Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар УИХ-ын байнгын хорооны түр хороонд танилцууллаа » Төр.мн

Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар УИХ-ын байнгын хорооны түр хороонд танилцууллаа

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо  (2021.03.04) хуралдлаа.
Эхлээд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний арга тактик, цар тахлын голомтыг хумих талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан танилцуулсан.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 27 дугаар тогтоолоор Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2021.02.11-2021.02.23-ны өдрийг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, шат шатны арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд нийслэл хот маань ажил, амьдралын хэвийн горимд шилжээд байгаа юм.
Эхлээд Шадар сайд "Нэг хаалга нэг шинжилгээ” арга хэмжээний зорилго, үр дүнгийн талаар танилцуулсан. Олон нийтэд долоо хоногийн өмнө зарлаж байгаад хоёрдугаар сарын 11-ний өдрөөс гамшгийн үеийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 12 хоногийн хөл хорио тогтоож, энэ хугацаанд "Нэг хаалга нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулсан. 12 хоногийн хугацаанд 411 мянган өрхийн нэг иргэнээс ковидын халдварын сорьцийн шинжилгээ авахаар төлөвлөсөн бол энэ хугацаанд явуулын болон суурин цэгээр дамжуулан нийт 558 мянган иргэнээс шинжилгээ авчээ. Үүний үр дүнд 221 халдварын тохиолдлыг тогтоож, 36 шинэ голомтыг олж илрүүлж, тэдгээрийн ойрын хавьтлын 300 гаруй хүнийг тусгаарлсан байна. Төрийн үйлчилгээний цахим сан болох www.e-mongolia.mn-д цар тахлын талаарх тухай цэс нээсэн тул холбогдох бүх мэдээллийг нэг дороос авч болно гэдгийг энэ үеэр С.Амарсайхан сайд онцоллоо.
Үргэлжлүүлэн тэрбээр коронавируст халдвар (КОВИД19)-ын тархалтын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журамын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Засгийн газрын 45 дугаар тогтоолоор Гамшгийн үеийн бэлэн байдлын гурван зэрэглэл, 4 түвшин буюу НОГООН, ШАР, УЛБАР ШАР, УЛААН түвшнийг баталжээ. Мөн түвшин тус бүрд төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зохицуулагдахыг тусгасан байна. Ингэснээр өмнө нь нийслэл, дүүрэг, аймгийн Онцгой комиссын дарга нарын шийдвэрээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээж, хаадаг байсныг өөрчилж, гамшгийн түвшинг УОК-ын тогтоосноор энэ дагуу ямар зохицуулалт хэрэгжихийг иргэд шууд мэдэх боломжтой болсноороо давуу талтай юм байна. Иргэн, аж ахуйн нэгжүүд шар түвшинд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажилласнаар халдвар тархах эрсдэл буурч, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бүрдэж, цаашдаа улбар шар, улаан түвшинд шилжихгүй байх боломж бүрдэх ач холбогдолтой гэдгийг тэрбээр мэдээллийн үеэр тэмдэглэв.
Шадар сайд үргэлжлүүлэн тусгаарлан ажиглах түр журам буюу гэрээр тусгаарлах журмын талаар мэдээлэл өгсөн бөгөөд энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 32 тусгаарлах байранд 2302 иргэн байгаа аж.
Короновирусын халдвараас урьдчилсан сэргийлэх, иргэдээ дархлаажуулах ажил эхэлсэн талаар Засгийн газрыг гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд Түр хорооны гишүүдэд мэдээллээ.
Иргэдээ вакцинжуулах төлөвлөгөөний хүрээнд насанд хүрсэн иргэд буюу нийт иргэдийн 60 хувь (1.9 сая хүн)-д хийх вакцин авах юм байна. Үүнд Оксфордын Их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн, ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн "Астразэнэка” вакцинаас 150 мянган тун, БНХАУ-д үйлдвэрлэсэн, ДЭМБ-д бүртгэгдэхээр хүлээгдэж буй "Синофарм” вакцинаас 300 мянган тун, ОХУ-д үйлдвэрлэсэн, ДЭМБ-д бүртгэгдэхээр хүлээгдэж буй "Спутник V” вакцинаас 20 мянган тун тус тус татан аваад байгаа аж. Эхний ээлжинд эрүүл мэнд, цагдаа, онцгой болон стратегийн салбарын ажилтан, алба хаагчдаа вакцинжуулж эхлээд байгаа гэлээ.
Вакцин татан авалтын талаар мэдээлэхдээ "КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд зургадугаар сар хүртэл "Астразенека” вакцины 112,000 тунг хүлээн авахаар тогтсон бөгөөд үүнээс эхний 14,400 тун энэ сарын 15-ны дотор татан авах юм байна. Түүнчлэн ОХУ-аас манай улсад "Спутник V” вакциныг тусламжаар нийлүүлэхээ илэрхийлсэн. Үүний сацуу 200,000 тунг худалдааны шугамаар захиалж, тавдугаар сарын эхээр татан авахаар төлөвлөсөн байна. "Синофарм” компаниас 300,000 тун вакциныг арилжааны шугамаар дөрөвдүгээр сард багтаан худалдан авах боломжийг судалж байгаа бол "КОВАКС” хөтөлбөр, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд "Файзер” вакцины 25,000 тунг оруулж ирэх асуудал хэлэлцэгдэж байгаа гэлээ.
Гадаад улс орнуудаас иргэдээ татан авах үйл ажиллагааны талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл танилцуулсан. Засгийн газраас Гадаад улс орнуудаас иргэдээ татан авах арга хэмжээг тогтмол зохион байгуулсаар ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар гадаадын 28 улсаас нийт 8839 иргэн эх орондоо ирэх хүсэлтийг ирүүлээд байгаа гэлээ. Үүний ихэнх нь буюу 4521 нь БНСУ-д байгаа иргэд юм байна. Ирэх саруудад буюу гурав, дөрөвдүгээр сард чартер нислэгийн тоог нэмэгдүүлж сард 14 доошгүй удаа нисгэж, сард дунджаар 2000 гаруй иргэдийг татан авахаар төлөвлөж байгаа юм байна. 2020 онд гадаад улсад байгаа 941 иргэний өргөдөл, хүсэлтийн дагуу нислэгийн тийзний төлбөр, тусгаарлах байрны төлбөрийг хөнгөлөх хэлбэрээр нийтдээ 3.4 тэрбум төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлжээ. 2021 оны эхний хоёр сарын байдлаар 65 иргэнд 75 сая төгрөгийн тусламж үзүүлээд байгаа бол одоогоор ирүүлээд байгаа 39 иргэний хүсэлтийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэлээ.
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний арга тактик, цар тахлын голомтыг хумих талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний танилцуулга, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын вакцины хангалт, нийлүүлэлтийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Цар тахлын үед гадаадад байгаа иргэдийн татан авалтын талаарх мэдээллийг сонссоны дараа хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, Шадар сайд, Эрүүл мэндийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авлаа.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News