“Хавдрын эсрэг үндэсний аян” Дархан-Уул аймагт тав хоног үргэлжилнэ » Төр.мн

“Хавдрын эсрэг үндэсний аян” Дархан-Уул аймагт тав хоног үргэлжилнэ

Хаан банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Хаан банк сан, Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран зорилтот бүлгийн иргэдийг цогц үзлэг шинжилгээнд хамруулах хавдрын эсрэг аяныг өрнүүлж байгаа аж. Энэхүү аяныг Дархан-Уул аймагт 5 хоногийн хугацаанд буюу энэ сарын 15-ныг дуустал хэрэгжүүлэхээр нээлтээ хийлээ.
Монголын хүн амын дунд нас баралтын хоёр дахь том шалтгаан болсон хавдрын өвчин аюулын харанга дэлдэж байгаад төр, хувийн хэвшил хамтран олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сануулга, анхааруулга зөвлөмж өгч, урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг мэдээлэл олгох, үндэсний хэмжээний аяныг өрнүүлж байгаа нь энэ аж.
Тус аяныг энэ жил нийслэлийн Хан-Уул дүүрэг болон Дархан-Уул, Хөвсгөл аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Дархан-Уул аймагт тав хоногийн турш үргэлжлэх аяны хүрээнд зорилтот бүлгийн иргэдийг хавдраас урьдчилан сэргийлэх цогц үзлэг шинжилгээнд хамруулж, олон нийтэд мэдлэг мэдээлэл олгон, эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах ажлыг Эрүүл мэндийн 2 дугаар төвд хийх ажээ. 
 Аяны багийнхан өнгөрсөн найман жилийн хугацаанд 70 мянга гаруй км зам туулан Монгол орны өнцөг булан бүрт хүрч 120 мянга гаруй иргэнийг хавдраас урьдчилан сэргийлэх цогц оношилгоонд үнэ төлбөргүй хамруулж 600 орчим иргэнд яаралтай мэс ажилбар хийсэн байна. Мөн 10.000 гаруй эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулжээ. 
Аяныг хамтран хэрэгжүүлэгч Хаан банк сангийн хувьд өнгөрсөн хугацаанд 1.1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт үзүүлжээ. 
Мөн орон нутгийн 2700 гаруй ажилтнаа эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнээр бэлтгэн хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд түгээсэн байна. 
Хавдрын эсрэг үндэсний аяны дараагийн зогсоол Хөвсгөл аймаг бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 17-ноос тав хоногийн турш эмч нарын баг тус аймагт ажиллах ажээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News