Ашиглахгүй байгаа тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулахыг анхааруулав » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

Ашиглахгүй байгаа тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулахыг анхааруулав

2017-10-12
 
Автотээврийн үндэсний төв (АТҮТ) 2017 оныг "Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласан. Энэ хүрээнд хийсэн ажлаа олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн, шуурхай хүргэх зорилгоор өнөөдөр Сүхбаатарын талбайд "Өвөлд бид бэлэн” нэгдсэн өдөрлөг зохион байгуулж байна.
 
"Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд тус төвөөс төрийн болон ТББ-уудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, хууль бус тээвэрлэлттэй тэмцэх, жуулчин тээврийн сургалт зохион байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлж байгаа юм.
 
Өнөөдөр 14.00 цаг хүртэл үргэлжлэх тус өдөрлөгийн үеэр иргэдэд улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаар мэдээлэл хүргэх, техникийн хяналтын үзлэг оношлогооны талаар зөвлөгөө өгөх, хууль бус тээвэрийн хэрэгслээр орон нутагт зорчихгүй байх талаар анхааруулга хүргэж байна. АТҮТ-тэй гэрээ бүхий 51 аж ахуйн нэгж 950 автобусаар хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг байна. Түүнчлэн АТҮТ-тэй гэрээ байгуулаагүй буюу хулгайн тээврийн хэрэгсэл олон байгааг тус төвөөс мэдээлж байлаа. Орон нутгийн замд гарч буй нийт ослын 80 орчим хувийг хулгайн тээвэр эрхлэгчид гаргадаг байна. Энэ нь зорчигийн тоо болон хурд хэтрүүлдгээс үүдэлтэй аж. Тиймээс АТҮТ-тэй гэрээ бүхий байгууллагуудын мэргэшсэн жолоочтой, аюулгүй тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлж байхыг уриаллаа.
 
Мөн өдөрлөгийн хүрээнд тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн бүртгэх, даатгал, албан татвар хураах зэрэг бүхий л төрлийн үйл ажиллагааг явуулж байна. Улсын хэмжээнд нийт 900 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнээс 500 мянга орчим нь тогтмол хөдөлгөөнд оролцдог аж. АТҮТ-өөс 95 мянган автомашины насжилт дуусч, хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон гэсэн судалгаа гаргасан бөгөөд дээрх тээврийн хэрэгслийг эзэмшигчдийг АТҮТ-д ирж, бүртгэлээс хасуулахыг анхаарууллаа. Ашиглахгүй байгаа тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасуулаагүйн улмаас жил бүр тухайн иргэний нэр дээр татвар бичигдэж, эдийн засгийн хохиролд орох магадлалтай хэмээв.
 
Түүнчлэн АТҮТ-ын Мэргэшсэн жолоочийн тасгаас иргэдээс мэргэшсэн жолоочийн шалгалт авч байна. Хуулийн дагуу улс, хот хооронд ачаа болон зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч нь бүр мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх ёстой. Тус төв 2010 он байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 46 мянган иргэнийг мэргэшсэн жолоочийн сургалтад хамруулж, ажлын байранд зуучилжээ. Мөн энэ оноос эхлэн "Алтан боломж” хөдөлмөр зуучлалын газартай хамтран, мэргэшсэн жолоочийг ажилд зуучлах үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тиймээс мэргэшсэн жолооч нар тус хөдөлмөр зуучлалын газарт хандан улс, хот хооронд тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн нээлттэй ажлын байранд бүртгүүлэх боломжтой аж.
 
Мөн өдөрлөгийн үеэр улс, хот хоорондын зорчигч тээврийн тасалбар бичих "Билет бичилтийн ТҮЦ” машиныг танилцууллаа. Тус машиныг энэ оны тавдугаар сараас эхлэн Драгон болон Баянзүрх зорчигч тээврийн төвд байрлуулсан юм. Туршилтын хугацаа дуусч, энэ онд багтаан хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх бөгөөд нийтийн үйлчилгээний томоохон зах, худалдааны төвүүдэд байрлуулахаар төлөвлөж байгаа аж. Мөн ирэх онд уг машинаас агаарын болон төмөр замын зорчигч тээврийн тасалбар олгодог болохоор судалгааны ажлыг явуулж байна. Ингэснээр иргэд зорчигч тээврийн төвд очиж, цаг хугацаа алдахгүйгээр өөрт ойр газраас тасалбар худалдан авах боломж бүрдэх юм. Энэ нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд ихээхэн түлхэц үзүүлнэ хэмээн үзэж байгаа юм.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: Монцамэ агентлаг

скачать dle 10.3фильмы бесплатно
У.Хүрэлсүхийн засгийн газарт Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд хэн байх вэ?