Я.Санжмятав: Энэ хүмүүс буулт хийж, ухаан зарах ёстой » Төр.мн

Я.Санжмятав: Энэ хүмүүс буулт хийж, ухаан зарах ёстой


УИХ-ын гишүүн Я.Санжмятаваас АН-д үүсээд буй зарим асуудлын талаар тодруулга авлаа.

 

-АН-ын бүлгийнхэн өнгөрсөн бямба гаригт Их тэнгэрт хуралдаж, ойлголцсон гэж яригдаад байгаа. Хурал дээр ямар асуудал яригдав?

-Манай бүлэг Их тэнгэрт хуралдсан. Бид энэ хурлаар мөрийн хөтөлбөрөө ярилцсан. Хуулийн дагуу сонгуулийн хороо, аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өгөх ёстой учраас энэ асуудлаа ярилцсан. Бас Үндсэн хуулийн өөрчлөлт яригдсан. Шаардлага гарлаа гээд аль нэг нам Үндсэн хуульд гар хүрч болохгүй. Ард түмнээс асууж байж шийдэх ёстой.

 

-Намын дотоод асуудал яригдсан уу?

-АН бол ил тод ярьдаг. Гадуур яриад байгаа шиг хагарч, түнжин тасраад нам, төрөө самарч байгаа юм байхгүй. Алтанхуяг нь Ерөнхийлөгчтэйгээ,  Баттулга нь бусадтайгаа муудалцсан гэх мушгин гуйвуулсан, хачиртай яриа явж байна. Тиймээс 35 гишүүнийхээ дунд асуудлыг ярьсан. Цаашдаа сонгууль дөхсөн энэ үед эв дангаа олж явахгүй бол илүү дутуу зүйлийг ярих нь намдаа, төрдөө ч хортой юм гэсэн зүйлийг ярьж, учраа олж, нэгдээд явахаар болсон. Энэ асуудал яригдсан бас шийдэгдсэн гэж болно. Гэхдээ нэг яриад асуудал төгс шийдэгдэнэ гэж байхгүй.  

 

-Танай намын гишүүд биенээ хандсан мэдэгдлийг хийж, буруутгаж байна. Энд та ямар байр суурьтай байна вэ?

-Эд нарыг залуу хүмүүс гэж хэлэхгүй шүү дээ. Улстөрчийнхөө хувьд ч, биологийн насныхаа хувьд ч хат, хашир суусан хүмүүс. Учир жанцангаа олох ёстой л гэж бодож байна. Сонгууль дөхсөн энэ үед улс төрийн намууд улстөржсөн үйлдлүүдийг хийж, АН задарч, төр барихаараа засаглаж чаддаггүй гэх зүйлийг ярьж байна. Засаглаад, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд, үр дүнд хүрсэн. АН бужигнаад байгаа бусад улс төрийн хүчин болоод улстөрчдийг, хэвлэл мэдээллийнхнийг уужуу бодолцож, Монгол Улсын хөгжлийн төлөө хамтран ажиллах шаардлага байна гэдгийг хэлье.

 

-Танай намын ҮЗХ хуралдахаар тов зарласан. Юу хэлэлцэх вэ?

-Энэ хурлаар мөрийн хөтөлбөрөө батална. Бас ҮЗХ-нд гишүүд шинээр сонгогдоод батлагдаагүй байгаа. Тэднийгээ батална. Мэдээж дотоод асуудлаа ярина.

 

-Х.Баттулга өөрийн фракцийн дөрвөн сайдаа Засгийн газраас татна гэсэн мэдээлэл байна?

-Албан ёсоор мэдэгдээгүй. Хэвлэл мэдээллээр гарч байгаа асуудалд би яаран хандах шаардлагагүй. Хүн тэвдсэн, бухимдсан үед юу ч дуугарч болно. Х.Баттулга бухимдаж дуугарлаа ч төр засаг тогтвортой байх ёстой гэдгийг ойлгож байгаа. АН хагарч, бутарч, хэн нэгнийгээ шоронд хийчихье гэсэн бодлого алга. Ямар ч байсан тогтож сууж ярих шаардлага байна.

 

Бид чинь том заяатай ард түмэн. Монгол төрийн төлөө олон жил зүтгэсэн, ард түмнээ төлөөлсөн, буян заяаг нь хүртсэн энэ хүмүүс тодорхой хэмжээгээр буулт хийж, ухаан зарах ёстой гэж хэлмээр байна.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News