“Хөзрийн мод”-оо хэзээ хольж дуусах вэ? » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

“Хөзрийн мод”-оо хэзээ хольж дуусах вэ?

2016-06-3

 
-Ардчилсан намын нэр дэвшигчдийн энэхүү халаа, холионы цаана улс төрийн ямар хожоо ирэх нь л хамгийн сонирхолтой асуулт юм. Нэр дэвших хүсэлтэй горилогчид нь хэт олондчихоод сүүлдээ нэг нэгнээ мөргөж унагаад байна уу, эсвэл нөгөө өрсөлдөгч намынхнаа өгөөшөөр хуурах гээд ингээд байна уу?- 
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо хэдхэн хоногийн өмнө хуралдаж, УИХ-д нэр дэвшигчдээ батламжилсан ч энэ нь эцсийн шийдвэр биш байжээ. Нэр дэвших эрхийн мандатаа өвөрлөсөн тэдгээр 76 дотроос өчигдрийн байдлаар хоёр хүн өөрийн хүсэлтээр нэрээ татаж байгаагаа СЕХ-нд мэдэгдчихлээ. Тэдний нэг нь Увс аймаг дахь тойрогт МАН-ын нэр дэвшигч Ч.Хүрэлбаатартай өрсөлдөхөөр болоод байсан Б.Сүрэнжав бол нөгөө нь Өвөрхангай аймагт Засаг дарга Б.Тогтохсүрэнтэй учраа таарсан "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны тэргүүн Ч.Даваабаяр юм. Хэвлэлээр гарч байгаа мэдээллээр Баянмөнх аваргын охин Б.Сүрэнжавын оронд бол Ардчилсан нам "Оюуны ундраа”-гийн С.Отгонбаярыг, Ч.Даваабаярын оронд МАН-ын гишүүн асан, "Дэлгэрэх хүнс” ХХК-ийн захирал, Өвөрхангай аймаг дахь ХАҮТ-ын тэргүүлэгч Д.Жаргал гэх эмэгтэйг өрсөлдүүлэхээр болсон байна. 

Парламентад голлох хоёр нам өөр өөрсдийн ялах тойргоо анхнаасаа эв найртай хуваахаар шийдэж, тухайн тойрогт ялах магадлалтай талдаа нөгөө нь "зөөлөн боорцог” шидэж өгөхөөр тохиролцсон гэх яриа бий. Үүнийг батлах гэсэн шиг улстөрд сураг ч үгүй явсан дуучин Г.Эрдэнэтунгалаг, Баянмөнх аваргын охин Б.Сүрэнжав нарыг сонгуульд өрсөлдүүлэхээр ҮЗХ-ны хурлаас гэв гэнэт шийдэж, олны гайхшралыг барсан юм. Улс төрийн тоглоом болсон тэд өнөөдөр "уйлж” суугаа ч юм билүү хэн мэдлээ, эхнээсээ нэрээ татсаныг бодоход лав л баярлаагүй бололтой. 

Харин Ардчилсан намын хувьд хөөрхий тэдний мэт нэр дэвшигчдийг намынхаа хурлаас баталсан нь МАН-ыг хуурах гэсэн өгөөш байсан ч байж мэдэх юм. "Өгөөш” үмхсэн өрсөлдөгчид нь бараг л ялалтын баяраа тэмдэглэж байх хойгуур АН-ынхан "дэгээ” тавьчихаж байгаа юм биш үү?!

"Надтай өрсөлдөх бяртайхан аавын хүү илгээгээрэй” гэж бярдаад амжсан Ч.Хүрэлбаатарыг басамжлаад байгаа ч юм шиг шийдвэр гаргасан нь үнэндээ тохуутай л даа. Тохуурхал байсныг баталж, түүнтэй өрсөлдүүлэх нэр дэвшигчээ сурталчилгааны хугацаа эхлэхээс өмнө нь амжиж солих нь тодорхой боллоо.
Харин Ч.Даваабаярын хувьд Ардчилсан намын дарга З.Энхболдын "халаасны хүн” гэгдсээр ирсэн. Энэ удаад намын дарга "халаасны хүн”-ээ дэмжсэн нь бас л тохуурхал байсан бололтой. Сунгаандаа бэлтгэж, Өвөрхангай аймаг байтугай Монголыг тойроод амжсан Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн маань өөрийн хүсэлтээр нэрээ татаж байгаа нь юу л бол? Үүний цаана З.Энхболдын дохио зангаа байгаа нь бараг л тодорхой болов уу. 

Ардчилсан намын нэр дэвшигчдийн энэхүү халаа, холионы цаана улс төрийн ямар хожоо ирэх нь л хамгийн сонирхолтой асуулт юм. Нэр дэвших хүсэлтэй горилогчид нь хэт олдчихоод сүүлдээ нэг нэгнээ мөргөж унагаад байна уу, эсвэл нөгөө өрсөлдөгч намынхнаа өгөөшөөр хуурах гээд ингээд байна уу?

УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг намын дарга ганцаараа эдэлж байна гэх шүүмжлэлийг Ардчилсан намын гишүүд аль эртнээс ил, далд хэлцгээж байсан. Сонгуулийн хууль өөрчлөгдөөгүй байх үед намын жагсаалтад бичигдэх тохироогоо намынхаа даргатай хийчихсэн улстөрчид ч бий. Өнөөдөр нэгэнт жагсаалт байхгүй болсон учраас өгөө, аваагаа тохирчихсон байсан зарим нь гомдолтой л яваа байх. Тэдэндээ түрүүчээс нь албан тушаал амалсан бололтой мэдээлэл хэвлэлээр гараад эхэллээ. Тухайлбал, өдгөөгийн Хууль зүйн сайд Д.Дорлигжав сонгуулийн дараа Үндсэн хуулийн Цэцийн дарга болох тухай яригдаж байна. Мөн үүнтэй зэрэгцээд МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр тохиролцон өлсгөлөнг нь зогсоосон атлаа Сонгуулийн ерөнхий хороон дээр босго тавиад унагачихсан гэх. Ер нь сүүлдээ хэн нь хэнийгээ хуураад байгаа нь мэдэгдэхгүй холион бантан үүсэх нь ээ. Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд ердөө долоо хоног үлдээд байхад өрсөлдөгчид маань "хөзрийн модоо” хэзээ хольж, сольж дуусах нь тодорхойгүй. Өөрсдийгөө хуурах нь ч дүүрч, сонгогчдоо л багахан шиг хуураасай билээ.

А.АЛИМАН

ЭХ СУРВАЛЖ: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

скачать dle 10.3фильмы бесплатно
Хэн нь хамгийн поп улс төрч вэ?