Хүний хүүг төрийн хүн болгоод шоронд илгээчихлээ » Төр.мн

Хүний хүүг төрийн хүн болгоод шоронд илгээчихлээ

 
Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбат аль нэг хорих байгууллагад ....тоот ялтан гэж гэж дуудагдахаар болчихлоо. Яах вэ, одоохондоо түүнийг давж заалдана, хамгийн эцсийн шийдвэрийг Дээд шүүх гаргах ёстой хэмээн хэнбугайг ч юм бэ тайвшруулахаар тайлбар хийж байна. Гэхдээ л түүнийг яллахаар эхнээсээ улайрсан нь энэ хэдэн өдөр эрхгүй мэдрэгдэж байна.
УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоогүй, УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, батламж, үнэмлэхээ гардан, сурталчилгааны ажилдаа орчихсон явсан зэрэг нь тодорхой хуулиудыг зөрчсөн гэдгийг эх сурвалжууд хэлж буй. Гэтэл шүүхээс түүнд холбогдуулсан хэрэгтээ саатуулахын тулд 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулахыг шаардсан. Өмгөөлөгчөө солих хүсэлт тавьсан ч хүлээн аваагүй зэрэг үйл явц өрнөсөн. Эцэст нь анхан шатны шүүхээс зургаан жилийн ял оноолоо.
Ж.Эрдэнэбат үнэхээр тэгж шуналдаа хөтлөгдсөн нэг нөхөр гэнэт гарч ирж, Ерөнхий сайд хүртлээ ахиж, дэвшсэн хэрэг үү...
Яг энэ цаг үед Ж.Эрдэнэбатыг гэнэтхэн Ерөнхий сайд хүртлээ албан тушаалын шатаар маш хурдтай өгссөн шигээ амархан бас хэтэрхий хүнд, чанга уналаа хэмээж буй. Үүнийх нь цаана түүнийг улстөрд хөтөлж, оруулсан шигээ өөрийн болгож, "тоглосон” М.Энхболд тун ч цэвэрхэн үлдчихэв үү гэлтэй.
М.Энхболд МАН-ын дарга байж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, УИХ-ын сонгуульд нэр дэвших тойрог авахын тулд бусадтай сөргөөцөлдөж, үр дүнг фракцынх нь залуус хүртчихлээ.
Ж.Эрдэнэбатын хувьд сэлэнгэчүүдийн хувьд үнэлэгдэж, өсөн, дэвшиж явсан эдийн засагч, Засаг дарга байсан. Мэдээж анх УИХ-ын гишүүн болохоор нэр дэвшихэд нь ч Засаг даргаа төрд илгээх дургүй байсан. Гэсэн ч 2012 онд төрд илгээсэн.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын албанаас Төрийн ордонд залрахдаа түүн шиг чимээгүй, гэхдээ өмнөх ажлаа чимээгүйхэн хийж явдаг хүн ховор байсан. Сангийн сайдаар ажиллаж байхдаа Ж.Эрдэнэбат толгой сэгсэрч "Улсын эдийн засгийг "0” заалгахгүйн тулд ачаалал даахаас аргагүй. Гэхдээ гал тогоог нь барьж байж муу, сайныг нь гоочлоод байж болохгүй шүү дээ” хэмээн учирлаж байв. Утга нь хэчнээн эдийн засаг хүнд байсан ч салбарынхан даван туулахаар чармайж байна. Тиймээс би гоншгонож ярилцлага өгмөөргүй байна гэсэн үг. Тиймээс л толгой сэгсэрч эвтэйхэн аргалдаг байсан.
Түүнийг парламентад ажилласан 2012-2016 оныг сэлэнгэчүүд үнэлэхдээ дахиад төрд илгээсэн. Энэ л түүний алдаа байж. Тэр зүгээр л нутаг орныхоо төлөө "хувиа хичээгээд” үлдэх ёстой байж. Тэгсэн бол өнөөдөр төрүүлсэн эхийгээ шаналгаж, сэлэнгэчүүдийг бөөнөөр нь жагсаал зохион байгуулахад хүргэж, өөрөө ч дээлээ нөмрөхгүй байлаа. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд болоход олон хүн амаа барьж байсан нь саяхан. Тэр чадваргүйд биш. Түүнийг улстөрд хөтөлсөн хүнийх нь карьер дуусахын зэрэгцээ фракцынх нь эсрэг МАН-ын бараг бүх гишүүн босч зогссон үе. Өөрийн хүнээ Ерөнхий сайд болгож, хүссэнээрээ хөдөлгөхийг хүсч байж. М.Энхболд хүнийг сайн таньдаг бололтой. Учир нь түүний фракцид харьяалагдаж явсан ч муугаар дуудагдаж эхлэхийн цагт залуус нь даргадаа хэр халдаахгүй, хэлээ хазаад өнгөрдөг. Бусадтай адил "бүгд үхэхийг” хүсдэггүй. Тийм шийртэй, шийдвэртээ үнэнч хүмүүсийг тэр "олдог” аж. Мэдээж энэ нь ганц Ж.Эрдэнэбатаар зогсохгүй гэдгийг олон хүн мэддэг болсон.
Ж.Эрдэнэбатын хувьд ч итгэсэн хүн нь өөрөөр нь туг тахина чинээ бодоогүй. Голтой хүн байхыг эрхэмлэж, чиг шугамдаа үнэнч байхыг хичээж, авсан ажлаа алдалгүй хийх, үүргээ ухамсарлан зүтгэх зан нь түүнд эргээд ийн гай болно гэж санах билээ. Түүний зарчим л энэ бололтой. Тэр бусдад бурууг тохохыг хүссэнгүй. Булзааруулж, бултахыг ч хүссэнгүй.
Харин өнөөдөр... Хөтөлж улстөрд оруулсан М.Энхболд хийгээд нэгэн үе дал мөрийг нь алгадаж явсан намын нөхөд, Ерөнхий сайдаа хэмээн дуудаж, дулдуйдаж явсан хүмүүс аниргүйхэн алсаас харж сууна. Асуудал холуур өнгөрөг гэсэн шиг УИХ-ын чуулганы танхимдаа Ерөнхий сайд асныхаа хувь заяатай холбоотой ганц асуулт тавьчихгүй бүлх залгисан мэт сууна."Ах аа,” хэмээн урд хойно нь "орооцолдож” явсан хүмүүс "аавынд” орсонд нь баясаж, өөрсдийн карьераа эхлүүлж байна.
Улстөр гэж угтаа ийм байдаг гэж үү гэдгийг өнөөдөр монголчууд, сэлэнгэчүүд хараад зэвүүцэж сууна. Тэр зэвүүцэл нь бухимдал болоход шүүхийн гаднах цагдаа нарын сүрт дүр, чанга, хахир дуу биш Ж.Эрдэнэбатын ээжийн зөөлөн, ухаант үг номхотгож байна. Тэр эх хүүгээ яг л тэгж хүмүүжүүлж. Харин улстөрд хүүг нь авсан шигээ ашиглаад "аятайхан” буцааж өгөлгүй, "аавынд” залж, мууг нь үзэж байна.      
Эх сурвалж: Erennews.mn
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News