Тусгай хамгаалалтад нийслэлийн 43 газрыг авчээ » Төр.мн

Тусгай хамгаалалтад нийслэлийн 43 газрыг авчээ

НИТХ нийслэлийн ногоон бүсийг хамгаалах үүднээс Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачуурт голын хөндийн Бага Шар хоолойн Бэрх төгөл орчмын хүлэрт намаг бүхий 103 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна.
Мөн Гачуурт голын хөндийн Доод төгөл орчмын усны шувууд цуглардаг намаг бүхий 81 га, Дээндийн нурууны зэрлэг амьтдын тархац, нүүдлийн зам дагасан ойн сан бүхий 6130 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ. Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэрт хамгаалалтад авсан газрын тоо 43 болсны 3 нь улсын, 6 нь орон нутгийн, 34 нь дүүргийн тусгай хамгаалалттай аж.
Эдгээр байршилд газар эзэмших, ашиглах, олгох хориотой бөгөөд зөрчсөн тохиолдолд НИТХ-ын тогтоолоор хориглосон үйл ажиллагаа явуулж буй ААН, иргэн, хуулийн этгээдийг хамгаалалтын бүсээс гаргаж байгаа юм. Энэ нь суурьшлын бүс тэлж ой, усны сан хомсдох эрсдэл нүүрлээд байгаатай холбоотой авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа гэнэ.
Нийслэлийн Байгаль орчны газрын мэдээлснээр ой, усан сан бүхий хэсэгт газар олгох, иргэд хууль бусаар газар эзэмших зөрчил их гарсаар байна. Тиймээс НИТХ нийслэлийн ногоон бүсийг хамгаалах чиглэлээр үе шаттай ажил зохион байгуулж байгаа юм байна.
Нийслэлийн ойр орчмын нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалтад авснаар дээрх газрууд нь нийслэлийн иргэдийн амралт зугаалгын нөөц, агаар орчны тэнцвэрт байдлыг хамгаалахад түшиц газрууд болох гэж үзэж байгаа юм байна. Мөн газар нутгийг хамгаалалтад авснаар Улаанбаатар хотын дундуур урсах усны нөөц сэргэх, эх нь хамгаалагдах, усны түвшин нэмэгдэх зэрэг эерэг нөлөө гарч байгаа тухай Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлжээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News