Бие бүрэлдэхүүнийг эрсдэл бүхий бүс, нутагт зорчих хөдөлгөөнийг зогсоосон » Төр.мн

Бие бүрэлдэхүүнийг эрсдэл бүхий бүс, нутагт зорчих хөдөлгөөнийг зогсоосон

 
Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит Сэлэнгэ аймаг дахь шалган нэвтрүүлэх Хилийн 0101-р ангийн бие бүрэлдэхүүн шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг хэрхэн ханган ажиллаж буй талаар сурвалжиллаа.
Тус ангийн зүгээс Шалган нэвтрүүлэх албаны манаанд томилогдсон бие бүрэлдэхүүндээ зөгийн бал, нохойн хошууны ханд, үзэмний шүүс, халуун аарц, чацаргана олгож, биеийн дархлааг дэмжих үйл ажиллагааг тогтмол явуулж байгаа гэнэ. Мөн нэг удаагийн амны хаалт 1500 ширхэг, жавелинь 1200 ширхэг, спирт 3 литр, 30 мл-ийн санитол 250 ширхэг, нэг удаагийн резинэн бээлий 900 ширхэгийн нөөц бүрдүүлж, албаны бэлэн байдлыг ханган ажиллажээ. Түүнчлэн эм ханган нийлүүлэх "Нью ремеда” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Тус компанийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 1610000 төгрөгийн үнэ бүхий гурван нэр төрлийн 460 хайрцаг амин дэмийг хилчдэд илгээжээ. Ингээд дэлхий нийтийг айдаст автуулан буй шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг тус анги дээр хэрхэн зохион байгуулж буй талаар холбогдох албаны хүмүүсийн яриаг хүргэе.
Бие бүрэлдэхүүнийг эрсдэл бүхий бүс, нутагт зорчих хөдөлгөөнийг зогсоосон

Сэтгэл зүй, мэдээлэл, соёл, сурталчилгааны албаны дарга, хэвлэлийн төлөөлөгч, хошууч Б.Баянмөнх: ”Ангийн захирагчийн 2020 оны 1-р сарын 27-ны өдрийн "Нэмэлт арга хэмжээ авах тухай” А/17 тоот тушаалын дагуу бие бүрэлдэхүүнд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Алтанбулаг авто замын, "Сүхбаатар” төмөр замын хилийн боомтоор нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэхдээ гарах, орох чиглэлд ХМХ-ын улсын ахлах байцаагч зорчигчдын биеийн халууныг үзэж, сэжиг бүхий зорчигч байгаа эсэхийг шалгаж, нягталсны дараа зорчигчийн баримт бичгийн шалгалт, тээврийн хэрэгслийн үзлэгийг хийдэг. Энэ шалгалтын бүрэлдэхүүнийг амны хаалт, бээлийтэй үүрэг гүйцэтгүүлж, дууссаны дараа хамгаалах хэрэгслийг хурааж, устгалд оруулан халдвар хамгааллын дэглэм сахин ажиллаж байна. Мөн ангийн төвийн хаалганы дэргэд ариутгалын бодис бүхий хайрцаг байршуулж, алба хаагчдын гутлыг арчуулан халдваргүйжүүлэн нэвтрүүлж байгаа. Бие бүрэлдэхүүнийг эрсдэл бүхий бүс, нутагт зорчих хөдөлгөөнийг зогсоож, олон нийтийг хамарсан хурал, цуглаан, сургалт, спортын арга хэмжээг зохион байгуулахыг хориглолоо. Цэргийн алба хаагчид, хилийн манаа, гадна ажилд үүрэг гүйцэтгээд байрлалдаа ирэх бүрт гарын ариун цэврийг сайтар сахиулж, хүч нэмэгдүүлэн олгосон тусгай хэрэгслүүдийг 75 хувийн спиртийн уусмал, гар ариутгагчаар ариутган халдваргүйжүүлж байна” хэмээв.
Бие бүрэлдэхүүний ажил амралтыг зохицуулж, дархлааг сайн байлгах арга хэмжээг авч байна

Тус ангийн Эрүүл мэндийн төвийн дарга а/д Б.Баярцэцэг: Манайх одоогоор хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчид, хоногт үүрэг гүйцэтгэж байгаа харуул хамгаалалтад байгаа бие бүрэлдэхүүндээ урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Өглөө 10 цагт зөгийн бал, чацаргана, нохойн хошууны ханд, оройн 17.00, 22.00, 24.00 цагт мөн дархлаа дэмжих дээрх бэлдмэлүүдийг өгч хэвшсэн. Өдөр бүр бие бүрэлдэхүүнд ЭМЯ-наас гаргаж байгаа мэдээллийг хүргэж байна. Анги байгууллага амны хаалтыг тогтмол хэрэглэж хэвшсэн. Гаднаас орж ирж байгаа иргэдийг амны хаалтгүй бол нэвтрүүлэхгүй байх шаардлагыг тавьж байгаа. Хэдийгээр амны хаалт хомсдолтой байгаа ч дотоод нөөц боломжоо ашиглаад хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчиддаа угаадаг амны хаалтыг хэрэглүүлж байна. Харин ээлжинд гарч байгаа бие бүрэлдэхүүнд нэг удаагийн амны хаалтыг хэрэглэж байгаа. Мөн гар ариутгагч санитол, жавелиний гурав хоногийн нөөцийг бүрдүүлсэн. Бэлэн байдлын хайрцаг гаргасан.
Тухайлбал онцгой нөхцөл үүссэн тохиолдолд бүх ажилтан албан хаагчид харуул хамгаалалтад 24 цагт үүрэг гүйцэтгэх хүнд 8 ширхэг амны хаалт, 12 цагаар үүрэг гүйцэтгэх хүнд 4 ширхэг амны хаалт өгнө гэх мэтээр тухай бүрт нь жагсаалт гаргаад байна. Зорчигчид болон хилээр нэвтэрч буй хүмүүст эхлээд хилийн мэргэжлийн хяналт орж биеийн халууныг хэмжсэний дараа манайх шалгалтын үйл ажиллагаа явуулдаг. Халдваргүйтгэлийг өрөө тасалгаанд өдөрт хоёр удаа 0.06 хувийн жавелины уусмалаар хийж байгаа. Мөн 2 цаг тутам өрөөнд агааржуулалт хийж байна. Гар ариутгагч санитасыг тухай бүр нь хэрэглэхээр застав боомтууддаа тараасан.  Дуудлага гарсан тохиолдолд манай эрүүл мэндийн алба яаралтай түргэн тусламжийн машинаараа очиж үзлэг хийгээд, хавьтлыг судалсны дараа эмчилгээ хийдэг.
Одоогийн байдлаар шинэ коронавирусний халдварын шинж тэмдэгтэй илэрсэн, халууралтай хүн байхгүй. Гэхдээ улс даяар дэгдээд байгаа H1N3-ийн байж болохоор 38.5-аас дээш халуурах, зүрхний тоо олшрох, артерийн даралт ихсэх гэх мэт, зөөлөн тагнай улайх, гүйлсэн булчирхай үрэвсэх шинж тэмдэг бол алба хаагчид дунд бий. Хил хамгаалах ерөнхий газрын даргын хүнсний хангалтын заавар гэж байдаг. Үүний дагуу хоол хүнс маань орж байгаа. Түүнээс гадна -30 хэмээс дээш хүйтэрсэн тохиолдолд хугацаат цэргийн алба хаагчдад хэт хүйтэрсэн үеийн нэмэлт гэж байдаг. Үүнийг давхар олгон ажиллаж байна. Бие бүрэлдэхүүний ажил амралтыг зохицуулах, дархлааг сайн байлгах үүднээс хоногийн харуул хамгаалалтыг тэнцвэржүүлэн, ажил, амралтын график гарган застав бүр хариуцан явж байна. Манай ангид одоогоор 1500 ширхэг амны хаалт, 30 мл-тэй 250 ш санитас, 1500 ш жавелины уусмал, 30 ш нэг удаагийн ус нэвтэрдэггүй зөөлөн хамгаалалтыг ХХЕГ-аас өгсөн.
Урд өмнөхөө бодвол зорчигчийн тоо багассан

Төмөр замын шалган нэвтрүүлэх заставын сургалт эрхэлсэн орлогч, хошууч Ж.Ариунболор: Манай боомтын бие бүрэлдэхүүн шалган нэвтрүүлэх албанд үүрэг гүйцэтгэхдээ 30 минутын өмнө манааны бэлтгэлийг хангаж, бие бүрэлдэхүүний эрүүл мэнд, аюулгүй байдал, үйлчилгээний стандартыг хангах зорилгоор үзлэг шалгалтаа хийдэг. Бид бие бүрэлдэхүүний эрүүл ахуй хангагдсан эсэх, мөн хангалтаар олгосон амны хаалт, резинэн бээлий, санитас коронавирусний халдвараас хамгаалах бүх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор Олон улсын суудлын галт тэрэг орж ирэхээс өмнө харилцан ажиллагаатай байгууллага болох ХМХ /хилийн мэргэжлийн хяналт/-тай хамтарч ажиллаж байна. Боомтын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу энэ өвчний дэгдэлтийн үеэр ХМХ-ын хяналт шалгалтыг эхлэхээс өмнө зорчигч болон үйлчлэх бүрэлдэхүүний аюулгүй байдал, эрүүл мэндэд тандалт хийлгэх зорилгоор түрүүлж оруулж, эрүүл мэндэд нь хяналт тавьсны дараагаар хил хамгаалах алба, гаалийн байгууллагын хяналт шалгалтыг явуулж байна. Одоогийн байдлаар ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй. Илэрсэн тохиолдолд урьдчилан сэргийлж ажиллах төлөвлөгөө, хилийн хяналтын байгууллагуудтайгаа хамтран ажиллах журмын дагуу тухайн галт тэргийг хяналтдаа байлгаж, авах ёстой бүх арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа. Бие бүрэлдэхүүн хяналт шалгалт хийж байхад нэг бүрийн хамгаалах хэрэгсэл амны хаалт, резинэн бээлий зэргийг байнга өмсөж хэрэглүүлж, паспорт хурааж авсны дараа шалгагч бүрэлдэхүүний гарыг ариутгуулж байна. Тэдний хэрэглэсэн нэг удаагийн хамгаалах хэрэгслүүдийг хилийн мэргэжлийн хяналт болон ангийн хүн эмнэлгийн албаны хяналтан дор устгах арга хэмжээг зохион байгуулж байгаа.
Урд өмнөхөө бодвол зорчигчийн тоо багассан. Тэр тусмаа удирдлагаас өгсөн шийдвэрийн дагуу улсын хилээр нэвтэрч байгаа БНХАУ-ын иргэдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрийн дагуу Гадаадын иргэн харьяатын байгууллагатай хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн зогсоосон. Одоо явж байгаа Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Москвагийн чиглэлийн зорчигчийн хөдөлгөөн ерөнхийдөө багассан. Ихэвчлэн ОХУ, Монгол Улсын иргэд явж байгаа. Мөн Европын улс орноос явж байна. Урд нь Азиар дамжаад явдаг тоо цөөрсөн. Мөн харилцан хамтын ажллагаатай байгууллага болох ХМХ-ын байгууллагаас хамгаалах хувцас хэрэгслээ хэрхэн өмсөж, хэрэглэх, коронавирусний халдвараас хэрхэн хамгаалах талаар сургалт зөвлөгөөг өдөр бүр өгч, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байгаа.
Хилээр нэвтэрч буй зорчигчдын тоо хэлбэлзэлтэй байна
Шуурхай удирдлага, мэдээлэл, дүн шинжилгээний албаны дарга, дэд хурандаа Г.Хишигбаатар: Өмнөд хөршид коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор Алтанбулаг автозамын шалган нэврүүлэх боомтоор нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн тоо 18 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Яг газар дээр нь үүрэг гүйцэтгэж байгаа манай албан хаагчид эрүүл мэндийн төв, эмнэлгээс өгч байгаа зөвлөмж, санамжуудын дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтүүдийг байнга хийж байгаа. Нэг удаагийн амны хаалтыг 2-3 цаг зүүгээд хаях, гараа санитол, санитас зэргээр ариутгаж, резинэн бээлийтэй үүрэг гүйцэтгэдэг. Сэлэнгэ аймгийн ОБГ-аас өнгөрсөн тав дахь өдөр очиж үзлэг хийсэн. Хилийн мэргэжлийн хяналтын газраас орж, гарч байгаа тээврийн хэрэгслүүдэд ариутгал хийж байна. Хилээр орж, гарч байгаа зорчигчдод хамгийн түрүүнд ХМХ-ын байгууллага үзлэг хийж, нэвтрүүлж байна. Гэхдээ хилээр нэвтэрч буй зорчигчдын тоо хэлбэлзэлтэй байгаа.     

 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News