Үндэсний бичиг соёлын төлөө чимээгүй зүтгэгч » Төр.мн

Үндэсний бичиг соёлын төлөө чимээгүй зүтгэгч

Увс аймгийн Бөхмөрөн сумын Хан хөхий уул, Ачит нуурын дэргэдэх Ямаатын ам хэмээх байгалын үзэсгэлэн төгөлдөр газар 1951 онд ард Пунцагийн гэрт нэгэн хүү мэндэлсэн нь хожмоо Монгол улсын хэвлэлийн салбарт "хэвлэлийн Төмөрөө" гэж нэршиж, алдаршсан Төмөрпүрэв билээ. Ханхөхийн нуруу нь холын холоос хөхрөн цэлийж үзэсгэлэнтэй сайхан сүндэрлэн харагддаг. Энэхүү байгалын цогцолбор газар бол хараа, сэтгэл татсан Хархираа уулын ар бэл түүний зэргэлдээ 108 нуур буй. Үзэсгэлэн төгөлдөрөөрөө хол ойрын аялагч, жуулчдын хараа булаам Бөхмөрөн гол, уулын түргэн урсгалт харгиат Ховд голын дундах байгалын үзэсгэлэнд арван хэдэн насаа өнгөрөөж, төрүүлж өсгөсөн ачит аав, ээжийн үг сургамж, үлгэр домгийг сонсон, нутаг нугын хүн ардынхаа сургаал номлол дунд өсөн дэлгэр баян монгол амьдралын гүнд өссөн нь хожмоо монголоо гэсэн зүрх сэтгэлтэй, ард түмнийхээ урлаг, соёлыг гүнээ хүндэтгэн эрхэмлэдэг тэр л санаа сэдлийн эх суурь тавигдсан гэлтэй.


 Нийслэл хотноо урлаг соёлын хамаг лидер, алдартнуудыг төрүүлэн гаргасан нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг уурхай болох Хөгжим бүжгийн сургуулийн зургийн ангид 1966 оноос суралцан амжилттай төгсөөд Ардын Боловсролын Яамны хэвлэлийн хэлтэст хэвлэлийн зураачаар хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. "Бужгар Дэмбэрэл" хэмээх ардын боловсролдоо мунгуй их туршлагатай, нэр хүндтэй, холч хараатай энэ даргын ажилтан болсон нь ирээдүйн сайн үйлсийн эхлэл болсон. Дэмбэрэл даргын санаачлагаар Москва хотноо хэвлэлийн дээд сургуульд хэвлэлийн дизайны мэргэжлээр суралцлаа. "Просвешиние" хэвлэлийн газар" дадлага хийж багагүй чадваржиж, төгсөлтийн дипломын ажлаа монгол сурах бичиг "Эртний дэлхий дахины түүх" номын зураг, чимэглэлийн сэдвээр амжилттай хамгаалж Ардын Боловсролын Яамны нэр дээр суралцаж төгссөж ирээд хэвлэлийн хэлтэстээ томилогдон үргэлжлүүлэн ажиллажээ. 

Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжиж улс, оронд олон олон шинэ ололт амжилт буй болж хүн ардын амьдралд ач тусаа үзүүлсээр байгаа. Хэвлэл, холбоо, зам тээвэр, хотын барилга байгууламж гээд олныг нэрлэж болно. Монголын хэвлэлийн салбар бол дэлхийн хэмжээнд хөл нийлүүлэн хөгжиж буй салбарын нэг болсныг харахад үнэхээр бахархам ажээ. 1990 оноос өмнө хэвлэлийн үйлдвэр гэхэд хэдхэн үйлдвэртэй. Улсын хэвлэлийн комбинат, Цэргийн хэвлэх үйлдвэр, Академийн хэвлэх, Засгийн ордны хэвлэх үйлдвэр гээд л өөр бараг байхгүй дээ. Хэвлэлийн үйлдвэрийн технологи дэндүү хол хоцрогдсон улс байлаа. Үйлдвэрийн үсэг өрөгчид үсгийн касснаас нэг нэгээр нь үсгээ авч өрнө, арай боловсронгуй нь хэвлэлийн өрөлтийн каскат төхөөрөмж гэж мөр мөрөөр нь үсэг өрдөг. Номыг голдуу хар өнгөөр хэвлэнэ.

Сурах бичиг ч бас өнгөгүй шугам, хээ мэтхэнийг өнгөөр хэвлээд түүнийгээ өнгөтөөр хэвлэлээ гэдэг байлаа. Энэ байдлыг өөрчлөхийн төлөө хэвлэлийн үйлдвэрийнхэнтэй зөрчилдөж анх удаа "Эртний дэлхий дахины түүх" номыг бүрэн өнгөтэй хэвлэх боломж байгааг бодитойгоор харуулж түүнээс хойш бүрэн өнгөөр хэвлэх боломжтой байгааг ойлгож сурах бичгийг бүрэн өнгөөр хэвлэдэг боллоо.

1985 оны эхээр Японы хэвлэлийн мэргэжилтэн Хама анх удаа ирж хэвлэлийн редакцынханд эх бэлтгэх талаар сургалт явуулж билээ. Хама багш Улсын хэвлэлийн комбинатын хэвлэлийн үйлдвэрийн машин, техниктэй танилцаад үнэн голоосоо нүд нь орой дээрээ гараад "би дэлхийн хэвлэлийн түүхийн музейгээр ороод гарах шиг боллоо" гэж олзуурхан ярьж байсан даа.

Харин эдүгээ Монгол улсын хэвлэлийн салбар асар их хурдацтай хөгжиж, хэвлэлийн шилдэг технилогитой улс орон болжээ. 

1. Шинэ санаачилга" (Инноваци)-ын эзэн 

Улсын хэвлэлийн комбинатын хашаанд хаягдал цаас хэдэн мянган тонноороо багтах шингэх газаргүй овоордог байсныг өөрчилж асар их арвилан хэмнэлт хийсэн байдаг. Учир нь тэр үед ном хэвлэхдээ 60X90X16 эсвэл 84X108X32 гэсэн форматаар л хэвлэдэг байлаа. 100-120 т цаас хаягдал болон ачигддаг байв.1979 онд энэ их хаягдал гарч байгаад судалгаа явуулахад монголд захиалан авсан цаасны өргөн ном хэвлэдэг хэмжээ хоёрын зөрөөнөөс болж хаягдал гарч байгааг Төмөрпүрэвийн судалгаа харуулсан юм. Иймээс хэвлэлийн үйлдвэрийн машины технологийг нь ашиглан уран зохиолын номыг 70Х108Х32 форматад шилжүүлснээр 100т хаягдал гардаг байсныг 20т болж хэмнэсэн байна.

1985 оны үед сургалтад хэрэглэж байсан Монгол бичгийн сурах бичгүүдийг 70Х108 форматад судрын хэлбэрт шилжүүлж босоо гонзгой хэлбэрт оруулсан нь нэгд, үндэсний хэлбэр агуулгатай болгосон, хоёрд асар их цаас үргүй зарахаас хамгаалсан юм. Энэ хэлбэрийн сонголтоос олон мянган төгрөгийн хэмнэлт гаргасан байдаг.

Ийнхүү хаягдал цаасны хэмжээг багасган үлэмж хэмжээний зардал хэмнэсэн байна. Хэвлэх үйлдвэрийн хашаанд багтахгүй шахуу овоордог байсан цаас Төмөрпүрэвийн хийсэн тооцоо судалгааны үрээр багасаж амар боллоо гэж өнгөт хэвлэлийн инженер Дорж сэтгэл догдлон хэлж байлаа. Үүнээс хойш гадаадаас захиалан авах цаасныхаа хэмжээг нарийн тооцоолдог болсон байна.

Бас нэг удаахувьцааны үнэт цаасыг хэвлэх үед 10 см-ийн өргөнтэй цааснаас 6 т хаягдал цаас гарахаар байгааг ашиглан Шарын голын хүнсний үйлдвэрийн барааны шошгыг өнгөтөөр үзэмжтэй сайхан хэвлэж өгөөд оронд нь хүнсний бүтээгдэхүүн даршилсан ногоо, архи зэргийг аваад үнэт цаасны хэвлэлтэд ажилласан хүмүүст улсын баяраар үнэгүй тараав. Хүмүүс үнэгүй зүйлд үл итгэсэн байдалтай байснаа учрыг мэдэж, баяртайгаар хүлээн авсан.

Хаягдал цаасны зах ашиглан Бурхан багшийн хөрөг 60-70 мянган ширхэг хэвлэж Академийн хэвлэх үйлдвэрийн Фотонаборын машиныг монгол үсгээр хэвлэдэг болгоход Гандантэгчилэнгийн хамба лам Гаадан 300000 төгрөгийн хандив тусламж өгч байсан ачийг санаж тус хийдэд хандивлаж байлаа.

Энэ мэт дээрх баримтаас харахад Төмөрпүрэв бол хэмнэх зарчмыг хатуу баримтлагч, аж ахуйч, үргэлж шинийг эрэлхийлэгч, үргүй зардал, хаягдал хөрөнгийг эерэг болгон хувиргаж чаддаг зах зээлийн сэтгэлгээтэй хүн.

Хэвлэлийн хоцрогдсон технологид тааруулж ном хэвлэдэг байсан тэр цагт энэхүү бэрхшээл бүхнийг өөрчлөх гэж олон янзын санаачилга гарган зүтгэж бага багаар амжилт олж хэвлэлийн хөгжлийг урагшлуулж чадсан хүн бол Төмөрпүрэв билээ. 

Өнгөт хэвлэлийн үйлдвэрийн мастер Гэлэгжид, Дорж, Ёндонжамц нартай хамтран 1986 онд 1-3-р ангийн Дуу хөгжмийн сурах бичгийн макетыг тооцоолон текстийг линотипээр өрж, хэвлэлийн том машин дээр цэвэр дардас гарган түүнийгээ мөр мөрөөр нь зүсээд нотны мөр хоорондын зураачийн тааруулсан зайнд хайчилж наагаадтүүнээсээ зураг авалт хийж офсетээр хэвлэж гаргасан нь тэр цагтаа шинэ зүйл болж тэрхүү номын дизайн,хэвлэлтээрээ оны шилдэг номоор шалгарч байсан нь эх бэлтгэлд шинэчлэл хийж, тухайн үеийнхээ хэвлэлийн техникийн боломжийг хамгийн сайнаар ашиглаж ном сурах бичгийн хэвлэлтийн чанар , өнгө үзэмжийг сайжруулах гэж уйгагүй тэмцэж зохих амжилтыг олсон нь гаргасан идэвх, санаачилгын бодит үр дүн болсон билээ.

Ардын Боловсролын Яамны хэвлэлийн редакцид тогттор суурьшилтай ажиллаж, тус редакцийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан зохион байгуулагч, удирдагч хүн. Хэвлэлийн газрынхаа уран сайхны редакцийн жирийн дизайнерээс эхлээд ерөнхий зураач,уран сайхны редактораар тогтвортой ажиллаж, хэвлэлийн салбарынхаа ажлыг сайжруулах, хөгжүүлэх чиглэлд санаачилгатай ажилладаг хариуцлагатай ажилтан байсныг дараах тоо баримтаас харж болно.

Жил бүр 400-500 номын өрөлт, боолтын техник (макет)-ийн хэвлэлтэд хяналт тавих, зураг чимэглэл хийх, захиалах зэрэг ажлыг гардан гүйцэтгэжээ. Зөвхөн 1976-1994 оны хоорондох 18 жилийн хугацаанд ном, сурах бичиг 2530, 9987,2 хэвлэлийн хуудас болж, 26372710 хувиар хэвлэн гаргасан байдаг. Дээрх тооны ард олон жилийн хичээл зүтгэл, бэрхшээл зовлон аль алиныг туулан байж энэ их бүтээн байгуулалтын ард гарсан ажилч, санаачлагч хөдөлмөрийн хүний мөн чанар харагддаг билээ. 

2.Боловсролын хэвлэлийн хөгжлийн түүчээ 

1970-аад онд Боловсролын Яамны хэвлэлийн хэлтэс гэж байснаа бие даасан Сурах бичиг сэтгүүлийн нэгдсэн редакцийн газар бүр сүүлдээ улсын хэвлэлийн нэгдсэн редакцтай нийлээд хэсэг байснаа 1990 оноос зах зээлийн шуурганд өртөн үндсэндээ үгүй болсон түүхтэй.

Энэ бүх үед Боловсролын Яаманд бүх нэрийн сурах бичиг, заах аргын гарын авлага, зөвлөмж, үзүүлэн таниулах, хүүхдийн уран зохиол, хүүхдийн орчуулгын уран зохиолын ном зохиогч, редактор, уран сайхны редактор, техник редактор, хянагчийн гараар дамжин хэвлэлийн эх, боолт, гранк, сигналыг хянан боловсруулж, эцэстээ ном гэсэн бүтээгдэхүүн болно. Боловсролын хэвлэлийн салбарын ачааг үүрэлцэж, даван

туулсан хүний нэг нь Төмөрпүрэв билээ. Үүрэх үүрэхдээ ачааны хүндийг амжилттайгаар зохион байгуулахад уран сайхны редактор их үүрэгтэй байдаг. Энэ үүрэгт ажлыг зохион байгуулахдаа тун чадварлаг, цагийн юмыг цагт нь хойш тавилгүй чанартай гүйцэтгэх чадвар өндөртэй, удирдлагандаа байгаа биднийг хэвлэлийн ажилд чадваржуулж сургасан билээ. Ажилтны ажиллах чадвар нөөцийг дайчилж чаддаг, нөхдийнхөө төлөө санаа тавих, тэднийхээ ар талд ч эн тэнцүү анхаарч зохион байгуулж чаддаг менежмент сайтай хүн.Миний хувьд найзынхаа ажлын төлөө, амьдралын төлөө зүтгэдэг шаргуу чанараас олон зүйлийг сурч эрхэм нөхрийн энэ чанар нь миний амьдралд их нөлөөтэй байсанд гүнээ талархаж явдаг. Бидний үед монголын олон мянган хүүхэд багачууд 9 сарын 1 гэхэд цүнх дүүрэн номтойгоо сургуульдаа баяр хөөр дүүрэн явж чадаж байсан юм шүү. 

3."Үндэсний бичиг"- ээ амилуулсан нь 

Үндэсний монгол бичиг социализмын үед сургалтаас бараг хасагдаж энэхүү гайхамшигт соёл хүний юм шиг үгүйсгэгдсэн цөвүүн цагт үндэснийхээ соёлын төлөө шамдангуй, дайчин зоригтой тэмцэгч бол 1990-ээд онд миний мэдэх хэвлэлийн дизайнер Төмөрпүрэв байсныг дараах түүх гэрчилнэ. 1980-аад оны сүүлчээр гэхэд хэвлэлийн үйлдвэрийн монгол бичгээр өрөлт хийдэг матриц үндсэндээ бараг устаж үгүй болж зөвхөн Академийн хэвлэх үйлдвэрээс үсгийн хэв цуглуулахад 3 хэв сох дутсаныг уран сийлбэрч Сүхээ гэдэг хүнээр гангаар үсгийн хэв цутгуулан монгол үсгийн тугалган барыг сэргээн монгол бичгээр ном хэвлэх эхний боломжийг бүрдүүлэв. Гэтэл монгол үсэг өрж чадах хүн нэг ч байсангүй. УБДС-ийн багш Дамдинжав багшаар үсэг өрөгчид монгол бичиг заалган 1-р ангийн "Унших бичиг ", Ш.Гаадамбын "Монголын нууц товчоо "-ны зэрэг бүтээлүүдийг монгол бичгийн хорголжин бараар хэвлэх санаачлагыг гардан гүйцэтгэсэн амжилтандаа улам урамшин ШУА-ийн хэвлэх үйлдвэрийн дарга Хөхөөд фотонаборын машиныг монгол бичгээр өрдөг болгох саналыг хэлж 3 төрлийн монгол бичгийн фондын эх загварыг ТИС-ийн багш Найданжаваар эх загварыг гаргуулж фоточин Төрбатаар фото набор бэлтгүүлэн Ленинград хотноо полиграфийн хэвлэлийн машин технологийн үйлдвэрт очиж, монгол бичгийн хэвийг "фотонабор "-ын машины хэв болгон бэлтгэлээ. Энэ ажил бол монголын хэвлэлийн хөгжилд оруулсан том дэвшил төдийгүй үндэсний бичгээ сэргээн хөгжүүлэхэд том алхам боллоо. УБДС-ийн багш Надмид багшаар Академийн үсэг өрөгч Оюунд монгол бичиг заалган үсэг өрөгчөө бэлтгэсэн түүхтэй. Энэ бүхэн монгол бичгээ дэмжсэн үндэсгий бичиг соёлоо дээдлэгч сайн санаат хүмүүсийн дэмжлэгтэйгээр дизайнер Төмөрпүрэвийн уйгагүй хөдөлмөр, идэвх оролцоогоор бүтсэнийг миний бие сайн мэдэхийн хувьд нэн таатайгаар дурсаж байна.

Түүгээр ч үл барам 1980-аад оны сүүлчээр УБДС-ийн монгол хэлний багш Л.Дамдинжавтай хамтран нийслэлийн лаборатори 1-р дунд сургуульд тэр үеийн сургуулийнзахирал Гомбосүрэн, эрхлэгч Цэрэннадмид нарын халуундэмжлэгийн

үрээр монгол бичгийн хичээлийг 1-р ангиас нь эхлэн заах туршилтын анги нээн хичээллэж багшаар нь туршлагатай заах аргач багш Пүрэв багштай анхны анги хичээллэж туршилт амжилттай болов. 1990 оноос монгол улсын хэмжээнд 1-р ангиас нь эхлэн үндэсний монгол бичгээрээ хичээллэж эхлэх суурь тавьж өгсөн гавьяатай хүн билээ. Бага ангиас нь үндэсний бичгээр хичээллэх шийдвэр гарсан тул 1-3-р ангийн бүх хичээлийн сурах бичгийг монгол бичгээр хийж чадсан амжилтын эзэн. Монгол улсдаа тодорхой бодитой хийсэн ажилтай, өөр хэн ч хийхгүй, хэн ч санаачлахгүй тийм их ажлын ард гарч чадсан хосгүй амжилтын эзэн. Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэгч. Хэн ч хэрэгсэхээ больж мартагдаж гээгдсэн үндэсний бичиг соёлын төлөө мятрашгүй зүтгэж яваа тэмцэгч. Үсэн буурал болтлоо зүтгэж яваа чимээгүй тэмцэгч. Хүний санаачилга, сэтгэл, уйгагүй хөдөлмөр ямагт амжилтыг авчирч, тэгснээрээ хөгжил, дэвшил, шинийг дагуулдгийг хараад үнэхээр бишрэн бахархаж явлаа. 

1990 онд МУИС-ийн багш Ч.Лувсанжавын хамт үндэсний монгол бичгээ орчин үеийн дэвшилт технологи болох цахимд оруулах ажлаар найрамдал, харилцаа холбоо сэргэж байсан хөгжил дэвшлээрээ дэлхийд тэргүүлэх орон Японыг зорилоо. Япончууд энэ ажлыг 30 хоногт хийнэ гэж төлөвлөж байсныг 3 хоногт Японы мэргэжилтнүүдийн хамт цахимд оруулж гүйцэтгээд үлдсэн хоногт нь тус орны соёл, хөгжил, боловсролын байдалтай танилцах боломж гарсан гэдэг. Энэ нь бас монгол бичгийг цахимд оруулахад үндэсний бичиг нь 20 тэмдэгтээс бүрддэг бол, кирилл үсэг 128 тэмдэгтээс бүтдэг зэрэг нь цахимд оруулахад хялбар байсан нь үндэсний бичгийн бас нэгэн гайхамшиг билээ. Ийнхүү Япон орны соёлтой танилцан нүд тайлж ирсэн, шинийг эрэлхийлэгч Төмөрпүрэв CmS Huree, CmS Urge, CmS Ulaanbaatar фондыг монгол улсын хэмжээнд цахим хэрэглээнд дэлгэрүүлэн одоо хүртэл өргөн хэрэглэж ирлээ. 

Эдүгээ ч миний зохиож хэвлүүлсэн "Хичээнгүй бичиг” (монгол бичгээр), "Хичээнгүй бичиг" (кирилл бичгээр) номын эхийг дизайны өндөр түвшинд эхийг бэлтгэн энэ ажилд гарсан зардлыг ивээн тэтгэсэн эрхэм нөхөртөө гүнээ талархдаг. Энэ нь монгол бичгийнхээ төлөө гэсэн сайхан сэтгэл, урам зориг нь цохилсоор яваагийн илрэл биз ээ.

Нэгэн удаа нэрт яруу найрагч Тоомойн Очирхүүгийн "Аргамжааны чулуу" шүлгээр гэрэлт чулуун хөшөө хийх даалгаврыг нутгийнханаас авлаа. Эхийг нь эцсийн байдлаар бэлэн болгож "ийм юм хийж байна” хэмээн найздаа үзүүлтэл харчихаад "чамайг чинь овоо хүн гэж бодож байсан чинь ийм өчүүхэн амьтан байсан юм уу" гэх нь тэр. Би гайхлаа. Юу нь буруу болсныг "бодоод бодоод бодын шийр дөрөв” гэдэгтээ хүрэв. Тэгсэн чинь монгол бичгээрээ хийгээгүй кирилл үсгээр хийснийг хэлсэн юмсанжээ. Би энэ байдлаас санаа авч үндэснийхээ бичиг болгож өөрчилж билээ. Би ч бас үндэснийхээ бичгийг монголчуудын хэрэглээнд оруулж ард нийтээрээ албан хэргээ хөтлөх тэр сайхан цагийг үзэх юмсан гэж тэмцэж, зорьж яваа хүн.

Нэгэн удаа нэрт яруу найрагч Тоомойн Очирхүүгийн "Аргамжааны чулуу" шүлгээр гэрэлт чулуун хөшөө хийх даалгаврыг нутгийнханаас авлаа. Эхийг нь эцсийн байдлаар бэлэн болгож "ийм юм хийж байна” хэмээн найздаа үзүүлтэл харчихаад "чамайг чинь овоо хүн гэж бодож байсан чинь ийм өчүүхэн амьтан байсан юм уу" гэх нь тэр. Би гайхлаа. Юу нь буруу болсныг "бодоод бодоод бодын шийр дөрөв” гэдэгтээ хүрэв. Тэгсэн чинь монгол бичгээрээ хийгээгүй кирилл үсгээр хийснийг хэлсэн юмсанжээ. Би энэ байдлаас санаа авч үндэснийхээ бичиг болгож өөрчилж билээ. Би ч бас үндэснийхээ бичгийг монголчуудын хэрэглээнд оруулж ард нийтээрээ албан хэргээ хөтлөх тэр сайхан цагийг үзэх юмсан гэж тэмцэж, зорьж яваа хүн. 

4.Corel Төмөрөө 

0Зах зээлийн тогтолцоонд шилжсэнээр бидний амьдралд өмнө сонсоогүй, мэдээгүй, олон шинэ зүйл орж ирсэн. Улс ардын салбар бүрт шинэ шинэ техник, технологи харавсан сум шиг шинэчлэгдэн буйг бид бараг л өдөр тутамдаа мэдрэх боллоо. Бидний хэрэглэж гайхаж ангайж байсан шинэ зүйл одоо зарим нь хуучраад "баяртай” болж нэр томьёо нь мартагдах нь ээ. Ийнхүү хэвлэлийн цахим хөгжилтэй хөл нийлүүлэн амжилттай хэрэглэж чаддаг миний үеийнхнийг нэрлэ гэвэл Төмөрпүрэвийг нэрлэнэ. Эх бэлтгэлийн Windows, Corel Draw, III-ustrator, InDesign, Photoshop, Pages, LibreOffice гэх олон төрлийн хэвлэлийн эх бэлтгэлийн программууд байхаас Corel Draw дээр эх бэлтгэхдээ залуучуудыг дагуулахгүй гаргуун сайн эзэмшсэн нэгэн билээ. Тийм болохоор хэвлэлийнхэн ялангуяа залуучууд "Corel Төмөрөө ах” хэмээн хүндлэн нэрлэдэг. Энэ нь Corel Draw программыг бусдаас хол давуу ашиглаж чаддагийг илтгэнэ. Хэдийгээр дал шүргэж яваа ч орчин цагийн цахим хөгжилтэй залуусаас дутахгүй хөл нийлүүлэн хоцрохгүй явна гэдэг бас л мундаг давуу тал гэж бодохоос аргагүй юмаа. Төмөрөөд ажил гүйцэтгэх талаасаа хэд хэдэн давуу онцгой чанар ажиглагддаг. Цагийн юмыг цагт нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг. "За" гэсэн л бол ёогүй. Гэрээт ажлыг хугацаанд чанарыг нэн эрхэмлэдэг. Хайш, яйш хандлагад туйлын дургүй. Нягт нямбай ажиллагаатай болохоор үйлчлүүлэгч олонтой байдаг. Ийм л хөдөлмөрч, шаргуу, дайчин хүндээ манай Төмөрпүрэв. 

5.Үсэг" хоршооны эзэн 

1990 оноос ардчилсан хувьсгал ялж, зах зээл эдийн засгийн цоо шинэ харилцаанд шилжин хуучин юм бүхэн ул болж, шинэ юм бүхэн зул болж байсан тэр цагт үеийнхэн дотроосоо хамгийн түрүүнд зах зээлийн тогтолцоог түрүүлж мэдэрч чадсан байдаг.Юу хэрэгтэй юу хэрэггүйг анзаарч мэдсэнийхээ хувьд "Үсэг" хоршоо байгуулан хувиараа хөдөлмөр эрхэллээ. Энэ хоршоогоо хамгийн сайн мэдэх, чадах мэргэжлээрээ хэвлэлийн үйлчилгээ явуулж ирсээр даруй 30 жил болжээ.

Энэ хугацаанд улсдаа хоёр том ажил үйлчилгээ хийж чадсан гэж ам бардам хэлнэ. Нэгд, "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр", "Монгол Улсын Засгийн газрын удаа дараагийн тогтоол"-д дурдсан монгол бичигт суралцах хамгийн наад зах нь байгууллагын хаяг, тамга тэмдэг, албан бланк зэргээ үндэсний бичгээр байх заалтыг хэрэгжүүлэх үүднээс монгол улс даяар тамга, тэмдэг үндэсний бичгээр болгох энэ нүсэр ажлыг гардан бүрэн гүйцэтгэжээ. Үүнд 22 аймаг, 360 гаруй сум, төрийн ба төрийн бус байгууллагын тамга, тэмдгийн эх загварыг гарган тамгажуулсан байдаг. Хоёрд, монгол улс зах зээлд шилжих үед өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбарыг үнэт цаасны хувьд нууцлалын стандартыг хангахуйцаар эх орондоо хийж чаджээ. Энэхүү ажлыг Монгол улсын өмч хувьчлалын комиссын нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун, Сангийн Яамны ажилтан Цогсүрэн нар итгэл хүлээлгэн даалгасныг амжилттай шийдвэрлэсэн байна. Ийнхүү монгол улс нууцлалын зэрэгтэй үнэт цаасыг эх орондоо анх хийж чадсан бөгөөд энэхүү ажлыг хийснээрээ хэвлэлийн хүний хувьд өөрөөрөө бахархаж монголын хэвлэлийн салбарын түүхэнд онцгой түүхэн үйл хэрэг болсон билээ.

Одоо ч хэвлэлийн салбартаа уйгагүй ажиллаж, монголын улсын хэвлэлийн салбарын лидер бизнесменүүдтэй ач тач мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, хэвлэлийн салбарын үйлчилгээг ард түмэндээ үзүүлсээр, ажилласаар явна. Үндэсний их баяр наадмын билет, урилга, хөтөлбөр зэргийг сүүлийн 30 жил тасралтгүй хийж зүтгэсээр яваа хөдөлмөрийн дайчин байлдагч, хэвлэлийн салбарын томоохон төлөөлөгч билээ. 

Д.Батсүрэн (Монгол Улсын зөвлөх багш, Хэл шинжлэлийн ухааны магистр)


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News