З.Мэндсайхан: Дарханы арьс ширний цогцолбор эдийн засгаа төрөлжүүлж, тэлэх боломжтой » Төр.мн

З.Мэндсайхан: Дарханы арьс ширний цогцолбор эдийн засгаа төрөлжүүлж, тэлэх боломжтой

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Дархан дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолбор, ургамал газар тариалангийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцан, эрдэмтэн судлаачдын санал бодлыг сонслоо.
Дарханы Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн хувьд мэргэжилтнүүдийг гадаад, дотоодын сургалтанд хамруулах, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд анхаарч өгөхийг салбарын сайдаас хүсэв. Харин Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт ажиллах боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг уламжлав.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мөн Дарханы арьс ширний дэд бүтэц, үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. Тус цогцолбор нь Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт болгох, түүнийг дагасан ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой төсөл гэдгийг ХХААХҮ-ийн сайд онцоллоо. Цогцолборын бүтээн байгуулалтын ажил ахицтай явагдаж байгааг хэлээд цаашид шаардлагатай асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Цогцолбор баригдснаар хөнгөн үйлдвэрийн салбарт шууд 2300, үйлчилгээ ханган нийлүүлэлтийн салбарт шууд бусаар 5000 гаруй ажлын байрыг шинээр бий болох юм. Цогцолборын хүрээнд үйл ажиллагаа явуулах үйлдвэрүүд нь жилд 10 сая ширхэг арьс шир боловсруулах, 10 мянган тонн ноос, ноолуур угаах самнах хүчин чадалтай байх юм. Ингэснээр уг цогцолбор нь Монгол Улсын ажиллах хүчний 40 хувийг бүрдүүлдэг 288 мянган малчин, малын эрүүл мэндийн салбарын 1200 гаруй эмч, түүхий эдийн тогтолцооны 2400 гаруй иргэдийн амьдралд эдийн засгийн үр өгөөж авчрах аж.
Төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээс хойш бохир ус цэвэрлэх байгууламж, цахилгаан түгээх, дамжуулах дэд станц, дулааны шугам хоолой татах, ноос угаах, самнах үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэрийн барилга баригдаж байна. Энэ оны 8 дугаар сараас эхний үйлдвэрийг ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
ХХААХҮ-ийн сайдын хамт тус яамны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын дарга Ц.Болорчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн, сайдын зөвлөх Д.Бадарч нар ажиллав. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News