Багахангай дүүргийн ус хангамж, инженерийн шугам сүлжээний хүрэлцээ хангамжийн асуудал бүрэн шийдэгдлээ » Төр.мн

Багахангай дүүргийн ус хангамж, инженерийн шугам сүлжээний хүрэлцээ хангамжийн асуудал бүрэн шийдэгдлээ

Барилга, хот байгуулалтын яамнаас Улаанбаатар хот, томоохон суурин газруудын цэвэрлэх байгууламж, ус хангамж, ариутгах татуургын инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийг шинэчлэх, шинээр барих төсөл, арга хэмжээг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар барьж, байнгын ашиглалтад оруулах төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ зорилтын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын Багахангай дүүрэгт алсын зайн удирдлагатай  гүний 3 худаг, 2х500м3 багтаамжтай усан сан, 22.8 км цэвэр усны, 4.8 км бохир усны шугам, хоногт 3200 м3 бохир усыг цэвэрлэх хүч чадалтай орчин үеийн тоног төхөөрөмж, лабораториор тоноглогдсон цэвэрлэх байгууламж, бохир усны өргөлтийн насос станц, халаалтын зуух, цахилгаан хангамж, автоматжуулалтын ажлууд зэрэг бүтээн байгуулалтын томоохон цогц төслийг хэрэгжүүлж, байнгын ашиглалтад орууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Энхболд, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг, Багахангай дүүргийн засаг дарга С.Эрдэнэбаяр, "Комфорт импэкс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхболд, "Их мянган инженерчлэл" ХХК-ийн удирдлагууд, БХБЯ, УСУГ-ын мэргэжилтнүүд, ААН, байгууллагын инженер, техникийн ажилтан, алба хаагчид, Багахангай дүүргийн иргэд оршин суугчдын төлөөлөл оролцлоо.

Уг цогц бүтээн байгуулалтын зураг төслийг Монгол инженерүүд боловсруулж, барилгын ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ бохир усыг цэвэрлэх технологи үйл ажиллагааг нэг барилгад багтаан угсралтын ажлыг хийснээрээ онцлог юм. 
Энэхүү төслийн үр дүнд нийслэлийн алслагдсан Багахангай дүүргийн 1, 2 дугаар хорооны хүн амыг баталгаат ундны усаар хангаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэрлэн, тэдний ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ цэвэрлэх байгууламжаар цэвэрлэсэн усаа ногоон байгууламжийн усалгаа, зам талбайн цэвэрлэгээнд дахин ашиглах боломжийг бүрдүүлж  чадсан чухал ач холбогдолтой төсөл боллоо.
Энэ жил Багахангай дүүрэг байгуулагдсаны 30 жилийн ойн тохиож буй бөгөөд ойн хүрээнд ийнхүү тус дүүргийн цэвэрлэх байгууламж, ус хангамж, ариутгах татуургын инженерийн шугам сүлжээний хүрэлцээ хангамжийн асуудал бүрэн шийдэгдлээ. 



скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News