Цагаан суваргын ордыг алдчихлаа » Төр.мн

Цагаан суваргын ордыг алдчихлаа

"Эрдэнэт”, "Оюутолгой” үйлдвэрийн дараа орох 3 дахь "мега” үйлдвэр Дорноговь аймгийн Мандах суманд баригдаж эхлээд байгаа. 1.2 тэрбум доллараар босч байгаа "Цагаан суварга”-ын зэс-молибдений баяжуулах үйлдвэр нь ирэх 2016 онд ашиглалтад орно гэж албаныхан мэдээлж байв.

"Цагаан суварга”-ын зэс-молибдений баяжуулах үйлдвэр нь 1950-аад оноос эхлэн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордын нэг юм. 240 сая тонн хүдэр, 1,8 сая тонн зэсийн нөөцтэй энэ орд Оюутолгойгоос 27.8, Эрдэнэтээс 7 дахин жижиг ч зэсийн баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 16.9 сая тонн хүдэр боловсруулж, 300 мянган тонн катодын зэс, 5000 тонн молибдени үйлдвэрлэнэ хэмээн тооцоолоод байгаа аж.

"Цагаан суварга”-ын орд нь стратегийн орд учраас төрийн оролцоо шаардлагатай. Тиймээс тус ордын эзэмшлийн асуудлыг тойрсон маргаан идэвхтэй өрнөсөн. Гэвч УИХ-аар тус ордыг "МАК”-ын мэдэлд өгч, Үндсэн хуулийн цэц энэ шийдвэрийг баталгаажуулав.  

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хурлаар "Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоолыг хэлэлцэж, Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн шийдвэрийг гаргасан юм.

Гэвч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг эсэргүүцэх гишүүд цөөнгүй байлаа.

УИХ-ын нэгдсэн чуулганаар "Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга "Цагаан суваргын стратегийн ордоос Монголчууд бүгдээрээ хувь хишиг хүртэх ёстой. Бид ард түмэндээ шударга хандах ёстой. Энэ бол стратегийн орд. Тиймээс маш сайн жишиг болох гэрээ байгуулбал дараагийн ордыг зөв ашиглахад тустай. Монголын төрийг басамжилсан өнгө аястай хачирхалтай төсөл оруулж ирсэн. Манай бүлгийнхэн энэ төслийг Ашигт малтмалын тухай хуулийг баталсны дараа бодлогын хувьд уялдуулан хэлэлцэх  нь зүйтэй гэж үзэж байр сууриа нэгтгэсэн. Номтойбаяр аа, миний дүү Цагаан суваргын ордын баялгийг чи ганцаараа, аавтайгаа идээд ч барахгүй. ” гэж хэлж эсэргүүцэж байв.

Гэвч 2014 оны хаврын чуулганаар "Цагаан суварга”-ын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг хэлэлцэж, улмаар төрийн мэдлээс гаргаж, МАК компанийн 100 хувийн мэдэлд шилжүүлэх шийдвэрийг гаргачихсан юм. Өөрөөр хэлбэл "Эрдэнэт”, "Оюутолгой”-н араас 3-т эрэмбэлэгдэх энэ том ордыг төрийн хяналтаас гаргасан гэж хэлж болно. Бүр нарийн хэлбэл, "Цагаан суварга”-ын орд ард түмний мэдлээс гарч, хувийн компанийн өмч болсон гэсэн үг юм.

Харин УИХ-ын энэ шийдвэрийг Үндсэн хуулийн цэц хэлэлцэж, хууль зөрчсөн зүйл алга байна гэсэн шийдвэр гаргачихлаа.

Үүнийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ эсэргүүцэж "Стратегийн ач холбогдол бүхий ордыг УИХ-аар шийдвэр гаргуулж, Үндсэн хуулийн цэц дээр очиход унахааргүйгээр бүхий л нөхцөл, боломжийг бүрдүүлж байна. Үнэхээр харамсалтай байна гэж хэлэхээс аргагүй. "Цагаан суварга”-ын орд маш их нөөцтэй. Улсын нөөцөд бүртгэж авснаар 250.4 сая тонн хүдэр, 1.6 сая тонн зэс, 66.1 тонн молибден, 11.2 тонн алт гэх мэт ийм их нөөцтэй ордыг сул өгчихөж байна. Бүхий л зүйлс хоорондоо уялдаа холбоотой ажиллаж. Оюутолгойг ингэж л өгсөн. Араас нь "Цагаан суварга”-ын ордыг өгчихлөө. Үүний араас Гацуурт буюу "Ноён” уулын орд хүлээгдэж байна. Стратегийн ач холбогдол бүхий ордод аваад эргүүлээд хувьд шилжүүлж байна. Ийм байж болохгүй” гэв.

Үнэхээр л  стратегийн ач холбогдолтой хэмээн улс бүртгэж авчихаад дараа нь бүхий л нөхцөл, шаардлагыг бүрдүүлж байгаад л хувийн компанийн мэдэлд шилжүүлж, үүнийгээ үндсэн хуулийн цэцээр баталгаажуулж байгаа нь хуулийн хүрээнд хийгдэж буй хулгай гэж харахаас аргагүйд хүргэж байна.
 
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News