Н.Номтойбаяр гишүүн ерөнхий сайдыг шүүхэд өгнө » Төр.мн

Н.Номтойбаяр гишүүн ерөнхий сайдыг шүүхэд өгнө

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд Ч.Сай¬ханбилэгийг нэр төрд халдсан үндэслэлээр шүүхэд өгөхөө мэдэгдлээ. Учир нь энэ сарын 30-31-нд болсон Монголын эдийн засгийн форумын нээлтэд гүйцэтгэх засаглалын тэргүүн үг хэлэхдээ зарим гишүүний нэрийг зарлаж, өрөө төлөхийг шаардсан нь үндэсний аж ахуйн нэгжүүдээ ялгаварласан төдийгүй хувь хүний нэр төрд халдсан үйлдэл боллоо гэж тэрбээр үзжээ.

Ерөнхий сайд форумын үеэр хэлсэн үгэндээ "Өнөөдрийн байдлаар Засгийн газарт хамаарах 4.9 тэрбум ам.долларын өр байна. Өрийн үлэмж хэсэг нь нэг талаас Монгол Улсынх мэт харагдавч нөгөө талаас Засгийн газарт огт хамаагүй юм. Эдгээр нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн "ЭМ СИ ЭС”, Н.Номтойбаярын "МАК”, О.Содбилэгийн "НИК”, "Петровис” зэрэг томоохон хувийн компаниудын зээл юм” хэмээн нэр зааж цоллосон.

Гэтэл Засгийн газрыг тэргүүлж байгаа хүн эдийн засгийн форумын индрээс хувийн хэвшлийн хэдэн компаниа ялгаварласан нь увайгүй явдал боллоо гэж үзэх хүн олон байна. Түүнчлэн эдийн засгийн форумын гол зорилго нь хөрөнгө оруулагч татах байтал харин ч тэднийг үргээх аястай зүйл ярьсан нь олон хүний эгдүүг хүргэж эхэллээ.

Ямартай ч Ерөнхий сайд ийнхүү нэр, усыг нь заан цоллосон учраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай утсаар холбогдож тайлбар авлаа. Тэрбээр "Нэгдүгээрт, энэ бол Засгийн газрын өртэй ямар ч хамаагүй гэдгийг хэлье. Учир нь бид "МАК”-ийн цемент шохойн үйлдвэрийг барих нийт хөрөнгийн 80 орчим хувийг өөрсдөө гаргасан. Үлдсэн цөөн хувьд нь л Хөгжлийн банкнаас зээл авсан хэрэг. Манай компани 10 хувийн хүүтэй, 50 сая ам.долларын зээл авчихаад байгаа.

Энэ үйлдвэрийн нийт өртөг нь 350 орчим сая ам.доллар юм. Өөрөөр хэлбэл, 270-аад сая ам.доллар буюу 80 орчим хувийг нь өөрсдөө босгосон. Тэр бүү хэл, эхний ээлжид бид 80 сая ам.долларын зээл хүссэн ч 50 саяыг л олгосон. Аливаа бизнес эрхлэгчид бүх өртөг зардлаа тооцож байж зээл авдаг. Гэтэл бидний хүссэн мөнгийг бүрэн гаргаж өгөөгүй. Одоо 30 сая ам.долларыг нь өгөөгүй байгаа юм.

Бүтээн байгуулалтынхаа нийт өртгийн маш бага хувьд зээл авсан байтал үлдэгдэл хэсгийг нь өгөхгүй харин ч хор хохирол учруулж байж Ерөнхий сайд ингэж яллах ямар ч шалтгаан байхгүй. Тэгээд ч бид хууль ёсных нь бүх шаардлагыг биелүүлж байж энэ зээлийг авсан. Тухайлбал, үйлдвэрийн 80 хувийг барь¬цаалж байж зээл авсан. Өөрөөр хэлбэл, зээл авахын тулд ҮАБЗ-өөс зөвшөөрөл авахаас гадна импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой гэсэн шаардлага тавьдаг.

Энэ бүхнийг хангаснаас гадна бид үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтын гуравны хоёр хувийг өөрсдөө бий болгочихсон юм. Тэгээд ч Ч.Сайханбилэг сайд "УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын МАК компани” гэж зарласан. Гэтэл энэ компанийг минийх гэж хэн хэлсэн юм. Би УИХ-ын гишүүний нэрээр зээл аваагүй. Гэсэн атал УИХ-ын гишүүний ажлыг компанитай холбосон нь гүтгэлгийн чанартай үйлдэл боллоо.

Нөгөөтэйгүүр энэ зээлийг Ч.Сайханбилэг биш Н.Алтанхуягийн Засгийн газрын үед авсан. "МАК” бол улсын төсөвт жилд 130 тэрбум төгрөгийн татвар төлдөг компани. Жишээ татаж хэлбэл, та бид зээл авахдаа цалингаа барьцаалдаг шиг үйлдвэр барь¬цаалсан л зээл юм. Санхүүжилт дутсан үед зээл авч таарсан нь л Хөгжлийн банк. Бид өөр аль нэг банкнаас зээл авч болох л байсан” гэлээ.

Ямартай ч Ч.Сайханбилэг сайд эдийн засгийн форумын индэр дээрээс ийнхүү зарласан нь нэр төрд халдсан үйлдэл боллоо гэж тэрбээр үзэж байгаагаа хэлсэн. Тиймээс Ерөнхий сайдыг шүүхэд өгөхөө албан ёсоор мэдэгдлээ. "МАК” компанийн хувьд 1979 оноос хойш Монгол Улсад бий болоогүй бүтээн байгуулалтыг өрнүүлж байгаа бөгөөд жилдээ сая тоннын хүчин чадалтай үйлдвэр болох ажээ. Н.Номтойбаяр гишүүний хувьд Дорнод аймагт томилолтоор ажиллаж байсан бөгөөд эдүгээ нийслэлд ирсэн аж.



скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News