Бөхчүүдийг аварга Б.Бат-Эрдэнэ зангидна » Төр.мн

Бөхчүүдийг аварга Б.Бат-Эрдэнэ зангидна

 
Дөрвөн жилд нэг удаа болдог Монголын чөлөөт бөхийн холбооны (МҮБХ) VIII "Их Эе” хурал өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Анх "Чингис” зочид буудалд хийнэ гэж тов гараад байсан ч хурал бямба гаригт Бөхийн өргөөнд болсон юм. Энэхүү хурлын тоймыг хүргэж байна.

ХУРЛЫГ ДАРХАН АВАРГА, УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ ДАРГАЛАВ

Бөхийн холбооны VIII "Их Эе”-ийн хэлэлцэх асуудалд "МҮБХ-ны ажлын ололт амжилт” илтгэлийг МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан, МҮБХ-ны хяналтын албаны илтгэлийг Хяналтын албаны дарга Г.Жамсран, Ц.Бадарч нар тавихаас гадна МҮБХ-ны дүрмэнд нэмэлт, өөрчлөлт оруулах, зохион байгуулалтын асуудлууд багтжээ. Мөн МҮБХ-ны цэцдийн зөвлөлийг сонгохоос гадна хяналтын алба, холбооны шинэ тэргүүнийг сонгох сонгууль байсан юм.

Хуралд нийт 200 гишүүн орох эрхтэй бөгөөд улсын аварга, арслан, гарьд, заан цолтой бөхчүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох дүрэмтэй аж. Бямба гаригийн 11:00 цагийн үед нийт төлөөлөгчдийн 143 нь ирж, мандатаа баталгаажуулснаар хурлыг эхлүүлжээ.

Хурлыг дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ даргалсан юм. Хурлын нарийн бичгийн даргад гурван хүнийг сонгосон бол мөн тооллогын комиссын таван төлөөлөгчийн гишүүд дундаас авсан.

МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан (өмнөх албан тушаалаар) "Илтгэлдээ өнгөрсөн 28 жилийн хугацаанд бөхийн холбоо юу хийснийг харуулахыг зорилоо. Р.Нямдорж тэргүүн тодорхой шалтгааны улмаас ирээгүй байна” гэдэг тайлбарыг өгсөн юм.

ӨНДӨР ЦОЛТОЙ БӨХЧҮҮДЭЭС ХЭН ХЭН ИРЭЭГҮЙ ВЭ?

Үндэсний бөхийн VIII "Их Эе”-д дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан У.Мижиддорж, Л.Сосорбарам, Ж.Хайдав, Б.Ганбаатар, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, Ц.Содномдорж нарын өндөр цолтой бөхчүүд хүрэлцэн ирсэн.

Энэ удаагийн хурлыг Ж.Мөнхбат аварга бие тааруу байгаагаас очиж амжихгүй гэдгээ хэлсэн бол О.Балжинням аварга Японоос ирсэн төлөөлөлтэй уулзахаар боллоо гэсэн тайлбарыг хурал зохион байгуулагчдад дуулгасан байна.

Харин хуралд ирээгүй бөхчүүд дунд дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга А.Сүхбат, улсын аварга Д.Сумъяабазар, улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Д.Ганбат, Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын хүчтэнүүд багтжээ. Мөн улсын гарьд Ц:Цэрэнпунцаг, Б.Гантогтох, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Ц:Санжаа, Д.Лхагвасүрэн, Д.Долгорсүрэн нарын өндөр цолтой бөхчүүд "Их Эе”-ийн хуралд хүрэлцэн ирээгүй байна.

Р.НЯМДОРЖ ТЭРГҮҮНИЙ СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХГҮЙ ГЭДГЭЭ ХЭЛЭВ

Бямба гаригийн 11:00 цагийн үед эхэлсэн хурлын эхэнд МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж (хуучин албан тушаалаар) ирээгүй юм. Түүний хувьд 13:00 цагийн үед Бөхийн өргөөнд ирж, хуралд төлөөлөгчийн байр сууринаас оролцож байгааг дуулгасан. Мөн тодорхой шалтгааны улмаас эрт ирж чадсангүй гэдгээ хуралд оролцогчдод хүргэлээ.

Хуралд оролцож буй төлөөлөгчид энэ удаагийн хурал албан ёсоор баталгаатай эсэхийг удаа дараа асууж, үүнд тайлбар авахыг хүссэн юм.

Р.Нямдорж хэлэхдээ "2002 оны "Их Эе”-ийн хурлаар миний бие Х.Баянмөнхөөс найман хүний саналаар ялалт байгуулж байсан юм. Тухайн үед тооллогын комисст Ж.Ганболд багтсан бөгөөд тэргүүнийг сонгох саналын протоколыг авч явнаас болж, өнөөдөр шүүх дээр очихолд биднээс тэр цаасыг нэхээд байдаг. Гэтэл тухайн үед найман хүний саналаар миний бие ялалт байгуулж, тэргүүн болсон бөгөөд энэ удаагийн хурал албан ёсных юм. Энэ удаа би тэргүүний сонгуульд өрсөлдөхгүй гэдгийг хэлье” гэж үг хэлэхдэ хэлсэн.

Мөн Д.Данзан "2002 оны "Их Эе” хуралд дархан аварга Х.Баянмөнх Р.Нямдоржид цөөн саналаар ялагдсанаа дараа зохисгүй үг хэлж, ширээ цохиж байсан. Эндээс маргаан эхэлсэн” гэдэг тайлбарыг хүргэж байв.

БӨХИЙН ӨРГӨӨНД БОЛОХ НЭГ УДААГИЙН ТОГЛОЛТООС ГУРВАН САЯ ТӨГРӨГ АВДАГ

МҮБХ-ны хяналтын албаны илтгэлийг Хяналтын албан дарга Г.Жамсран, Ц.Бадарч нар тавьсан. Энэхүү илтгэлд холбооны сүүлийн жилүүдийн орлого, зарлагын тайланг тавьсан. Гэхдээ энэ тайланг одоогийн нягтлан бодогч хамт байж тавих ёстой гэдэг байр суурьч гарч байлаа.

Бөхийн өргөөнд сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт 128 тоглолт болсноос үүнээс 417 сая төгрөгийн орлого олжээ. Мөн үндэсний бөхийн барилдаан энэ хугацаанд 102 удаа болоход нэг тэрбум төгрөгийн орлоготой байсан гэдгийг тайлбарлав. Харин орлого, зарлагын бүрэн задаргаа байсангүй гэдгийг зарим төлөөлөгчид шүүмжилсэн.

Үүнд Р.Нямдорж нэмэлт тайлбар хүргэсэн бөгөөд "Санхүүгийн хувьд бидэнд ууж идэх юм байдаггүй юмаа. Бөхийн өргөөний жилийн орлого нэг тэрбум төгрөг байлаа гэж бодоход буцаагаад ажиллагсад болон бусад урсгал зардалд 800 гаруй сая төгрөг гарч байсан. Би үүнийг нэг удаа тооцоолсон” гэдгээ хэлж байв.

Энэ удаагийн Хяналтын алба 2002 оны "Их Эе”-ээр сонгогдсон төлөөлөгчид аж. Тиймээс хурлын үеэд шинээр хяналтын албын долоон төлөөлөгчийг сонгосон юм.

ДҮРМЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ТЭРГҮҮНИЙГ ОРОН ТООНЫ БУС БОЛГОВ

МҮБХ-ны үүсгэн байгуулагдсан өдөр нь түүний анхны дүрмийг баталсан 1990 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр гэдгийг холбооны дүрмэнд тусгажээ. Мөн МҮБХ нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо, Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутагт орших Монгол бөхийн өргөөнд байрлана гэж дүрмэндээ заасан байна. Учир нь сүүлийн үед маргаан гараад байгаа асуудалд холбооны хаяг албан ёсных гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга Цогтбаатар тайлбарлаж байв.

МҮБХ-ны зорилго нь үндэснй бөхийн дэвшилтэт уламжлал, ёс горимыг батжуулан хөгжүүлэх, бөхийн залгамж үеийг тодруулан бэлтгэх, үндэсний бөхийг цаашид олон зуун жилийн туршид хөгжин дэлгэрэх оюун санааны болон эд зүйллэг үндсийг бүрдүүлэн хөгжүүлэхэд оршино гэж дүрмийн хоёр дахь хэсэгт багтжээ. Энэ мэтчилэн дүрмийг сайтар уншиж, нэмэж, хасах өөрчлөлтүүдийг хийж байв.

Бөхийн холбооны Цэцдийн зөвлөл нь Их Эеийн чөлөөт цагт МҮБХ-ны эрх барих, төлөөлөх, байгууллага гэдгийг Цэцдийн зөвлөл гэсэн бүлэг хамруулжээ. Нийт 67 гишүүнтэй байсныг багасгаж, 44 болгосон байна.

Мөн холбооны тэргүүнийг орон тооны бус болгож, дүрмэндээ өөрчлөлт оруулжээ. Энэ мэтчилэн бөхчүүд дүрмэнд бага сага өөрчлөлт оруулсан юм.

Хурлын төгсгөлд Цэцдийн зөвлөлд 91 төлөөлөгчийн нэрийг дэвшүүлснээс 76 нь зөвшөөрч нууц санал хураах сонгуульд оролцсон юм. Үүнээс хамгийн өндөр санал авсан 46 төлөөлөгч Цэцдийн зөвлөлд багтсан.

ХУРЛЫН ЦОР ГАНЦ ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧ НЬ СЭТГҮҮЛЧ, БӨХ СУДЛААЧ БАЙВ

Үндэсний бөхийн "Их Эе”-д нийт 200 гишүүн оролцох эрхтэй аж. Энэ удаагийн хурал эхлэхийн өмнө 143 төлөөлөгч мандатаа аван хуралдаа оролцсон. Тэгвэл энэ тоо үдээс хрйш 153 болон нэмэгдсэн юм. Хуралд оролцож буй оролцогчид дунд монгол түмний бахархал болсон аварга, арслан, заан гээд хүчтэнүүд гарын даа, тайлбарлагч, бөх судлаач нар багтсан. Тэдний дунд өвгөн буурал болсон арслан цолтнууд олон байсан бөгөөд тэд шөнө дунд хүртэл үргэлжилсэн хурлыг орхиж яваагүй юм.

Мөн энэ удаагийн хурлын хамгийн залуу төлөөлөгчөөр энэ жил 26 настай аймгийн арслан Т.Пүрэвсүрэн байсан юм. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засгийн онол мэргэжлээр төгссөн тэрбээр Говьсүмбэр аймгийн төлөөлөгчөөр хуралд оролцжээ. Т.Пүрэвсүрэн энэ удаагийн хурлаар Хяналтын зөвлөлийн долоон гишүүний нэгээр сонгогдсон.

Хурлын цорын ганц эмэгтэй бол сэтгүүлч, бөх судлаач С.Бадамгарав байсан. Олон жил бөхийн спортод үнэнч байж чадсан тэрбэр энэ удаагийн онцлох төлөөлөгч байсан. Түүнийг Цэцдийн зөвлөлийн гишүүний сонгуульд нэр дэвшүүлсэн боловч өөрийн хүсэлтээр нэрээ татсан юм.

Хурлын үеэр олон бөх Р.Нямдорж, Д.Данзан нарт гүн талархал илэрхийлж, бөхийн спортын төлөө хоёргүй сэтгэлээр ажилласан тэдэнд бид өртэй бөгөөд "баатар” болох эгэлгүй баатрууд гэдгийг онцолж байв.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ 98 ХУВИЙН САНАЛААР ТЭРГҮҮНЭЭР СОНГОГДОВ

Бямба гаригийн үдээс өмнө Бөхийн өргөөнд эхэлсэн хурал шөнийн 23:00 цаг гэхэд сонгуульт ажилд хүрсэн юм. Холбооны тэргүүн болоод Цэцдийн зөвлөлийн 44 гишүүнийг сонгох сонгуулийг нууц санал хураалтаар явуулж, ням гаригийн 02:00 цагийн үед тогтоолууд гарсан.

Холбооны тэргүүнийг сонгох сонгуулийн саналд дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ц.Магалжав нарын нэрийг хурлын төлөөлөгчид дэвшүүлсэн. Эдгээр нэр дэвшигчдээс дархан аварга Б.Бат-Эрдэнээс бусад нь нэрээ татаж авсан юм.

Ингээд тэргүүнийг сонгох санал асуулгад 143 төлөөлөгч саналаа өгсөнөөс гурван санал хүчингүй болж, нийт 140 санал дэмжсэнээр Б.Бат-Эрдэнэ Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдсон.

Холбооны тэргүүн болсон Б.Бат-Эрдэнэ ням гаригийн өглөө БНСУ-д парламентийн гишүүдийн хуралд оролцохоор болсноо хэлж, 7-10 хоногийн дотор холбооны бусад албан тушаалтнуудыг томилохоо илэрхийлсэн. Мөн холбооны ажил хуучин удирдлагууд болон Цэцдийн зөвлөлийн гишүүдийн оролцоотой эдгээр өдрүүдэд явагдахыг дуулгасан юм.











 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News