Азийн өсвөрийн бадминтончид Улаанбаатар ур чадвараа сорилоо » Төр.мн

Азийн өсвөрийн бадминтончид Улаанбаатар ур чадвараа сорилоо

Монголын бадминтон сонирхогчдын холбооны 20 жилийн ойн хүрээнд бадминтоны өсвөрийн олон улсын тэмцээн Спортын төв ордонд болж шилдгүүдээ шалгарууллаа.
Энэхүү гурав дахь удаагийн тэмцээнд Энэтхэг, Сингапур, БНСУ, Тайвань, Тайланд, Монгол, Макао зэрэг орны 106 тамирчин таван төрөлд өрсөлдсөн юм. Эх орныхоо дэвжээнд болсон тус тэмцээнд манай улсаас 40 гаруй тамирчин оролцсон ч медаль хүртэж чадсангүй. 2018 онд зохион байгуулсан тэмцээнээс Б.Сумъяасүрэн хүрэл медаль хүртсэн бол энэ удаа манай тамирчид хагас шигшээд шалгарсан амжилттайгаар тэмцээнээ дуусгав.
"Mines Up - Total Mongolia Junior Internationa series 2019” тэмцээний эрэгтэй хосын төрөлд Тайванийн Вэй Чүнь Вэй, Ү Гуань Шүн нар тэргүүлсэн бол эмэгтэй хосын төрөлд Тайванийн Лай Цү Юү, Вань Шин Юү нар түрүүлжээ. Харин холимог хосын төрөлд Тайванийн Чиань Чиен Вэй, Вань Шин Юү нар алтан медалийн эзэд болов. Тэмцээний хамгийн сонирхолтой төрөл болох ганцаарчилсан төрлийн эмэгтэйчүүдээс Тайландын Биняпа Аймсард тэргүүн байр эзэлж төрийн дууллаа эгшиглүүлэв. Эрэгтэйчүүдээс Тайванийн тамирчин Сү Ли Янь түрүүлсэн байна.
Энэ тэмцээний талаар Бадминтон сонирхогчдын холбооны менежер З.Галхүү "Энэ жилийн бадминтоны өсвөрийн олон улсын тэмцээнд өмнөх жилүүдээс олон улс, олон тамирчин оролцлоо. Цаашдаа ч оролцогчдын тоо нэмэгдэж, тамирчдын чансаа өндөр болж байгаа гэдгээрээ онцлогтой байв. Манай өсвөрийн тамирчдын ур чадварыг ахиулахад энэ тэмцээн чухал ач холбогдолтой” хэмээн ярьсан юм.  

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News