Коронавирус ба сарьсан багваахай » Төр.мн

Коронавирус ба сарьсан багваахай

 
САРЬСАН БАГВААХАЙ ШӨНИЙН ИДЭВХТЭЙ ХӨХТӨН АМЬТАН
Сарьсан багваахай нь Chi­roptera буюу гар далавчтаны багт хамаарагддаг шөнийн идэвхтэй хөхтөн амьтан. Сарьсан багваахайн сонсголын эрхтэн маш сайн хөгжсөн байдаг бөгөөд шөнийн харанхуйд зүг чигээ алдалгүй нисч, идэш тэжээлээ хялбар олдог. Өөрөөсөө хэт нам дуу авиа гаргаж түүгээрээ баримжаалан тухайн орчны мэдээлэл, идэш тэжээл болон дайсан амьтнаа ялгаж салгадаг. Бүрэнхийн идэвхтэй амьтан тул сарьсан багваахайн нүд тун сайн байх гэж олон хүн боддог. Гэтэл энэ амьтан нүднээсээ илүү чихэндээ итгэдэг. Өөрөөсөө хэт нам дуу авиа гаргаж түүгээрээ орчноо баримжаалдаг. Хэт нам дуу авиа гэдэг нь нэг үгээр хэлбэл цуурай гэсэн үг. Сарьсан багваахайн гаргасан хэт нам дуу авиаг хүн энгийн мэдрэхүйгээрээ сонсох боломжгүй. Энэхүү авиа нь орчны биетүүд, амьтан, ургамал, хорхой шавьж зэргийн талаарх бүх мэдээллийг эзэндээ дамжуулдаг байна. Сарьсан багваахай нь сүргээр амьдардаг амьтан. Үржил нь тун өвөрмөц. Намар орой ороо нийллэгт орно. Энэ үед эр сарьсан багваахайн өндгөн эс эмийнхээ бэлгийн эстэй нийлж үр тогтдог ч тэр нь эмэгчнийхээ биед өвөл, хаврын турш хадгалагддаг байна. Ингээд хойтон жилийнх нь зун зургаа, долдугаар сарын үед эмэгчин сарьсан багваахай төллөж, нэгээс хоёр зулзага гаргадаг. Зулзага нь үс хөрсгүй улаан гөлчгий мэт амьтан гардаг ч тун хурдан буюу ердөө л гурван долоо хоногийн дотор бүрэн бойжиж нисэх чадвартай болдог. Гар далавчтаны багт ганцаараа багтдаг энэ амьтан хуурай газрын хамгийн өвөрмөц хөхтөнд зүй ёсоор тооцогддог. Үржлийн бүдүүлэг гэмээр хэлбэр, бусдаас ялгарах онцлог сэлт нь энэхүү амьтныг нэлээд эрт цагт үүссэний илрэл гэж эрдэмтэд үздэг. Сарьсан багваахай гарал үүслээрээ бол хүнээс даруй 60 гаруй сая жилээр ах. Судлаачид энэ амьтныг кайнозойн эриний палеоцений галавт, өөрөөр хэлбэл 70 сая жилийн өмнө үүссэн гэж тогтоосон. Харин хүн 70 мянган жилийн өмнө үүссэн.
Сарьсан багваахайн нас дунджаар 1520 орчим жил. Манай зарим эрдэмтэн Хар ус нуурын орчимд сарьсан багваахайд бөгж зүүн судалгаа хийхэд хамгийн удаан амьдарсан нь 20 жил насалсан байжээ. Харин Сибирээс 49 насалсан сарьсан багваахай олдож байж. Сарьсан багваахай тогтсон үүр сууц бариад байдаггүй. Энэ амьтан нь Монгол Улсын Засгийн газрын ховор амьтны жагсаалт болон Монгол Улсын улаан номонд тус тус орсон хязгаарлагдмал тархацтай ховор амьтан юм. Тоо толгой нь цөөрвөл байгальдаа буцаад сэргэх боломжгүй байдаг аж.

200 ГАРУЙ ТӨРЛИЙН ВИРУС ТЭЭДЭГ
Хойд Америкийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар энэ амьтан нь галзуугийн вирус тээдэг нь тогтоогджээ. Мөн 200 гаруй төрлийн вирусийг тээдэг бөгөөд үүний 17 нь хүнд халдварладаг. Галзуу өвчин, эбола вирус, маргбург, хантавирус, коронавирус, ласса чичрэг, САРС халдварыг тээж дамжуулдаг гол амьтан юм байна. Сарьсан багваахай шөнийн идэвхтэй амьтан тул өдрийн цагаар унтаж байх үед нь гэнэт сэрээх, үргээхэд цочиж биеэ хамгаалах зорилгоор чанга дуу чимээ гаргах, далавчаа хүчтэй дэвэн дайрах, урд мөч болох хурц сарвуугаа ашиглан урах, маажих, цаашлаад хазаж гэмтээх зэрэг хариу үйлдэл үзүүлдэг. Хэрэв хазсан тохиолдолд дээрх өвчний халдвартай сарьсан багваахайн шүлс, шингэн хүний биеийн цусанд орж өвчин үүсгэх эрсдэлийг дагуулна.
КОРОНАВИРУСМУУР, ЗАРАА, ТАРВАГА ЗЭРЭГ АМЬТДААСЧ ХҮНД ХАЛДДАГ
Дэлхий дээр сарьсан багваахайн 1300 орчим зүйл бий. Ихэнх нь халуун дулаан оронд байдаг. Манай орны хувьд сарьсан багваахайн төрөл зүйлийн тоогоор маш бага, одоогоор 20 зүйл тэмдэглэгдсэн. ОХУд 70 орчим зүйл, БНХАУд 100 гаруй зүйлийн сарьсан багваахай бий. Монголын сарьсан багваахай нь шавьжаар хооллодог онцлогтой. Хэдийгээр сарьсан багваахай нь экосистемийн өндөр ач холбогдолтой амьтан боловч хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн Хятадад коронавирус тархсан нь жимсээр хооллодог том биетэй алтан титэмт сарьсан багваахайнуудыг хүнсэндээ хэрэглэснээс үүдсэн гэж дэлхий нийтээр таамаглаж байна. Мэдээж тухайн амьтныг хүнсэнд хэрэглэхийн тулд боловсруулалтад оруулах учраас хүний нүдэнд үл үзэгдэх вирус агаарт дэгдсэнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ цөөн төрлийн коронавирус сарьсан багваахайнаас гадна муур, зараа, тарвага зэрэг амьтдаас хүнд халддаг.
САРЬСАН БАГВААХАЙТАЙ АМТАТ ЗООГУУД

Зөвхөн Хятад гэлтгүй, Азийн зарим оронд сарьсан багваахайтай шөл, хуурга, жигнэсэн сарьсан багваахай, жимстэй чанасан сарьсан багваахай, шарсан сарьсан багваахай зэрэг үнэтэй хоолууд бий. Энэ нь зарим тосгоны уламжлалт хоол бөгөөд сарьсан багваахайтай зоогийг нь харах гэж, амтлах гэж очдог жуулчид бий. Нэг талаар энэ хоолоор дамжуулж жуулчдыг татдаг юм байна. Сарьсан багваахайн шөл тахианы махтай шөлтэй амтаар ойролцоо бөгөөд ялз чанаад ногоогоор хачирлахад элдэв амт мэдрэгддэггүй юм байна. Арьс, үсийг нь хөгц амтагдах хүртэл зажилж иддэг ажээ.
АЛТАН ТИТЭМТ САРЬСАН БАГВААХАЙ
Алтан титэмт сарьсан багваахай (Acerodon ju­batus) нь ховор, жимсний сарьсан багваахай бөгөөд дэлхийн хамгийн том сарьсан багваахайд тооцогдоно. Энэхүү амьтан нь зөвхөн Филиппин улсын ой ширэнгийн агуйд амьдардаг. Алтан титэмт сарьсан багваахайн нүүр нь үнэгтэй их төстэй тул англи нэр нь Аварга алтан титэмт нисдэг үнэг. Тэд урт шөнтгөр хамар, жижиг чихтэй бөгөөд толгой нь шаргал үстэй, бие нь хар өнгөтэй байна. Бусад жимсний сарьсан багваахайн адил сүүлгүй. Далавчаа дэлгэхэд дунджаар 1.5 метр, биеийн жин нь 1.2 кг хүрдэг.
ХЭТ НАМ ДУУ АВИА НЬ ВИРУС ТАРААДАГ УУ?
Сарьсан багваахайн гаргасан хэт нам дуу авиа нь хортой бөгөөд нам долгионоороо дамжуулж вирусээ тархаадаг байж болзошгүй гэх шинэ таамаглалыг дэвшүүлжээ. Мөн энэ долгион нь өөр бусад амьд организмд таагүй нөлөө үзүүлдэг хортой байх магадлал бий гэнэ. Коронавирус хэрхэн хүнд халдварласан байж болох вэ гэдэг таамаглалууд дунд энэ таамаг шинээр орж ирээд байна.
ЦАГААН САРЫН ӨМНӨ ХЯТАДУУД ТАВАН ШИРХЭГ САРЬСАН БАГВААХАЙ ЧАНАЖ ИДДЭГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ВЭ?

Монголчууд сарьсан багваахайг живэрт хулгана гэдэг. Эртний анагаах ном сударт сарьсан багваахайн мах, тархи нь нас уртасгаж, хүнд өвчнөөс гэтлэхэд тусалдаг гэж бичсэн байдаг юм. Живэрт хулганы мах, тархийг хатааж борцлоод өвлийн цагт эмийн жороор, маш бага тунгаар өгдөг тухай мэр сэр мэдээлэл байдаг агаад ийм төрлийн эмчилгээг төдийлөн таашаадаггүй байжээ.
Эртний египетчүүд сарьсан багваахайг хараа муудах, шүдний өвчин, халуун чичрэг, үс халзрах зэрэг өвчөөс урьдчилан сэргийлдэг хэмээн бэлгэдэж хаалганыхаа дээд талд өлгөдөг байжээ. Өдгөө Африк, Карибын тэнгисийн зарим оронд шашны зан үйлд сарьсан багваахайг бурхантай адилтган хүндэтгэх нь бий. Харин хятадууд сарьсан багваахайг эрүүл мэнд, эд баялаг, энх амгалан, давуу байдал, урт удаан амьдралын бэлгэ тэмдэг хэмээн үзэж Цагаан сарын баяраа угтаж айл болгон таван ширхэг сарьсан багваахай чанаж, шөлийг нь уудаг заншил одоо ч зарим газарт бий гэнэ. Сарьсан багваахайн далавч эзэндээ аз дууддаг, шөнөөр эзнээ элдэв халдлагаас хамгаалдаг гэж үздэг. Түүнчлэн сарьсан багваахай байшин барилгын хана, дээвэрт тодорхой хугацаанд орогнох явцдаа их хэмжээний ялгадас үлдээдэг. Үүн дээр нь үхэж үрэгдсэн сарьсан багваахайн сэг зэм ч нэмэгдэж их хэмжээний хаягдал үүсгэдэг аж. Гэтэл энэ ялгадас буюу бөөгнөрлийг органик бодисоор баялаг гэж үзэн шувууны сангастай адил бордоо болно гэж үзэж газар тариаландаа ашигладаг юм байна. Гэтэл сарьсан багваахайн ялгадас ямар ч шим тэжээлгүйг эрдэмтэд судлаад нотолжээ.
Д.Гансаруул
Эх сурвалж: Өдрийн сонин

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News