал мэдээлэл тарааж байна хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Дархан аварга А.Сүхбат хэлж байсан юм. 
 
Тэрбээр "Р.Нямдорж гэдэг хүн Монгол бөхөөр 26 жил тоглолооо, самарлаа одоо болоо юм биш үү. Та одоо бөхийн холбооноос гараа татаж авах болсон. Таны үед  шударга ариун байх ёстой  Монгол бөх хээл хахуульдаа идэгдэж дууслаа. Өнөөдөр сумын заан цол авахын тулд таван сая, аймгийн арслан 50 сая, улсын начин цол 500 сая төгрөгийн хахууль төлж байна.  Монгол бөх цэвэр ариун байвал Монголын төр цэвэр ариун байна гэж би боддог. Тиймээс энэ байдлыг засаж, ард түмэндээ шударга барилдаан үзэхийн төлөө бид тэмцэж явна. Үүнийг боогдуулж байгаа хүн нүгэлтэй шүү гэдгийг хэлмээр байна. Бид шүүхийн шийдвэрийг гүйцэлдүүлнэ. МҮБХ-ны ээлжит бус "Их эе” хурлаа хийнэ гэдгийг үүгээр мэдэгдэж байна” гэлээ. 
 
Харин нөгөө талд Р.Нямдорж  "Их эе” хурал болохгүй гэх мэдэгдлийг гаргаж, бөхчүүдэд тараагаад байсан юм. Тэрбээр баасан гарагт  хэвлэлийн бага хурал хийж, уг хурлыг хууль бус хэмээн мэдэгдсэн. Энэ үеэр Р.Нямдорж хэлэхдээ  "Аварга Х.Баянмөнх, А.Сүхбат тэргүүтэй хүмүүс  Монгол бөхийн өргөөнд 14 жил шунаж  хэл ам хийж байна.  Энэ хугацаанд над руу маш олон удаагийн дайралт хийсэн.  "Их эе”-ийн хурлыг хуулийн дагуу зохион байгуулна хэмээн ярьж байна.  Шүүхийн өмнө баримт бүрдүүлэх гэж маш олон хуурамч бичиг баримт үйлдсэнийг нь нотлох баримт надад бий.  Тиймээс УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат, болон түүний гар хөл болон ажиллаж байгаа Цагдаагийн дэд хурандаа Эрдэнэбат нар жинхэнэ хууль бус үйл ажиллагаагаа зогсооно уу” гэлээ.
 
Ийнхүү А.Сүхбат, Р.Нямдорж хоёр тал талд гарч  өөрсдийнхөөрөө ярьж сууна. Харамсалтай нь бөхийн холбооны энэ их хэрүүл бүтэн 14 жил үргэлжилж байна. Тэртээ 2002 оноос эхлэлтэй уг хэрүүл ийн 14 жил үргэлжилж байгаа нь цаанаа нэлээдгүй том эрх ашиг явж байгаа мэт гэх харыг дагуулж эхлээд байна. За ямарч эрх ашиг бай гэсэн энэ бүхний хамгийн том золиос нь бөхчүүд болж байна. Өнөө цагт бөхчүүдийн нэр хүнд газарт унаж байгаа ч гэсэн Монгол бөх гэдэг хэдэн  олон зуун жилийн түүхтэй бөхийн өв соёлыг өөрийн биед тээн яваа бөхчүүдийн эрх ашиг хамгийн ихээр хохирч байна.
 
Маргалдагч талууд бөхчүүдийг нутаг усаар нь хуваан авч Хэнтийгийн бөхчүүд Б.Бат-Эрдэнэ аваргыг дагаад Р.Нямдоржийн талд орчихоод байдаг, харин Өвөрхангайнхан Д.Сумъяабазар аваргыг дагаад А.Сүхбатын талд ордог хэмээн ярьж сууна.
 
Ямартай ч энэ их хэрүүлийг таслан зогсоох нь гэх хүлээлт үүсгээд байсан ээлжит "Их-эе” хурал товлосон цагтаа болсонгүй. Иймээс уг хэрүүл хэдий хүртэл үргэлжлэхийг   таах аргагүй. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News