Нүүдэлчдийн соёлын дархлаа ба хүн төрөлхтөнд үлдээсэн “ҮНЭ ЦЭНЭ” » Төр.мн

Нүүдэлчдийн соёлын дархлаа ба хүн төрөлхтөнд үлдээсэн “ҮНЭ ЦЭНЭ”

 Хүн төрөлхтөн байгаль, цаг уур, эх дэлхийтэйгээ харьцаж "амьд” байх боломжоо өөрсдөө үгүй хийж буй цаг үеийг бид харж байна. Гэхдээ, эх дэлхийтэйгээ өнө эртнээс нааш хамгийн ойр, хамгийн амьдлаг байсаар ирсэн ард түмэн төв Азийн цээжинд оршдог юм.

Энэ бол Монгол. Өнөөдрийг хүртэл биднээс өөр хэн ч хийж чадаагүй тэр агуу гүрний үргэлжлэлийн дэлхий дахинд үлдээсэн мянга мянган гайхамшиг бий. Гэхдээ тэр гайхамшиг дотроос өвөрмөц соёл, гайхам ахуй, уламжлалаа өдий хүртэл хадгалж яваа казахын ард түмний НАУРЫЗын мөн 6000 жилийн тэртээх ан хийх уламжлалыг тээж ирсэн бүргэдийн соёлын талаар та бүхэнтэйгээ онцлон хуваалцах гэж байна.

Өнөөдөр гуравдугаар сарын 22. Дэлхийн нүүдэлчдийн өв уламжлалыг шингээн, түүчээлж ирсэн казахын ард түмэн мөн дэлхийн 300 сая хүний урин цагтай золгосны, үндэстэй бүхэн хөдөлж, үртэй бүхэн төллөж буйн баяр. Бас өдөр шөнө тэнцэж орчлонгийн нэгэн сайхан улирал золгож буй мөч. Нөгөөтэйгүүр казахын ард түмэн үеийн үед алтан нараа шүтэн дээлж ирсэн нэг талаараа Наурыз бол нарны баяр юм.

Ард түмний дунд тархсан домгоор бол гуравдугаар сарын 21-ний шөнө ивээлт өвөө Кызыр даян дэлхийг хэсдэг хэмээдэг. Тийм учраас 21-ний шөнийг "Кызырын шөнө” гэдэг юм. Энэ нь монголчуудын Цагаан өвгөн битүүний шөнөөр айл болгонд зочилдог гэдэгтэй утга нэг.

Нэгэн шинэ өдөр эхэлж байна. Ургахын улаан нараа бүгдээрээ баясалтай угтаж, амны билэгтэй хүн энэ өдөр шинэ оны ургах нарнаар апагийн     /эмээ/ шашугаас /хишиг/ хишиг хүртэнэ. Ингэж хүртэхдээ апа, хүн болгоны гарт өгчихгүй. Олон хүүхдийн дунд агаарт өргөдөг. Шашуд чихэр, боов зэрэг зүйл багтана. Нэг ёсондоо аль түрүүлж авсан нь илүү амны хишигтэйд тооцогддог ч уламжлал бий.

Мөн баяраар аксакалуудаа /өвгөд/ хүндэтгэн, ах дүүс, хотол олноороо учран золгож ирэх жилийнхээ амжилт, ажил үйлс, хийж бүтээх зүйлсээ шүүж хэлэлцэн өтгөс нь залуустаа үг, сургаалиа айлдан үлдээдэг онцлогтой.

Наурызын баяраар казахын ард түмэнд архи хэрэглэхийг хатуу цээрлэдэг. Учир нь " харам” буюу хар идээ гэж үзэн ариун идээний дэргэд байлгаж болдоггүй.

Наурызын баярын хамгийн чухал идээний нэг бол көже /шөл/. Уг шөлийг ус, мах, гурил, давс, будаа, өөх, сүү зэргээр хийдэг бөгөөд долоогоос доошгүй идээний дээж ордог уламжлалтай. Мөн Наурыз шөлийг том тогоонд хийж олуулаа хүртэнэ. Учир нь нэг тогооноос хоол идсэн хүмүүс эвтэй найртай байж найзалж, нөхөрлөхийг билгэдсэн заншил юм. Наурызын баярын өглөө эрчүүд нь гараа барилцан, цээжээ хүргэж мэндлэн золгодог бол эмэгтэйчүүд тэврэлддэг.

Наурызын баярын мартаж боломгүй бас нэгэн заншил бол казах түмэн энэ л өдрийг угтан эрчүүд нь рашаан булгийн эх, хашаа хороо, орчин тойрноо цэвэрлэж, маргааш нь шинэ бүхэн эхэлж байна гэсэн утга агуулдаг. Харин эмэгтэйчүүд гэр орноо сайтар цэвэрлэдэг нь Цагаан сартай төстэй. Учир нь шинэ жилээ цэвэр цэмцгэр угтвал тэр жилдээ эрүүл саруул байхыг билгэддэг учиртай юм. Мөн "Буян хишиг, эв нэгдэл жилийн эхээс эхтэй” гэж үзээд бүтэн жилийн турш идээ цагаа элбэг дэлбэг, хур бороо ихтэй байхыг ерөөж, шөнө бүх сав суулгаа сүү тараг, ингэний хоормог, уураг зэрэг цагаан идээ, буудай арвай, шар будаа, эрдэнэ шиш зэрэг будааны төрөл болон булгийн тунгалаг усаар дүүргэж тавьдаг. Энэ өдөр цас бороо орвол "тэнгэрийн хишиг орлоо" хэмээн билгэдэж, "ирж буй жил сайхан жил болно" гэж баярладаг.

Нүүдэлчдийн үнэ цэнийг уламжилсан Наурызын баяр нэгдэлжих хөдөлгөөнтэй холбоотойгоор нэг хэсэг тэмдэглэдэггүй байв. Харин 1990 оноос хойш 2000 жилийн түүхтэй Наурыз жинхэнэ утгаараа эргэж ирсэн гэж болно.

Бидний энэ сайхан баярын талаар олон мэдээлэл бий учраас энд хүрээд өндөрлье.

Эл дашрамд Монголын болон дэлхийн нийт казах үндэстэн, Наурызын баярыг тэмдэглэж буй бусад орны ард түмэнд баярын мэнд хүргье.

6000 жилийн тэртээх өвийг тээж яваа ард түмэн

  Гялтганасан чулуугаар эмээлийн бүүргээ чимэглэсэн, чоно, үнэг, хярс гээд ан амьтны гоёмсог арьс ганзагалаж, сүрлэг малгай, мөнгөн бүс, нүд хужирлам өмсгөлтэй, гартаа бор бүргэдээ дэвүүлсэн ийм дүр төрхийг та бүхэн олонтаа харсан байх.  Магадгүй зарим нь хараа ч үгүй байж мэднэ. Энэ бол нүүдэлчдийн хүн төрөлхтөнд үлдээсэн "ҮНЭ ЦЭНЭ” буюу бүргэдээр ав хийх зан үйл, уламжлал.

Гадны учир мэдэх жуулчид, судлаачид нүүдэлчдийн ахуйг бараг устаж үгүй болсон гэх бодолтой байдаг. Гэхдээ тэд Монголд ирснийхээ дараа "Яг л кинон дотор байгаа юм шиг” мэдрэмж төрдгөө ч нуудаггүй.

Монгол төрийн зөв бодлогын үр дүнд сүүлийн жилүүдэд "Бүргэдийн баяр” жуулчдын хамгийн их зочилдог аялал жуулчлалын том эвент болов. Баян-Өлгий аймагт 1999 оноос, Улаанбаатар хотноо БОАЖЯ, Баян-Өлгий аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл болон бусад холбогдох байгууллагууд хамтран 13 жил дараалан зохион байгуулдаг уг баяр энэ жил дэлхий нийтийг хамарсан ковид-19 вирусын улмаас өнжлөө.

"Бүргэдийн баяр”-ын цар хүрээ олон улсын анхаарлын төвд очсны нэг жишээ дурьдахад өнгөрөгч онд хийсэн тус баярыг гадаад, дотоодын нийт 20 мянга гаруй хүн үзэж, сонирхсон байна.  Мөн Монгол руу зорих жуулчдын хайлтад хамгийн их өртдөг түлхүүр үгэнд Алтай таван богд, "Бүргэдийн баяр” оржээ.

Төр засгийн бодлого, дэмжлэгийн хүчинд манай бүргэдчдийн тоо ч эрчимтэй өсөж байна. Одоогоор манай улсад 650 орчим бүргэдчид байгаа гэсэн тоон мэдээлэл бий. Нөгөөтэйгүүр сүүлийн хэдэн жил бүргэдийн холбогдолтой эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байгаа. Энэ нь ч үр дүнгээ өндөр өгч буй. Тус хурлыг зохион байгуулсны үр дүнд БСШУСЯ, БОАЖЯ, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-тай хамтран бүргэд их хорогдож буйтай холбоотой энэ чиглэлээр бүтээл туурвих сонирхолтой оюутан залуусыг сургаж, цаашид судалгаа шинжилгээний ажилтан бэлтгэхээр төлөвлөж байна. Түүнчлэн БСШУСЯ-наас санхүүжилтийг нь гарган бүргэдийн талаарх эмхтгэл номыг гаргасан юм. Цаашлаад бүргэдийн тоо хэмжээг тогтоох, хууль, журамд нэмэлт өөрчлөлт оруулах, хамгаалах, бүргэдчдийн тоог нэмэгдүүлэх, эрдэмтэн, судлаачдыг бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Үүнд төр засаг ч онцгой анхаарах хэрэгтэй байгаа юм. Жил бүр улсын төсөвт тодорхой санхүүжилтийг ч тусгах шаардлага үүсэж буйг нуух юун. 

Өнгөрсөн 2014 онд Израйлийн гэрэл зурагчин Ашер Свиденский Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ 13 настай Н.Айшолпан охиныг бүргэдээр ан хийж буй тухай гэрэл зургийн сурвалжилгыг "BBC" агентлагийн цахим хуудаснаа нийтэлсэн байдаг. Ингэснээр "The Eagle Huntress” хэмээх Н.Айшолпаны тухай баримтат киног бүтээхэд хүргэж, Монгол Улсын нэр хүндийг ихэд өргөснийг та бүхэн мэдэж буй биз ээ.

Казахын үндэстний ёс заншилд бүргэд эзнээ муу бүхнээс хамгаалж, тэжээсэн эзнээ урт наслуулдаг гэж үздэг. "Бүргэд ан хийх эрдмээ эзнээсээ өөр хүнд үзүүлдэггүй. Анх гаршуулсан эзнээсээ өөр хүнд очдоггүй” учиртай.

Бүргэдийг гаршуулахад олон шинж тэмдгийг хардаг талаар хашир бүргэдчид ярихыг сонсож байлаа. Хамгийн түрүүнд нүдийг нь хардаг аж. Мөн гадна талын биеийн байдал болоод хөлийн сарвуун дээр үе байдаг. Энэ үе олон байх тусмаа хаан бүргэдийн шинжийг агуулдаг юм билээ. Ан хийлгэж сургах, бүргэдээ буцааж ирүүлэх гээд маш нарийн дадлыг эзэмшүүлэхийн тулд цаг хугацаа, нарийн мэдрэмж, байгалийн холбоо их чухал. Энэ бүхэн хүн төрөлхтөнд үлдээсэн их "ҮНЭ ЦЭНЭ”, их өв юм.

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаар тархан нутагладаг цармын бүргэд 2500-3000 метр өндрөөс хулгана, зурам андахгүй хардаг хурц хараатай, үнэг, хярс, туулай, тарвага зэргээр хооллодог ба 30-50 жил насалдаг.

Манай бүргэдчид нөхөн үржих, тоо толгойг нь өсгөх зорилгоор уг шувууг 6-10 настайд нь байгальд нь буцааж тавьдаг учиртай.

Хүн төрөлхтний биет бус соёлын гүн их өвийг бидний ард түмэн улам бүр хөгжүүлж, сая сая жуулчдын үзэх дуртай хамгийн чухал баяр, соёл болгоход бүгд хичээх ёстой цаг үе ирлээ.

Баян-Өлгий аймгийн Улаанбаатар хот дахь

Нутгийн зөвлөлийн дарга Нажкейн Тилеухан

 

 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News