"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн 70 жилийн ойн баярын хурал » Төр.мн

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн 70 жилийн ойн баярын хурал

Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсч хөгжсөний 70 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. 1949 оны зургадугаар сарын 6-ны өдөр БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газрын хооронд хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурснаар энэхүү түүх эхэлсэн байдаг. "Улаанбаатар төмөр зам” ХНН үүсэн байгуулагдсан түүхэн үйл явдал нь манай улсад төмөр замын тээврийн салбар эрчимтэй хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн төдийгүй Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах гол хөшүүрэг болсон билээ.
70 жилийн түүхтэй энэ их айлаас өдгөө Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 14, гавьяат тээвэрчин 29 төрөн төрөн гарсан нь төмөр замчдын хөдөлмөр зүтгэлийн тод жишээ гэлтэй. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын Засгийн газар манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд УБТЗ-ын оруулж буй хувь нэмрийг өндөр үнэлж сүүлийн хоёр жил дараалан Монгол Улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгаруулсан билээ.
Тэгвэл өнөөдөр УБТЗ-ын хөгжлийн 70 жилийн түүхийг бүтээсэн ахмад үе, тэдний алдар гавьяаг нэр төртэй залгамжлан авч яваа төмөр замчид баярын хурлаа "Шангри-Ла” зочид буудлын "Их танхим”-д хийж байна.

Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Чепурной, ОХУ-ын Дорнод сибирийн Төмөр замын орлогч дарга А.Парщиков, БНХАУ-ын Хөх хотын Төмөр замын дарга Жан Зи И, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа гээд олон хүндтэй зочид уригдан оролцов.

"УБТЗ” ХНН өнгөрсөн жил 22,8 сая тонн ачаа тээвэрлэж түүхэндээ байгаагүй амжилт гаргасан юм. Тэгвэл энэ жил 24,5 сая тонн ачаа тээвэрлэх зорилттой ажиллаж байна. Энэ нь манай улсын эдийн засгийн өсөлт сайжирч байгаагийн бодит илрэл бөгөөд үүнд манай төмөр замчид томоохон үүрэг гүйцэтгэж байгааг харуулж байгаа юм. Сүүлийн хоёр жилд УБТЗ-ын тээврийн хэмжээ эрс нэмэгдэж байгаа нь тус нийгэмлэгийн удирдлагын багийн ажлын арга барил, зөв шийдвэр, төмөр замчдын шаргуу хөдөлмөрийн үр дүн юм.
Энэхүү ололт амжилтаа тус  хамт олон бататгаж бас нэгэн дээд амжилтыг тогтоожээ. Өнгөрсөн жил УБТЗ хоногт 74,593,8 тонн ачаа ачиж хоногийн ачилтын түүхэн дээд амжилт тогтоож байсан бол энэ сарын 10-нд 1331 вагон 81,050,6 тонн ачаа ачиж хоногийн ачилтын түүхэн дээд амжилтаа дахин шинэчлэн тогтоолоо. Энэ нь өнгөрсөн оноос 125 вагон 6457,1 тонноор илүү байна. Ирэх жил 70 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа УБТЗ-ын хамт олон түүхэн ойгоо амжилт бүтээлээр угтахаар ийнхүү шамдан ажиллаж байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News