Б.Баасандорж: Шинэчилсэн загвартай иргэний үнэмлэхийг анх удаа авах хүмүүст олгоно » Төр.мн

Б.Баасандорж: Шинэчилсэн загвартай иргэний үнэмлэхийг анх удаа авах хүмүүст олгоно

 
Иргэний үнэмлэхийн загварыг шинэчилж, регистрийн дугааргүй болгох асуудлаар УБЕГ-ын дарга Б.БААСАНДОРЖТОЙ ярилцлаа. 
-Бид хэдхэн жилийн өмнө иргэний үнэмлэхээ солиулж, цахим болгосон. Тухайн үнэмлэхийнхээ давуу талыг үзэж амжаагүй байтал дахин шинэчлэх талаар ярьж эхэллээ. Ямар учраас шинэчилж, өөрчлөхөөр болов? 
-УИХ-аас өнгөрсөн оны зургаадугаар сарын 21-нд Улсын бүртгэлийн багц хуулийг баталсан. Ингэснээр шинэчилсэн хуулийг мөн оны арваннэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хуулийн дагуу иргэний үнэмлэхийн загварыг шинэчилж батлах ёстой болж, ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн ажиллаж байна. Мөн эдгээр багц хуульд иргэний ямар мэдээлэл нээлттэй, хязгаартай, хаалттай байхыг тусгаж өгсөн. Иргэний үнэмлэх дээр бичсэн гэрийн хаяг болон регистрийн дугаар нь хязгаартай мэдээлэл. Тухайлбал, иргэний үнэмлэх дээрх регистрийн дугаараар иргэн хаана төрсөн, хэдэн настай, эрэгтэй, эмэгтэй эсэхийг хүртэл мэдэж болдог. Тэгэхээр бид эдгээр мэдээллийг агуулдаг регистрийн дугаарыг иргэний үнэмлэхийн чипэн дотор шивдэг болохоор тогтсон. Харин иргэний үнэмлэхийн загварыг шинэчлэхдээ улсын бүртгэлийн 12 оронтой дугаарыг ил гаргана. Одоо бидний хэрэглэж буй үнэмлэх дотор 12 оронтой дугаар бий. Тиймээс энэ дугаарыг хэрэглээнд оруулахаар болсон гэсэн үг. Энэ дугаарт зөвхөн иргэний үнэмлэхийн дугаар биш тухайн иргэнтэй холбоотой бүх мэдээллийг оруулах юм. 
-Тухайлбал, ямар мэдээл- лийг багтаахаар төлөвлөсөн бэ. Ингэснээр иргэдэд ямар давуу тал бий болох вэ? 
-Монгол Улсын нэг иргэнд арав гаруй бичиг баримт байдаг. Тухайлбал, эрүүл мэнд, нийгмийн халамж, татвар төлөгчийн дэвтэр, жолооны үнэмлэх зэрэг олон бичиг баримт, дугаар бий. Тиймээс "Нэг иргэн-нэг бүртгэл” хөтөлбөрийн хүрээнд дээрх бичиг баримтын мэдээллийг 12 оронтой дугаарт оруулж өгөх юм. Ингэснээр иргэн тухайн дугаараа хэлээд төрийн аль ч байгууллагаас үйлчилгээ авах боломжтой. Олон улсад яг ийм жишгийг нэвтрүүлж, хэрэгжүүлдэг. Мэдээллийн технологи дэлхийд хурдацтайгаар хөгжиж буй энэ цагт улсын бүртгэлийн системийг ухаалаг систем рүү шилжүүлэх цаг болсон. 
-Тэгэхээр өмнө нь шинэчилж байсан шиг бүх хүний иргэний үнэмлэхийг солих уу? 
-Бүгдийг нь солихгүй. Одоо хэрэглэж буй иргэний үнэмлэх хүчинтэй хэвээрээ байна. 
Харин анх удаа шинээр иргэний үнэмлэх авч буй 16, солиулж буй 25, 45 насны болон хаясан, гээсэн хүмүүст шинэчилсэн загвартай үнэмлэхийг олгоно. Ямар нэгэн бичиг баримтын загварыг шинэчлэхэд тухайн үед хэрэглэж буй бичиг баримт хүчинтэй хэвээрээ байдаг.
 Тухайлбал, жолооны хуучин үнэмлэх одоо ч хүчинтэй шүү дээ. Шинээр авч буй хүмүүст нь жолооны шинэ үнэмлэх олгодог. Яг үүнтэй адил одоо хэрэглэж буй болон цаашид шинээр олгох иргэний үнэмлэх хоёулаа хүчинтэй байна. Гэхдээ өөрийн хүсэлтээр иргэний үнэмлэхээ шинэчилсэн загвараар солиулж болно. 
-"Сонгуультай давхцан иргэний бүртгэлтэй холбоотой асуудлыг хөндөх гэж байна” хэмээн олон нийт шүүмжилж байна. Иргэний үнэмлэхийн загварыг шинэчлэх ажлыг хэзээнээс эхлүүлэх вэ?  
-УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө энэ ажлыг хийхгүй. Үүний дараа буюу ирэх оны арваннэгдүгээр сард хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
-Анх удаа иргэний үнэмлэх авч буй болон солиулах хүмүүс шинэчилсэн загвартай үнэмлэх авахдаа одоогийн тогтоосон үнэд нэмж мөнгө төлөх үү? 
-Иргэний үнэмлэхийн үнийг нэмэхгүй. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулиар Монгол Улсын 16 нас хүрсэн иргэн 18300 төгрөг төлж анх удаа авдаг. Энэ үнээр л олгоно. Солиулж буй тохиолдолд ч мөн адил. Тиймээс энэ ажлыг хийхэд ямар ч нэмэлт төсөв мөнгө шаардлагагүй.  
-Жилд хэчнээн иргэн үнэмлэхээ шинээр авч, солиулдаг вэ?
 -Жилд дунджаар250 мянган иргэн үнэмлэх авдаг. Үүнээс 100-110 мянга нь иргэний үнэмлэхийнхээ хүчинтэй байдлыг алдагдуулсан буюу хаяж, гээсэн байдаг. Энэ тохиолдолд мөн адил 18300 төгрөгөөс гадна торгууль төлдөг. Иргэний үнэмлэх мөнгөн дэвсгэрттэй адил үнэт цаас учраас хаяж, үрэгдүүлэхгүй байх талаар хуульд тусгаж, иргэнийг үүрэгжүүлсэн байдаг. Тиймээс хаяж, гээсэн тохиолдолд 30 мянган төгрөгийн торгууль төлж, дахин авдаг.
-Нэг иргэнд байгаа арав гаруй бичиг баримтыг олгохгүйгээр мэдээллийг нь тухайн 12 оронтой тоонд оруулна гэсэн үг үү?
-Тухайн бичиг баримт бүгд дугаартай. Тиймээс тус бүртээ дугаартай, бичиг баримт олгохгүйгээр иргэний үнэмлэх дэх 12 оронтой тоонд мэдээллийг нь оруулдаг болох юм. Жишээлбэл, эрүүл мэнд, татвар, халамжийн зэрэг төрийн байгууллагууд холбоотой мэдээллээ түүнд орууна гэсэн үг. Иргэн татвартай холбоотой мэдээлэл авахаар бол тухайн байгууллагад хандаад 12 оронтой тоогоороо үйлчлүүлэх боломжтой болох юм.
"Нэг иргэн-нэг бүртгэл” хөтөлбөрийн хүрээнд ухаалаг иргэний үнэмлэхэд суурилж, бүх салбарын мэдээллийг багтаахаар зорьж байна. Ингэснээр иргэд олон бичиг баримт авч явах шаардлагагүй болно.
-Бидний одоо хэрэглэж байгаа иргэний үнэмлэх дотор 12 оронтой дугаар байдаг юм байна. Үүнийг ашиглаж, төрийн үйлчилгээг авах боломжтой юу?
-Монгол Улсын 2.5 сая иргэн иргэний үнэмлэхтэй. Эдгээр үнэмлэх дотортухайн 12 оронтойтоо байгаач хэрэглээнд нэвтрүүлээгүй. Тиймээс үүнийг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд холбогдох хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах ёстой. Одоо бид татварын байгууллагатай хамтарч ажиллан хамгийн түрүүнд энэ төрлийн үйлчилгээг иргэний үнэмлэхээр авдаг болгох гэж байна. Цахим үнэмлэх ямар давуу талтайг харуулж, жинхэнэ утгаар нь ашиглах боломжийг бүрдүүднэ. Үүнийг эхлүүлэхээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулан ажиллаж байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Цахим засаглал" буюу "е-Монголиа” хөтөлбөртэй нягт холбоотой 
-Иргэний цахим үнэмлэх гэдэг ч нотариатаар давхар батлуулахыг шаарддаг тохиолдол гардаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэх ёстой вэ? 
-Төрийн аль ч байгууллагаас үйлчилгээ авахад иргэний үнэмлэхийг нотариатаар заавал батлуулах шаардлагагүй. Улсын бүртгэлийн багц хуулийн үзэл баримтлалын дагуу төр өөрт байгаа мэдээллээ иргэдээс нэхэхгүй гэдэг зарчмаар цахим үйлчилгээний хэрэглээгээ илүү нэмж байгаа. Харин зарим хувийн хэвшил, банк зэрэг нь ТҮЦ машинаас авсан лавлагааг хүлээн зөвшөөрдөггүй тохиолдол гардаг. Тиймээс энэ талын зохицуулалтыг холбогдох хуульд давхар багтааж өгөх нь зүйтэй. Монгол Улсын Засгийн газар мэдээлэл харилцаа холбооны технологийн хөгжилд өндөр ач холбогдол өгч олон чухал шинэлэг зорилтыг дэвшүүлсэн. Үүний нэг жишээ бол "Нэг иргэн-нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн явдал. 
-"Нэг иргэн-нэг бүртгэл” хөтөлбөрт ямар зорилт тусгасан бэ. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр улсын  бүртгэлд ямар ахиц дэвшил гарах вэ? 
-"Нэг иргэн-нэг бүртгэл” хөтөлбөрийг өнгөрсөн оны тавдугаар сарын 23-нд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан. Хөтөлбөрт бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлж, төрийн болон цахим бизнес, онлайн банкны үйлчилгээг жигд, тэгш авах нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн төрийн ой санамж болох улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан, өгөгдлийн бүрэн бүтэн, нэгдмэл, аюулгүй байдлыг хангаж нэг эх сурвалж бүхий мэдээлэл, нээлттэй өгөгдлийг бий болгох зэрэг зорилтыг тусгасан. Өнгөрсөн оноос УБЕГ-ын 23 төрлийн үйлчилгээг "burtgel.mn" цахим хаягаар үнэ төлбөргүй авах системийг нэвтрүүлээд байгаа. Хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 192 мянган аж ахуйн нэгжийн мэдээллийг цахим санд нээлттэй байршуулан иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг хангасан. Мөн энэ оны эхнээс иргэний үнэмлэхийг онлайн системээр захиалдаг болгосон. Ингэснээр 1100 гаруй иргэн иргэний үнэмлэхээ онлайнаар аваад байна. 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News