Барилгын салбарт 1.5 орчим тэрбум төгрөгийн хохирол барагдуулжээ » Төр.мн

Барилгын салбарт 1.5 орчим тэрбум төгрөгийн хохирол барагдуулжээ

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөөх Газар, Барилга хот байгуулалтын яамны удирдлагууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр барилгын салбар дахь хэрэглэгчдийн эрх ашгийг хохироодог зарим зөрчлийг бууруулах, цаашлаад зөрчилгүй болгоход хоёр байгууллагын хамтын үйл ажиллагаа чиглэх юм байна.

 

Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар хэлэхдээ,"Барилгын салбарт хэрэглэгч хамгийн чухал хүмүүс байдаг. Үүнийг бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байна. Өнөөдөр бид санамж бичиг байгуулснаар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үндсэн зорилго бүхий ШӨХТГ-ын төлөөлөл манай яамны үндсэн шийдвэр гаргах механизмуудад гишүүнчилж орж ирнэ гэсэн үг. Хамгийн түрүүнд яригддаг барилга хүлээн авах комисст, барилгуудаар хийх шалгалтуудад ялангуяа сайдын үзлэгийн багт оролцох боломж бүрдэнэ. Бид механизмын хөдөлмөрийн аюулгүй байдал, чанар стандартыг хангуулах талаас сайдын үзлэг бий болгож байгаа.Тодруулбал барилгын эхний шатнаас эхлээд л хэрэглэгчийг төлөөлдөг байгууллага үгээ хэлэх, хэрэглэгчийн эрх бодитой тусна гэсэн үг. Барилга барьж, хэрэглэгч орон сууцанд орсны дараа хичнээн гомдол гаргаад хохирлоо эргүүлэн төлүүлэх боломж хязгаарлагдмал байдаг зэрэг асуудлыг хянахаар болж байгаа” гэлээ.

 

Харин ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханы хэлэхдээ, "Барилгын компаниуд хууль тогтоомж, дүрэм журам, норм стандарт мөрддөггүйн улмаас барилгын зураг төсөв, архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгасан гадна тохижилтын ажил, ногоон байгууламжийг зургийн дагуу хийдэггүй. Барилгын метр квадратын хэмжээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, худалдах, худалдан авах гэрээнд зааснаас дутах зөрчил түгээмэл гардаг. Тиймээс эдгээрийг таслан зогсоох, цаашид давтахгүй байх үүднээс дээрх санамж бичгийг байгуулсан” хэмээн онцлов.

 

Өнөөдрийн байдлаар барилгын метр квадраттай холбоотой 900 орчим иргэнээс 70 орчим барилгын компанид холбогдох 3.7 орчим тэрбум төгрөгийн хохирлын хэмжээтэй гомдол ирээд байгаа аж. Үүнээс улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлэх зэргээр асуудлыг шийдэж, 1.5 орчим тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулжээ.

Гэвч зөрчил гаргасан компаниуд бүгд ШӨХТГ-ын дүгнэлтийг хүлээн аваагүй байна. Улсын байцаагчийн шийдвэрийг үл зөвшөөрч зарим компани шүүхэд ханджээ.

 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News