Улсын заан Ц.Баярсайхан болон “Мах импэкс”-ийн захиралд торгох ял шийтгэв » Төр.мн

Улсын заан Ц.Баярсайхан болон “Мах импэкс”-ийн захиралд торгох ял шийтгэв


Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Гавьяат тамирчин, улсын заан, ОБЕГ-ын "Аврагч” спорт хорооны дарга асан, хурандаа Ц.Баярсайхан, "Мах импэкс” компанийн гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаа нарт холбогдох, бусдаас хуурамч бичиг баримт ашиглан их хэмжээний мөнгө залилсан гэх хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Үндэсний их баяр наадмын өмнөхөн хэлэлцэн шийдвэрлэлээ. Уг нь 2016 онд уг хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд шүүгдэгч Ц.Баярсайханд 11 жил хорих ял чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, хохирогч Т.Алтанцэцэгт учруулсан хохирлоос төлөөгүй үлдсэн 390 сая төгрөгийг нь төлүүлэхээр шийдвэрлэсэн ч давж заалдсаар, Улсын дээд шүүхээс анхан шатны шүүх рүү буцаасаар өнөөг хүрч байгаа юм.
Дөрвөн жил гаруйн хугацаанд сунжирсан уг хэрэгт хамгийн сүүлд хамтран оролцсон "Мах импэкс” компанийн гүйцэтгэх захирал Г.Бүдрагчааг яллагдагчаар татсанаар дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон билээ. Шүүгдэгч дээрх хоёр хүн болон тэдний өмгөөлөгч нар элдэв шалтаг тоочиж хойшлуулсаар байсны эцэст шүүх хэргийг хоёр хоног хэлэлцэж, хохирол төлөх тав хоногийн завсарлага авснаар долдугаар сарын 7-нд шийтгэх тогтоолоо танилцуулав.
Улсын заан Ц.Баярсайханыг хохирогч Т.Алтанцэцэгт "Мах импэкс” компанийн албан баланканд бичсэн, Г.Бүдрагчаа нарын гарын үсэг бүхий хуурамч гэрээгээр халхавчлан залилан мэхэлсэн гэм буруутайд тооцжээ.
Харин Г.Бүдрагчааг нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон буруутай гэж анхан шатны шүүх үзлээ. Тиймээс Ц.Баярсайханд бусдыг залилсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т зааснаар 15 000, мөн хуулийн 21.1-1 дэх хэсэгт заасан "Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, түүнийгээ хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн” гэх үйлдэлд нь 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэлээ. Харин "Мах импэкс” компанийн гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаад нотлох баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт нь Эрүүгийн хуулийн 21.1-1 дэх хэсэгт заасны дагуу 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оноов.
Бөхчүүдийн өдүүлсэн гэмт хэргийг шийдвэрлэх ажиллагаа нэлээд удаашралтай байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, "Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын тэргүүн, улсын харцага Г.Ганхуягт холбогдох, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, далайлган сүрдүүлсэн хэргийг өнгөрсөн нэгдүгээр сард яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч өнөөг хүртэл шийдсэнгүй. Түүний ойр дотны хүн нь шүүгчээр ажиллаж байсан нь нөлөөлж, өнөөг хүртэл шийдэж чадахгүй байгаа гэх хардлага байдаг юм билээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News