Зэвсэгт хүчнийхэн төмөр замын бүтээн байгуулалтын гол ажлыг нугалж байна » Төр.мн

Зэвсэгт хүчнийхэн төмөр замын бүтээн байгуулалтын гол ажлыг нугалж байна

 
Улс орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчин, тэр дундаа барилгын цэрэг, инженерийн цэргүүдийн оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг яндашгүй их. Энэ талаар олон ч хүнтэй уулзаж, амттай яриа өрнүүлж байсан цаг саяхан мэт. Тухайн цаг үед амьдарч байсан, бүтээн байгуулалтын гэрч болсон эрхмүүдээс сонссон түүх үеэс үе дамжин бидний дунд яригдсаар л байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын гол ажлыг Зэвсэгт хүчин нугалсан нь ч мөн түүхийн хуудаснаа хэзээ ч арилшгүйгээр, тодоор бичигдэж үлдэнэ гэдэг нь дамжиггүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар холбогдох албаны хүмүүсийн хамт Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж, үндэсний их бүтээн байгуулалт болсон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух барилгын ажлын явцтай танилцлаа.
Мөн алба хааж буй цэргүүдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон бөгөөд цэргүүд эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, халагдаад харихдаа мэргэжлийн чиг баримжаатай, тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай болж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм.
Дорноговь аймгийн Зүүнбаян талаас Зэвсэгт хүчний анги суурь бүтэц, хиймэл байгууламжийг гүйцэтгэж байгаа ба одоогоор ажлынхаа 80 гаруй хувийг нугалж, төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө дуусгахаар ажиллаж байна.
Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор трассын дагуух Цагаан суварга, Хармагтай зэрэг стратегийн 30 гаруй том орд эдийн засгийн эргэлтэд орж, монголчууд үр өгөөжийг нь хүртэх боломж бүрдэх аж.
Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн захирагч, бригадын генерал П.Доржсүрэнгийн хэлснээр, алба хаагчдын хувьд МСҮТ-үүдээр бэлтгэгдэж оператор, жолооч зэрэг мэргэжил эзэмшиж байгаа нь Зэвсэгт хүчний боловсон хүчин улам чанаржиж байгаагийн нэг илрэл аж. Мөн тэрээр "Монгол Улсын Зэвсэгт хүчин төмөр замын бүтээн байгуулалтад хоёр дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. 2019 онд Зэвсэгт хүчний ангиуд маань өмнөө тавьсан зорилго, зорилтоо ханган ажилласан. 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс бүтээн байгуулалтын ажилдаа эргээд орсон. Энэ их ажлын хүндийг Зэвсэгт хүчин маань нуруундаа үүрч байна. Манай анги, байгууллагууд шинэ боловсон хүчин, техник хэрэгслээр сайн хангагдсан. Бүтээн байгуулалтын талбарт байгаа алба хаагчдынхаа гэр бүлийнхэнд нь бас талархал илэрхийлье. Танай хүү, нөхөр, эхнэр, аав, ээж гээд бүгд л үлгэр жишээчээр ажиллаж байгаа гэдгийг хэлье” гэсэн юм.
АВЬЯАС ТЭТГЭВЭРТ ГАРДАГГҮЙ
Мэдлэг, ур чадвар гэдэг тухайн хүний насан туршийн өмч. Гэхдээ өмчилнө гэдэг нь хав дарчхаад ил гаргахгүй байна гэсэн үг биш. Үе үеийн барилгын цэрэг, офицер, инженерүүд өөрсдийн сурч мэдсэнээ өвлүүлэх, уламжлуулах талаар их гойд хүмүүс шиг санагддаг. Ер нь тэдний арвин туршлагаас хаях юм нэгээхэн ч үгүй. Энэ ч утгаараа Зэвсэгт хүчин бэлтгэлд байгаа ахмадуудаа бүтээн байгуулалтын талбарт эргэн дуудаж, эх орныхоо төлөө ахин зүтгэх үүрэг даалгавар өгчээ.
Бэлтгэл хурандаа Н.Ренчин-Очир 7781 дүгээр ангийн гүүр хоолойн хэсгийг ахалж байна. Тэрээр ажлын явцын талаар "Зүүнбаянгаас эхлээд 13 гүүр хоолойн ажил хийгдсэн. Өнгөлөх, будах зэрэг чимхлүүр ажил явагдаж байна. Үндсэн ажил дуусмагц далангийн бүтээн байгуулалт явагдах байх. Мөн Мандах чиглэлийн 20 км төмөр замын хэсэг рүү хэмжилтийн багаа явуулсан. Тус газарт ч бас гүүр хоолойн ажил хийгдэнэ. Зарим хоолойг нь Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн томилгоот бие бүрэлдэхүүн угсарч байна. Одоогоор ажил 90 гаруй хувьтай байгаа" гэв. Уншигч танд сонирхуулахад, түүний хувьд хуучнаар ЗХУ-ын Одесс хотын Цэргийн инженерийн дунд сургуулийг төгсжээ. Ингээд 1985-1989 онд Зүүнбаян дахь Танкийн хороонд сапёрын салааны даргаар дөрвөн жил алба хаасан. Гучин жилийн дараа ажил, амьдралынхаа гарааг эхлүүлсэн энэ газарт эргэн ирж бүтээн байгуулалтад оролцож байгаагаа хувь тохиол гэж боддог, бас бахархдаг аж. Түүний хамгийн сайн туслагч нар нь МСҮТ-ийг төгссөн шинэхэн ахлагч нар. Харин тэд төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаадаа хэр сэтгэл хангалуун байгаа талаар хожим өгүүлэх болно.
Бэлтгэл хошууч Л.Батбаярын хувьд 7780 дугаар ангийн нэгдүгээр салааны инженерээр ажиллаж байна. Тэрээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь авто замын бүтээн байгуулалтын ажилд хоёр жил гаруйн хугацаанд оролцсон. Залгуулаад төмөр замын бүтээн байгуулалтад оролцохоор энд иржээ. Тэрээр "Хэрэгтэй гэвэл өөрт байгаа мэдлэг, чадвар, нөөц бололцоогоо эх орныхоо төлөө, хаана ч, хэзээ ч дайчлахад бэлэн. Залуустайгаа эргээд уулзах сайхан байна” гээд ажлынхаа талаар танилцууллаа. Энэ хэсгийн гол ажил бол даланг барихад лабораторийн шинжилгээнд орсон материалаар бүрэн хангах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхийн тулд төрөл бүрийн техник хэрэгслээр 24 цагийн турш тасралтгүй хоёр ээлжээр үүрэг гүйцэтгэж, бэлдцээр хангадаг байна. Өдөр бүрийн төлөвлөгөөт ажлаа бүрэн гүйцэтгэж байгаа гэдгийг алба хаагч нэг бүр хэлж байв.
Зэвсэгт хүчний 7782 дугаар ангийн гүүр хоолойн хэсгийн дарга, хийцийн инженер, бэлтгэл дэд хурандаа Ц.Ганбат 202, 234, 256 дугаар ангийн салааны захирагч, захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын албыг хашиж байсан туршлагатай нэгэн аж. Тэрээр МСҮТ төгсөж ирсэн шинэхэн ахлагч нарын талаар "Бүтээн байгуулалтын ажилд оролцохоор ирсэн залуус маань шанагат эксковатор, автогрейдрийн оператор зэрэг мэргэжлээр бэлтгэгдсэн. Их азтай залуус юм. Төмөр замын бүтээн байгуулалтын явцад тэдэнд олон боломж нээгдэж байгаад би их баяртай байна. Одоогоор ахлагч нарыг гүүр хоолойн хийц угсрах ажилд дадлагажуулж байна” гээд инженерийн цэргийн нэр хүнд үеийн үед өссөөр байгаад сэтгэл хангалуун явдгаа илэрхийлсэн. Мөн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд амжилт хүсэн, эрхэлсэн ажилдаа эзэн байхыг уриалав. 
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БА ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ ИРГЭН 
МСҮТ-ийг замчин мэргэжлээр төгссөн энэ залууг дэд ахлагч Б.Аяболат гэдэг. Тэрээр гүүр хоолойн хэсэгт өнгөлгөө, тэгшилгээ зэрэг чимхлүүр ажлыг хийж гүйцэтгэдэг бөгөөд "Онолын мэдлэгээ баталгаажуулж, үеийн нөхөд, ахмадуудаасаа танхимын сургалтаас олж авч чадаагүй шинэ зүйлсийг сурч мэдсээр байгаадаа сэтгэл хангалуун байна” гэсэн. Түүний хувьд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид алба хаадаг. Хилийн цэрэгт алба хаадаг ах нь Б.Аяболатад хамгийн их үлгэр дуурайл үзүүлж, цэргийн хүн болох хүслийг нь өдөөж өгчээ. Харин Зэвсэгт хүчинд алба хааснаар энх цагийн бүтээн байгуулалтад оролцох боломж нээгдсэн байна. "Хэрвээ хөдөө гэртээ урьдынх шигээ өдөр хоногийг өнгөрөөсөн хэвээрээ байсан бол ийм олон боломжийн үзүүрээс нэгэн зэрэг атгаж чадахгүй. Би давхар мэргэжилтэй, мөнгөн хуримтлалтай болсон. Миний үеийн залуус ийм л зүйлийг хүсэж мөрөөддөг. Төмөр замын бүтээн байгуулалтад оролцох болсон гэдгээ гэрийнхэндээ дуулгахад тэд их баярласан, бас их магтсан. Аав, ээж хоёр маань надад "Зэвсэгт хүчин миний хүүг тангараг өргөсөн эр цэрэг болгосон бол одоо хаана ч өөрийгөө тордоод явчих ажлын дөртэй болголоо” гээд их олзуурхсан. Гайхуулж хэлээд би их азтай хүн” гэж инээмсэглэсээр дэд ахлагч Б.Аяболат хийж байсан ажлаа үргэлжлүүллээ.
Дэд ахлагч Д.Батцэнгэл анх төмөр замын бүтээн байгуулалтад оролцох хугацаат цэргийн алба хаагчдыг МСҮТ-д сургаж байгаа талаар дарга нараасаа сонсжээ. Халагдах өдрөө тоолон хүлээж байсан хэдий ч өөрийн хүсэлтээр МСҮТ-д хүнд машин механизмын оператор мэргэжлээр суралцаж төгсөн ажлын талбарт гараад байгаа нь энэ аж. "Зүгээр л халагдчихсан бол дараа нь өөртөө харамсах байсан биз. Мэдээж энэ бүхний эхлэл нь цэргийн зарлан дуудах хуудас ирсэн өдөр байсан. Одоо бодоход их бүтээн байгуулалтад дуудагдсан өдөр ч юм уу даа гэж бэлгэшээдэг. Багаасаа машин, техникийг сонирхдог байсан учраас энэхүү мэргэжлээр суралцсан. Монгол Улсын түүхэнд урьд өмнө нь хийгдэж байгаагүй том бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаадаа сэтгэгдэл өндөр байна. Дараа нь найз нөхөд, үр хүүхдүүддээ ярихад ч нүүр бардам шүү дээ” хэмээн жолоогоо мушгингаа үргэлжлүүлэн ажлынхаа онцлогийг танилцууллаа. Дэд ахлагч Д.Батцэнгэл өдөр тутамдаа далангийн шороог тэгшлэх ажлыг хийж гүйцэтгэдэг. Овоолсон шороог нааш цааш тараах мэт энгийн л нэг дүр зураг харагдах хэдий ч дараагийн үйл явц буюу автогрейдерээр индүүдэхэд бэлэн болгож, бусдынхаа хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа нь тэр аж.
 
 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News