Унхиагүй УЛСЫН урагшгүй АЛБАТУУД » Төр.мн

Унхиагүй УЛСЫН урагшгүй АЛБАТУУД

 
Улсын онцгой комиссын унхиагүй ажиллагаанаас болж хавдартайгаа тэмцэж ядан байсан бүсгүй эх орондоо ирмэгц, үр хүүхэдтэйгээ ч уулзаж чадалгүй бурхны оронд одчихлоо.
Гадаад гацсан иргэдээ татан авч байна хэмээн том дуугарч, тайлбар тавьдаг онцгой комиссынхон анхнаасаа таван шалгуурынхаа дагуу иргэдийг авч ирж байсан бол хөөрхий бүсгүй аль хэдийн гэртээ очоод, ядаж сэтгэл нь тайван тэнгэрт халих байсан гэдгийг хэнбугай ч хэлнэ.
Тэгтэл онцгой комиссынхон тавьсан шаардлагадаа нийцсэн хүмүүсийг авч ирж байгаа гэдэг мэдээллийг тоть шиг давтан хэлдэг. Тэд хамгийн сүүлд буюу энэ сарын эхний өдөр нэгдүгээр сарын 28-наас өнөөдрийг хүртэл гадаадын 40 орноос 11428 иргэнээ татаж авсан гэж байгаа. Тэдний ердөө 5840 нь нислэгээр ирсэн, 5588 нь авто замаар ирсэн гэдэг. Тэгвэл тэдний яг хэд нь шаардлагад нийцсэн энгийн иргэн байгаа бол. Хэчнээн эх орондоо ирье гээд шаардлага хангасан ч тусгаарлалтын зардал, тийзний мөнгөгүйгээс гадаадад гацаатай үлдэж байгаа бол.
Олон нийтэд гадаадад гацсан иргэдээ авч ирж байна л гэж яриад байгаагаас биш үнэн хэрэгтээ Улсын онцгой комисс харин ч ашигтай ажиллаж байна гээд хэлчихвэл айхтар буруудахгүй л болов уу. Учир нь улсын онцгой комиссынхон эхэндээ бид НИСЭХ БАГ-ийнхнаа бодолцож тусгай үүргийн нислэгийн хуваарь гаргадаг. Нисэх багийнхнаа 14-21 хоног тусгаарлачихаар нисгэгчгүй ухааны тайлбар хийж байсан. Гэтэл хангалттай нисгэгчтэй, багтай гэдэг нь 6-7 дугаар сарын тусгай үүргийн нислэгийн хуваариас харагдах биз ээ. Зарим өдөр хоёр нислэг эсвэл өнжөөд нэг нислэгтэй байгаа нь нисэх багийнхан хангалттайг харуулж байна.
Гэтэл дараагийн гомдол нь ТУСГААРЛАХ БАЙР-ны хүрэлцээ. Хувийн аж ахуйн нэгжүүд нь зочид буудал, амралт, сувиллын газруудаа "харамлаад”, тусгаарлалтын хүн хүлээж авахгүй гэсэн хэмээн гоморхож буй.
Уг нь онцгой комиссынхон тавдугаар сард цар тахлаас урьдчилан сэргийлэх үзүүлэх сургуулилтын үеэр Буянт-Ухаа спорт ордонд 300 ортой "Яармаг-300”, Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэгт 100 ортой "Яармаг-100” эмнэлгүүдийг дэлгэж, шаардлагатай тохиолдолд 600 хүн хүлээн авч, эмчилгээ хийх боломжтой. Нэн шаардлагатай гэвэл 1000 хүртэл ор дэлгэж, тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой хэмээн гайхуулж байсан. Тэгэхээр хүсвэл ТУСГААРЛАХ БАЙР байгаа л гэсэн үг.

Тэд ингэж иргэдийг хүлээлтэд оруулж, дурыг нь хясаж байгаа ядарсан иргэдээ шулах арга хэрэглэж байна гэж хардахаас өөр гаргалгаа алга. Тодруулбал, Оюутолгойн захиалгаар Австрали руу анх удаа нислэг үйлдсэн. Монголоос тухайн компанийн ажилтнуудыг авч яваад, буцаад ирэхдээ ч мөн цөөн тооны ажилтныг нь авч ирсэн. Ингэхдээ "дайвар”-аар авч ирсэн элэг нэгтнүүдээ хоёр дахин өндөр үнэ төлүүлсэн байгаа юм. АНУ-аас ч ялгаагүй, их л өндөр үнэтэй тийзээр ирсэн тухайгаа иргэд хэлж байгаа. АНУ руу анх удаа нислэг үйлдлээ л гэсэн. Мэдээж ядруухан монголчуудын хандивыг хүргэж өгсөн онгоц. Хэрвээ тухайн улсаас эх орондоо ирэхийг хүссэн иргэн байгаагүй бол тухайн онгоц зорчигчгүй ирэх байсан. Эсвэл зорчигчтой болтлоо тэндээ үлдэх байсан уу гэдгийг бас бодох л асуудал.
Гадны улс, орнуудад ажил хийх боломжгүй буюу орлогогүй. Орон байрнаасаа хөөгдсөн, эмчилгээ, үйлчилгээ авах шаардлагатай гээд олон шалтгаантай МОНГОЛЧУУД харийн нутагт шаналж байна. Оршин суугаа улс, орнууд нь гайхшаа бараад халаглахдаа халамж, тусламж ч үзүүлж эхэлсэн. Үүний тод жишээ нь өчигдөр /2020.07.02/ эх орондоо АНУ-аас ирсэн иргэд.
Тэд "Samaritan’s Purse” байгууллагын шугамаар "Childrens Heart Project” төсөлд хамрагдан АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхэдтэй гэр бүлүүд. Тэдгээр хүүхдүүд Ковид-19 цар тахлаас өмнө тус улсыг зорьж, хагалгаа хийлгээд буцаж ирэх гэсэн ч хөл хорионд ороод гацсан. Түүнээс хойш Улсын онцгой комисст хэд, хэдэн удаа хүсэлт өгсөн ч багтаж чадаагүй. Багтаж чадаагүй гэж багтаагаагүй л дээ үнэндээ. Тэдний энэ байдлыг хараад тэвчиж чадаагүй "Samaritan’s Purse” байгууллагаас өөрсдийн онгоцоор манай улсын иргэдийг авч ирж, хүргэн ирлээ.
Энэ бол ердөө л унхиагүй улсын урагшгүй албат болсон Улсын оцнгой комиссынхны л арчаагүй мэт харагдаж, ард нь шуналдаа хөтлөгдөж ашиг, хонжоо хайсан арга л гэхээр байгааг хэн хүнгүй хэлэх биз ээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News