Тээвэрчид “ЦАРЦАА” биш » Төр.мн

Тээвэрчид “ЦАРЦАА” биш

 Тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл, Баян зам тээврийн холбооноос өнөөдөр үндсэн хуулийн цэцэд хандаж буйгаа мэдээллээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ны өдрөөс зогсоохоор заасан нь улс хоорондын нүүрс тээвэрт зүтгэж буй 20 мянган тээвэрчдийн сонгох эрхийг хязгаарлаж байна гэж тэд үзлээ. Энэ асуудлыг харгалзан сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахгүй нөхцөлд Цэцэд  маргаан үүсгэж, "Сонгох эрхээ хамгаалах түр хороо”-г байгуулж нэгдэн тэмцэхээ мэдэгдсэн юм. 

Тээвэрчид харьяаллынхаа газар саналаа өгөх боломжгүй хэд хэдэн шалтгаан бий. 
-Хуулинд заасны дагуу хоёрдугаар сарын 1-ны дотор шилжилт хөдөлгөөн хийж амжаагүй тээвэрчид харьяа нутаг дэвсгэртээ очиж сонгуульд саналаа өгөх ганц боломж үлдэнэ. Гэвч гаалийн лацтай экспортын нүүрс ачсан жолоочид тээвэрлэлтийн замд машинаа орхих боломжгүй. 
-Гашуун сухайт боомт чиглэлийн 6000 орчим тээвэрчид сонгуульд саналаа өгөхөөр тээвэрлэлтээ нэг л өдөр зогсооход Монгол Улс 25.3 орчим тэрбум төгрөгийн алдагдалд орох эрсдэлтэй. Жолоочид хот хоорондын тээвэрт, ирж буцахад дор хаяж гурван хоног зарцуулна.  
-Нэг удаагийн рейс тээврээр 700 мянган төгрөгийн цалин авдаг жолоочид орон нутаг руугаа явах зардал, хөлс гээд санхүүгийн бэрхшээл үүснэ. 
Энэ талаар "Баян зам” тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Д.Баярхүү хэлэхдээ "Тавантолгой-Гашуун сухайт боомт чиглэлд нүүрс тээвэр хийж байгаа жолооч, дагалдан ажиллаж буй бизнес эрхлэгч, дагалдан явдаг ар гэрийнхэн нийлээд 20 мянга орчим сонгогч зөвхөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа. Дор хаяж 6000 тээвэрчдийн санал өгөх боломж хязгаарлагдаж байна гэж үзэхэд нийт санал өгөх эрхтэй, хоёр сая орчим сонгогчын нэг хувь болж байгаа. Энэ нь хоёр сум буюу нэг тойргийн хэмжээний сонгогчид хуулийн заалтаас болж шилжилт хөдөлгөөн хийж, сонгох эрхээ эдэлж чадахгүй байна гэсэн  үг” гэлээ.
"Царцаа нүүдлийг зогсооно” гэх шалтгаанаар зарим улс төрчдийн зүгээс лобби хийж, сонгуулийн шинэ хуулинд оруулж батлуулсан зарим заалт үндсэн хуулийн 16-д заасан эрхийг зөрчсөн тул сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар иргэдийнхээ сонгох эрхийг эрх тэгш хангах төрийн үүргээ биелүүлэхийг тэд шаардлаа.
ТӨР.МН 
Б.ХОНГОРЗУЛ



скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News