Төсвийн алдагдлыг ОУВС-гийн зээлээр нөхнө » Төр.мн

Төсвийн алдагдлыг ОУВС-гийн зээлээр нөхнө

 
Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа.  Хуралдаанаар Монголбанкны 2012-2016 онд явуулсан үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэн юм.
 
Өнгөрсөн жилүүдэд Монголбанкинд орох гадаад валютын урсгал тасралтгүй буурчээ.  Гадаад валютын албан нөөц 2012 онд 4,1 тэрбум ам.доллар байсан бол 2016 онд 1,3 тэрбум ам.доллар болсон байна.
 
Монголбанкнаас "Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд 4,8 их наяд төгрөгийн зээл гаргасан. Үүний 3,7 их наяд төгрөгийг  орон сууцны зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулсан байна.  "Үнэ тогтворжуулах” хөтөлбөрт хамрагдсан 45 аж ахуйн нэгж зээлийн мөнгөө зориулалтын бусаар ашигласан гэж ажлын хэсэг дүгнэжээ.  Зарим аж ахуй нэгжийг сонгохдоо сонгон шалгаруулах журам зөрчиж, сонгосон байна. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулгын үед 13 аж ахуй нэгжийг хууль бусаар шалгаруулж, 127,2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон гэдэг нь тогтоогдсон байна.
 
 
Монголбанк своп, порвард хэлцэл байгуулснаар 1,7 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Одоогийн байдлаар Монголбанк 3 их наяд 19 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай байгаа аж.
 
Ажлын хэсгийн танилцуулгын дараагаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
 
-Ажлын хэсэг Монголбанкинд хийсэн тайлангаа бидэнтэй ярилцаагүй. Бид өнөөдөр байнгын хороон дээр орж ирээд, та бүхэнтэй хамт сонсож байна. Тиймээс албан ёсоор ажлын хэсгийн дүгнэлтийг авч байж хариулах боломжтой болно. Аль ч улсад төв банкны хараат бус байдлыг хүндэтгэдэг. Төв банкны бүрэн эрхийг хуулиар тогтоосон байдаг. Энэ бүгдийг Ажлын хэсэг, Эдийн засгийн байнгын хороо харгалзаж үзэхийг хүсэж байна гэсэн юм.
 
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва  ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх хөрөнгийг хэрхэн зарцуулах  талаар тодруулж байлаа.  "ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх мөнгөөр өрөө бууруулж, өрийн тогтвортой байдлыг бий болгоно. Хөтөлбөрийн хүрээнд нийт 5,5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл орж ирнэ. Энэ мөнгөн дүнгийн 2 тэрбум ам.доллараар юанийн своп хэлэлцээр сунгана. Үлдсэн 3,5 тэрбум ам.доллар дотоодын Засгийн газрын үнэт цаас солих, төсвийн алдагдлыг нөхөх зэрэгт зарцуулна гэдгийг мэргэжилтүүд тайлбарлав.
 
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "2012 онд валютын нөөц 4.2 тэрбум ам.доллар байсан. Валютын ханшийг тогтвортой барих интервенцийг оновчтой хийгээгүй. Монгол Улс өрийн асуудлаар дампуурчихсан нь мэдэгдээд байна. "Оюутолгой" бол Монголын компани. Гэтэл "Рио Тинто"-гийн дансанд манайд орж ирээгүй 4 тэрбум ам.долларын зээл байна.  Гэхдээ барьцаа баталгаа бүх зүйлээ Монголын нэр дээр гаргачихсан. Ингээд бодохоор "Оюутолгой"-н нийт өр болох 12 тэрбум ам.доллар чинь Монгол Улсын гадаад өр гэж тооцогдох болчихоод байна. Энэ бүгдийг үнэн зөв болгохгүй бол бид найман жил нэг компанийн улс явж, эрх ашгийг хамгаалж ирсэн. Зарлага өсөөд байхад удирдлагын цалин нэмэгддэг ганцхан компани дэлхий дээр бий. Тэр бол Оюутолгой.  Энэ бол дэндүү доромжлол шүү" хэмээн шүүмжлэв. 
 
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг  "2012-2016 онд их хэмжээний мөнгө салхинд хийсгэсэн гэх дам яриа яваад байдаг. Энэ нь үнэхээр бодит уу үгүй юу гэдгийг тогтоох ач холбогдолтой юм., ажлын хэсгийн шалгалт. Төв банк төсвийн шинжтэй зарлагуудыг ихээр бий болгож байсан. 14 их наяд төгрөгийг салхинд хийсгэсэн. Валютын ханшийн зөрүүнээс одоо асар их алдагдал хүлээгээд байна" гэдгийг онцоллоо. 
 
Ийнхүү Монгол банкинд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг дахин хэлэлцэхээр болж, байнгын хорооны хуралдаан өндөрлөв. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News