Ирэх таван жилд 150 мянган айл тохилог орон сууцтай болно » Төр.мн

Ирэх таван жилд 150 мянган айл тохилог орон сууцтай болно

 
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, "150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг  хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хоёрдугаар улиралд багтаан баталж, хэрэгжүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалгав.
Манай улсын суурин хүн амын тоо 2023 онд 3 сая 463 мянга гаруй, өрхийн тоо 962 мянга гаруй болох тооцоо байдаг. Төв, суурин газарт 673 мянга гаруй өрх, эдгээрийн 70 орчим хувь нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдрана гэж үзвэл дор хаяж 150 мянган орон сууц барих шаардлагатай. Тиймээс гэр хорооллын газрыг дахин төлөвлөж нийтийн зориулалттай 45 мянган орон сууц, иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газар дээр 57 мянган орон сууц, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, нийтийн зориулалттай 3000 орон сууц барихаар төлөвлөжээ. Мөн дагуул, хаяа хот, тосгодыг хөгжүүлэх төслийн хүрээнд нийтийн зориулалттай болон амины 16512 орон сууц барих аж. Түрээсийн 18 488 орон сууц барихаас гадна амины 10 мянган орон сууцыг инженерийн шугамд холбох ажлыг төлөвлөсөн байна. 
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгах, зээл, тусламжид хамруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо. Дээрх хөтөлбөр нь иргэдийн худалдан авах чадварт нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууц барих зорилготой юм. Ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөж, байгаль орчинд ээлтэй, инженерийн дэд бүтцэд холбогдсон тохилог гэр, амины болон нийтийн орон сууцны хороолол байгуулна. 
Мөн байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал багатай, ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн орон сууцыг дэмжиж, төрийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Тиймээс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах, нөхцлийг нь сайжруулахад онцгой анхаарахаар боллоо.
Хөтөлбөрийг 2019-2023 онд таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бүрдүүлж, орон сууцны даатгалын тогтолцоог боловсронгуй болгоно. Мөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг үе шаттай шийдвэрлэх, зээлийн урьдчилгаа төлбөрийг тэтгэврийн даатгалын нэрийн дансны хуримтлалаас төлөх, дулааны эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг тарифын бодлогоор дэмжих зэргийг хөтөлбөрт тусгасан  байна.
Дашрамд дурдахад, ноднингийн байдлаар, улсын хэмжээнд 894 мянга 500 орчим өрх байгаа бөгөөд нийслэлд 240 мянга, орон нутагт 58 мянга 500 гаруй инженерийн бүрэн хангамжтай орон сууц бий гэсэн статистик тоо гарчээ. 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News