Ерөнхийлөгчийн засаглал хаалттай систем уруу “хадуурах” аюултайг хүн төрөлхтний түүх баталж байна » Төр.мн

Ерөнхийлөгчийн засаглал хаалттай систем уруу “хадуурах” аюултайг хүн төрөлхтний түүх баталж байна

 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ШИНЭТГЭЛ
ГУРАВ: ЗАСАГЛАЛЫН ХЭЛБЭР
 
 
Төр бол хүмүүсийн хамтран амьдрах зохион байгуулалтын хэлбэрийн хувьд төвлөрсөн удирдлагатай байх зайлшгүй шаардлагатай боловч түүний эрх, хүч чадлыг тодорхой хууль, зарчмаар хязгаарлахгүй бол үргэлж нэг юм уу, хэсэг бүлгийн мэдэлд хэт төвлөрч, дарангуйллын засаглал тогтдог байна.
Хүмүүс мэдлэг боловсрол эзэмшихийн хэрээр нийгэмд эрх, эрх чөлөөний тухай үзэл, ухамсар төлөвшдөг зүй тогтлоор дунд зууны сэргэн мандалтын үеийн худалдаа арилжаа, аж үйлдвэрлэл,  шинжлэх ухаан, нийтийн боловсролд гарсан дэвшлийн үр дүнд эртний Грек, Ромын сэтгэгчдээс улбаатай  хүний жам ёсны эрхийн тухай үзэл санаа XVI-XVIII зуунд дахин дэлгэрч эхэлжээ.
Зөвхөн төрийн эрх мэдлийн төвлөрлийг задалж, эрхлэх асуудлын төрлөөр нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хуваан, эдгээр эрх мэдлүүд харилцан бие биеэ хянах зарчмаар ажилладаг төрийн тогтолцоотой улс гүрэнд л  хүний эрх, эрх чөлөө бодиттой орших боломжтой тухай Францын сэтгэгч Ш.Л. Монтескью 1748 онд бичсэн  "Хуулийн амин сүнс” зохиолдоо өгүүлжээ. 
Төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван салаа мөчирт хуваарилахыг "Төрийн эрх мэдэл хуваарилах" онол (Seperation of Power) гэж нэрлэдэг.
Ш. Л.  Монтескьюгийн төрийн эрх мэдэл хуваарилах онолын цөм нь төрийн гурван эрх мэдлийн  хооронд тогтоох  "хяналт-тэнцвэр”-ийн (Check and Balance) зарчим юм.
Төрийн эрх мэдэл хэмжээгүй эрхт хаант засгаас ард түмний мэдэлд шилжих урт удаан хөгжлийн явцад  төрийн эрх мэдэл хуваарилах хяналт-тэнцвэрийн зарчмын олон янзын хувилбар туршигдсан байна.
Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрыг хэн байгуулж, Засгийн газар хэний өмнө хариуцлага хүлээж байна вэ? гэдгээр нь Ерөнхийлөгчийн, Парламентын, энэ хоёр засаглалын аль алины шинжийг агуулсан бол Холимог засаглал хэмээн нэрлэдэг бөгөөд засаглал тус бүр өөр өөрийн ялгаа бүхий олон загвартай.
 
Зураг 1: Засаглалын хэлбэрүүд 
 
 
Гүйцэтгэх засаглалыг Ерөнхийлөгч байгуулж, Засгийн Газар түүний өмнө хариуцлага хүлээж байвал Ерөнхийлөгчийн засаглал гэдэг. 
АНУ-ын Ерөнхийлөгчийн засаглал Ш. Л. Монтескьюгийн төрийн эрх мэдэл хуваарилах (Seperation of Power)  онолын зарчимд илүү дөхсөн төрийн эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хооронд харилцан хяналт, тэнцвэр, бие даасан байдлын уулзварт хадгалагдсан загвар гэж үздэг.
Өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгчийн засаглалын хоёр үндсэн загвар байна. Эхнийх нь Гүйцэтгэх засаглалыг Ерөнхийлөгч байгуулж, Засгийн газар түүний өмнө хариуцлага хүлээдэг  Ерөнхийлөгчийн засаглал.
 Хоёр дахь нь Гүйцэтгэх засаглалыг Ерөнхийлөгч байгуулах боловч Засгийн газар нь  Ерөнхийлөгч, Парламент хоёрын өмнө давхар хариуцлага хүлээдэг загвар юм.
Засгийн газар нь давхар хариуцлага хүлээдэг ийм тогтолцоотой улсыг супер Ерөнхийлөгчийн засаглалтай улс гэж зарим судлаачид нэрлэж байхад, бас Парламентын өмнө хариуцлага хүлээдэг онцлог талыг харгалзан (President-Parliamentarism) буюу Ерөнхийлөгч-Парламентын холимог хэлбэр  гэх нь бий.
 
Зураг 2: Ерөнхийлөгчийн засаглал
 
 
Ерөнхийлөгчийн засаглал: Афганистан, Аргентин, Бенин, Боливи, Бразил, Чили, Колумб, Коста Рика, Эль Салвадор, Кипр, Джибути, Гвиней, Гана, Гватемала, Гвиней, Гайана, Гондурас, Индонез, Кени, Өмнөд Солонгос, Либери Малави, Мальдив, Мексик,Никарагуа, Нигери, Палау, Панама, Парагвай, Филиппин, Сейшелл, Сьерра Леон, Сингапур, Судан, Тажикстан,Туркменистан, Уганда, АНУ, Уругвай, Узбекстан, Венесуэл.
Супер Ерөнхийлөгчийн:  (presidential supremacy) буюу  Ерөнхийлөгч-Парламентын Холимог засаглал: Азербайжан, Беларусь, Буркина Фасо (1991-), Камерун, Исланд ,Бүгд Найрамдах Конго Улс, Габон,  Мадагаскар (2010-), Мавритани (2009-), Мозамбик, Намиби, Перу, ОХУ, Руанда, Сенегал (2001  -), Шри Ланк, Сири, Тайван, Танзани, Того. 
Харин Хууль тогтоох байгууллагаас Засгийн газрыг байгуулж, Засгийн газар түүний өмнө хариуцлага хүлээдэг, "төрийн эрх мэдлийг нэгтгэсэн" (Fusion of power) хэлбэрийг Парламентын засаглал гэдэг.
Энэхүү засгийн газар нь парламентаас хамааралтай загварыг дэмжигчид ерөнхийлөгчийн засаглалд гүйцэтгэх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдлээс бие даасан байдаг тул эдгээр эрх мэдлийн хооронд үүссэн зөрчлийг даван гарах гарцгүй, харин  парламентын засаглалтай оронд засгийн газартай хариуцлага тооцох замаар эрх мэдэл хооронд үүсч болзошгүй хямралаас урьдчилан сэргийлэх,  зөрчлийг даван гарах давуу талтай гэж үздэг.
Парламентын засаглалыг дотор нь хэмжээт эрхт хаант болон  бүгд найрамдах  гэж хоёр ангилдаг.
 
Зураг 3: Парламентын засаглал
 
Хэмжээт эрхт хаант  Парламентын засаглал: Андорра, Антигуа ба Барбуда, Австрали, Бахама, Бахрейн, Барбадос, Бельги, Белиз, Камбож, Канад, Дани, Гренад, Ямайк, Япон, Лихтенштайн, Люксембург, Малайз, Голланд, Шинэ Зеланд, Норвеги, Папуа Шинэ Гвиней, Сент- Китс  &  Нэвис , Сент Люси, Сент- Винсент & Гренадин , Соломоны арлууд, Испани, Швед, Тайланд, Тувалу, Их Британи, Вануату,
Парламентын Бүгд Найрамдах засаглал: Албани, Бангладеш, Доминик, Эстон, Этиоп, Фижи, Герман, Грек, Унгар, Энэтхэг, Израил, Итали, Латви, Ливан, Мальта, Самоа, Сан-Марино, Сомали, Тринидад & Тобаго. Австри, Болгар, Финлянд, Ирланд, Литва, Португал, Словени.
Австри, Болгар, Финлянд, Ирланд, Литва, Португал, Словени улсуудыг  хэлбэрийн хувьд  холимог засаглалтай төстэй гэж үздэг боловч ерөнхийлөгчийн эрх, үүрэг нь илүү бэлгэдлийн шинжтэй байдгаас  Парламентын засаглал мөн гэж тооцдог.
Мөн дээрх хоёроос гадна Парламентаас Засгийн газрыг байгуулж, Засгийн газар түүний өмнө хариуцлага хүлээдэг Парламентын засаглалтай боловч Ерөнхийлөгч нь  Гүйцэтгэх засаглалыг байгуулахад оролцоотой, Засгийн газрыг тэргүүлдэг, эсвэл Ерөнхий сайдад үүрэг даалгавар өгдөг, багагүй эрх дархтай, ард түмнээс шууд сонгогдог загвар байдаг. Ийм Ерөнхийлөгчийн засаглалын элемент орсон Парламентын засаглалыг Холимог буюу (premier-presidential) Хагас Ерөнхийлөгчийн засаглал гэж нэрлэдэг. 
 
Зураг 4: Холимог засаглал
 
 
 
Холимог буюу Хагас Ерөнхийлөгчийн засаглалын түүхийг судлахад анх судлаачдын анхаарлыг татсан үе нь 1925-1933 оны Веймарын Германы (Weimar Germany) тогтолцоо байсан бөгөөд  Францын тав дахь Бүгд Найрамдах улс холимог тогтолцооны "зэрэгцэн оршдог" хувилбарыг сонгосон байдаг.
Харин 1950-иад оноос эхлэн Колониос чөлөөлөгдсөн, 1990 оны коммунист дэглэмээс Ардчилалд шилжсэн улсуудаас цөөнгүй орон  холимог тогтолцоог сонгожээ. 
Монгол Улс парламентын засаглалтай хэдий боловч ард түмнээс шууд сонгогдог, багагүй эрх мэдэл бүхий Ерөнхийлөгчтэй учраас судлаачид Хагас Ерөнхийлөгчийн холимог тогтолцоотой  орон гэж үздэг. 
Иймээс хагас Ерөнхийлөгчийн засаглалтай дэлгэрэнгүй танилцъя.
2017 оны байдлаар Хагас Ерөнхийлөгчийн Холимог тогтолцоотой дараах улсууд байна:
Алжир, Армени (2005-),  Кабо Верде, Чад, Хорват (2001-), Чех, Дем Конго, Египет (2014-), Франц, Гүрж (2013-), Гайти, Киргиз, Македон, Мали (2012-), Молдав (2016-), Монгол,  Монтенегро, Нигер, Польш , Румын, Сан-Томе ба Принсипи (2003-), Серб, Словак, Зүүн Тимор, Тунис, Украин (2014-)
Энэхүү холимог засаглалыг бусад засаглалаас ялгах шалгуурыг Францын Сорбонны их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн профессор Морис Дюверже  тодорхойлжээ. Дюверже холимог засаглалыг тодорхойлохдоо гүйцэтгэх засаглалыг байгуулахад ерөнхийлөгч болон парламентын аль аль нь оролцох эрх мэдэлтэй байдаг, хяналт-тэнцвэрийн  давхар  механизм үйлчилдэг нь гол онцлог бөгөөд  дараах гурван шинжтэй байна гэж үзсэн.
Нэг: Ерөнхий сайд, Засгийн газрын бүрэлдэхүүнийг сонгох, томилоход парламентын засаглалын нэгэн адил хууль тогтоох байгууллага оролцоно,
Хоёр: Ерөнхийлөгчийг шууд сонгуулиар бүх нийтээр сонгодог, 
Гурав:  Ерөнхийлөгч, түүний институц нь багагүй эрх мэдэлтэй байдаг гэжээ.
Холимог засаглалыг Парламент, Ерөнхийлөгч хоёрын хэн нь буулт хийж байна вэ ? гэдгээр нь "зэрэгцэн оршдог", " зөвшилцдөг", "зөрчилт" , "абсолют"  гэсэн  дөрвөн бүлэгт хуваадаг. 
 
Хүснэгт 1: Ерөнхийлөгч-Парламентын харилцан буулт хийх харьцаа
 
 
Холимог буюу хагас ерөнхийлөгчийн засаглалын тухай тодорхой ойлголт өгөх зорилгоор Холимог засаглалын  "Зэрэгцэн орших" сонгодог хэлбэр Франц улсын Үндсэн хууль дахь Ерөнхийлөгчийн эрх мэдлийн тухай хэсэгтэй танилцья. 
Франц Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг:
Тавдугаар зүйл: Ерөнхийлөгч Үндсэн Хуулийн биелэлтэд хяналт тавина. Ерөнхийлөгч төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавьж төрийн залгамж чанарыг хангана. Ерөнхийлөгч нь үндэсний тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, олон улсын гэрээний биелэлтийн баталгаа мөн.
Зургадугаар зүйл: Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчийг бүх нийтийн, шууд санал хураалтаар 5 жилийн хугацаагаар сонгоно.
Наймдугаар зүйл: Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Ерөнхий Сайдыг томилно. Ерөнхийлөгч Засгийн газар огцрох тухай Ерөнхий Сайдын мэдэгдлийг хүлээн авснаар эрх үүргээс нь чөлөөлнө. Ерөнхийлөгч Ерөнхий Сайдын санал оруулснаар Засгийн газрын бусад гишүүнийг томилох ба бүрэн эрхийг нь дуусгавар болгоно.
Есдүгээр зүйл: Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Сайд нарын Зөвлөлийг даргална.
Аравдугаар зүйл: Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч эцэслэн баталсан хуулийг Засгийн газарт шилжүүлснээс хойш арван тав хоногийн дотор батламжилна.
Арван нэгдүгээр зүйл: Улсын Хурлын хоёр танхимын хамтарсан саналаар төрийн байгууллага ба эдийн засаг нийгмийн бодлого, төрийн албыг дэмжих шинэтгэлийн тухай хуулийн төсөл; мөн тухайн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөхүйц Үндсэн хуульд үл нийцэх аливаа гэрээг соёрхон батлах талаар бүх нийтийн санал асуулга явуулж болно. 
Арван хоёрдугаар зүйл: Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч нь Ерөнхий Сайд болон хоёр танхимын Дарга нартай зөвлөсний дараа Үндэсний Хурлыг тараах тухай нийтэд мэдэгдэж болно.
Арван гуравдугаар зүйл: Сайд нарын Зөвлөлөөс баталсан захирамж, тогтоол Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Ерөнхийлөгч төрийн болон цэргийн албан тушаалд томилно.
Арван дөрөвдүгээр зүйл: Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч гадаад улсад суух элчин сайд, онц элчинг томилно. Мөн тус улсад суух гадаадын элчин сайд, онц элчинг хүлээн авна.
Арван тавдугаар зүйл: Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч зэвсэгт хүчний тэргүүн байна. Ерөнхийлөгч Үндэсний Батлан Хамгаалахын дээд зөвлөл, хороодыг даргална.
Арван зургадугаар зүйл: Бүгд Найрамдах Улсын байгууламж, үндэсний тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал буюу олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд онц ноцтой, шууд аюул заналхийлвэл, түүнчлэн төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа зогссон бол Үндсэн хуульд нийцүүлэн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч нь Ерөнхий Сайд, танхимын Дарга нар, Үндсэн хуулийн Зөвлөлтэй албан ёсоор зөвлөсний үндсэн дээр тухайн нөхцөлд шаардагдвал зохих арга хэмжээг авна.
Арван долдугаар зүйл: Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч өршөөл үзүүлэх эрхийг хэрэгжүүлнэ. 
Франц улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн  8 дугаар зүйлд "Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Ерөнхий Сайдыг томилно." гэж заасны дагуу Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдыг томилохдоо нийтийн танхимын сонгуульд ялсан нам, эвслийн нэр дэвшүүлсэн хүнийг томилдог байна. 
Есдүгээр зүйлд "Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Сайд нарын Зөвлөлийг даргална." гэж заасан боловч нийтийн танхимаас Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлдэг учир Франц улсын  Үндсэн хуулийн 49, 50 дугаар зүйлд заасан нөхцөл, журмын дагуу Засгийн газар Улсын Хурлын өмнө хариуцлага хүлээдэг байна.
Франц улс нь Хагас ерөнхийлөгчийн холимог засаглалтай орнуудаас ганцаараа амжилтай хөгжиж байгаа орон бөгөөд дээд, доод хоёр танхимтай, хууль тогтоох үйл ажиллагаанд оролцдог Үндсэн хуулийн зөвлөл, Засгийн газрыг хууль, эрх зүйн зөвлөмжөөр хангах Захиргааны Зөвлөл,  Нийгэм-эдийн засаг, байгал орчны зөвлөл зэрэг хүчирхэг институц бүхий орон юм.
Монгол Улсын 1992 оны Үндсэн хуульд 2000 онд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө Ерөнхийлөгч, Парламентын эрх баригч намын хооронд Ерөнхий сайдыг томилох тухай зөвшилцөх асуудал дээр харилцан буулт хийлгүй түгжирснээр холимог засаглалын "Зөрчилт" хэлбэр илэрч 1999 онд тухайн улс төрийн гацаанаас гарахын тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. 1999 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц 2000 оны 11 сарын 29-ний 02 дугаар тогтоолоор хууль эрх зүйн тодорхой үндэслэлд тулгуурлан хүчингүй болгожээ. Гэтэл УИХ 2000 оны 12 сарын 14-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн  шийдвэрийг давсан "хүчин төгөлдөр бус"  өөрчлөлтийг хийсэн байдаг.
Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн 30-35 дугаар зүйлд дэх Ерөнхийлөгчийн тухай хэсгийг шинжлэн үзэхэд Монгол Улс бол холимог засаглалын сонгодог хэлбэр болох Франц улсын Ерөнхийлөгчөөс бага эрх мэдэлтэй боловч ерөнхийлөгч болон парламентын хооронд зөрчилт харилцаатай холимог засаглалын цөөнгүй шинж  байна.
Энэхүү Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн гуравдугаар бүлэгт Ерөнхийлөгчийн албан тушаал болон эрх мэдэл хуваарилалт, түүний салаа мөчрийн хоорондын харилцан уялдааг доктор Н. Лүндэндорж судалж, дараах эргэлзээтэй асуудлуудыг цохон тэмдэглэжээ: 
"Монгол Улсын Ерөнхийлөгч Гүйцэтгэх эрх мэдэлд хамаарч буй эсэх нь эргэлзээтэй юм. Өдгөө Ерөнхийлөгчийг "парламентын улсын ерөнхийлөгч гүйцэтгэх эрх мэдэлд багтах ёстой" гэдэг логикоор  энэ эрх мэдэлд "хүчээр" хамаатуулж байгаа болохоос хэрэг дээрээ эрх зүйн хувьд тэрээр гүйцэтгэх эрх мэдлийн төдийгүй төрийн эрх мэдлийн тогтолцооны гадна байна.
Парламентын улсын Ерөнхийлөгч, ерөнхий сайд, засгийн газрын гишүүдийг парламент болон ерөнхий сайдын санал болгосноор томилдог бүрэн эрхтэй байдаг.Үүгээр Төрийн тэргүүн, Ерөнхий сайд хоёр эрх мэдлийн хувьд эрэмбэлэгдэж, нэг эрх мэдэлд багтах нөхцөл болдог.
Гэтэл манай Үндсэн хуулийн 33.2 дахь заалтаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх Ерөнхийлөгчийн бүрэн эрх формаль, зөвхөн дамжуулагчийн үүрэг гүйцэтгэх шинжтэй бөгөөд Үндсэн хуулийн 39.- дахь заалтаар Засгийн газрыг байгуулахад Ерөнхий сайдад давуу эрх олгож, Ерөнхийлөгчид зөвхөн танилцах эрх хэмжээг хэрэг дээрээ олгосон байдаг.
Мөн Үндсэн хуулийн 33.- дахь хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрхтэй боловч энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болохоор заасан, 43.3 дахь хэсэгт Засгийн газрыг огцруулах санал гаргах бүрэн эрхийг Ерөнхийлөгчид олгосон зэрэг нь түүнийг энэ эрх мэдэлд хамааралгүй гэдгийг нотолж байгаа мэт харагддаг." 
Дээрх Монгол Улсын 1992 оны Үндсэн хуульд 2000 онд орсон нэмэлт өөрчлөлт Ерөнхийлөгч, Парламент хоёр Засгийн газрыг байгуулах асуудалд  санаачилгыг гартаа авч, нөхцөл байдлыг удирдах гэсэн эрх мэдлийн "зөрчил"-өөс зайлхийх гэсэн халхавчны ард " дордуулсан зургаан өөрчлөлт" хийсэн байдаг. 
Энэ зургаан өөрчлөлтөөс хамгийн ноцтой өөрчлөлт бол Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн "Үндсэн хууль бусад хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг
"Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал,түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.”хэмээн өөрчлөн найруулсан явдал юм.
Эндээс "УИХ-ын чуулганы... хуралдааныг гишүүдийн олонхи ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ" гэдэг бол УИХ-ын гишүүдийн бараг гуравны нэгийн (1/3) саналаар хууль батлагдах эрсдэл үүсэж байгаа юм. Цааш нь УИХ-н ажлын бүтээмжийг судалж үзвэл маш муу үр дүн гарах нь тодорхой бөгөөд бидний хувьд энэ сэдвийг орхин, засаглал тус бүрийн ерөнхийлөгчийн эрх мэдлийн тухай судалгаатай танилцъя.
Парламент, Холимог буюу  Хагас Ерөнхийлөгч, Супер Ерөнхийлөгчийн засаглал дахь Ерөнхийлөгчийн эрх мэдлийн харьцуулалт:
 
Хүснэгт 2: Ерөнхийлөгчийн эрх мэдлийн харьцуулалт
 
 
Парламентын засаглалтай боловч хэлбэрийн хувьд хагас ерөнхийлөгчийн засаглалын элемент орсон Австри, Ирланд, Португал,Болгар, Словени, Польш, Словак, Финлянд, Супер Ерөнхийлөгч Исланд улсуудын Ерөнхийлөгч бага эрх мэдэлтэй буюу 1-3 оноо авсан байна.
Харин Хагас Ерөнхийлөгчийн сонгодог хэлбэр биш боловч багагүй эрх мэдэлтэй ерөнхийлөгчтэй  Македон, Литва, Монгол, Молдав, Румын, Хорват, Супер Ерөнхийлөгчийн засаглалтай Тайван улс дунд буюу 4-5 оноо авсан байна.
Эцэст нь, хүчирхэг эрх мэдэл бүхий сонгодог  Хагас Ерөнхийлөгчийн засаглалтай Франц, Сан-томе ба Принсипи, Кабо Верд, Мали,Гүрж, Армян, Украйн, Супер Ерөнхийлөгчийн засаглалтай   Мадагаскар, ОХУ, Гвиней-Биссау улсууд 6-8 оноо авсан үзүүлэлт арсан байна.
Ийнхүү засаглалын хэлбэрүүдийг дэлгэрэнгүй тайлбарласны  ГОЛ ЗОРИЛГО бол засаглалын эдгээр хэлбэрүүдийн аль нь нэг талаас Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нөгөө талаас нийгэм-эдийн засгийн зорилгыг биелүүлэх дотоод чадамжтай вэ? гэдгийг харьцуулан судалж, Монгол Улсын Үндсэн хуулийн үнэт зүйлд нийцсэн засаглалын хэлбэрийг тогтоох  юм. 
Тэгэхээр  улс орнуудын засаглалын хэлбэрийг тухайн "улсын  өрсөлдөх чадвар” болон "эрх, эрх чөлөөний түвшин” гэсэн хоёр үзүүлэлтэй харьцуулан судалж үзье.
Дэлхийд улс орны өрсөлдөх чадварыг судалдаг төрийн болон төрийн бус олон байгууллага байдгаас  1971 онд Швейцар улсын Женев хотод байгуулагдсан Дэлхийн Эдийн Засгийн Форум байгууллага  1979 оноос хойш  үндэсний өрсөлдөх чадварыг хэмжиж Өрсөлдөх Чадварын Тайланг гаргаж эхэлжээ. 
ДНБ болон 12 тулгуур үзүүлэлтийн ач холбогдлыг харьцуулан үнэлж дэлхийн  өрсөлдөх чадварын индексээр улс орнуудыг Заяагдмал баялагт (1) ,Үр ашигт (2), Шинэ санаачилга-инновацид (3) тулгуурласан эдийн засагтай орнууд гэсэн гурван үе шатад хуваан үздэг. 
Мөн 1-ээс 2, 2-оос 3 дугаар шат уруу хөгжих шилжилтийн үеийн орнууд гэсэн завсрын 2 үеийг нэмдэг. 
 
Хүснэгт 3: Өрсөлдөх Чадварын түвшин
 
 
Заяагдмал баялагт  тулгуурлан хөгжих үе шат: 
 
Заяагдмал баялагт тулгуурласан үе шатад  нэг хүнд ногдох ДНБ  2.000 ам.доллараас доош хэмжээтэй улс орнууд багтдаг. Заяагдмал баялагт тулгуурласан эхний шатад улс орнууд хямд ажиллах хүч болон байгалийн нөөц баялгаа хямдаар экспортлон, хямд үнийн бодлогоор өрсөлддөг.
Үр ашигт тулгуурлан хөгжих үе шат:
Үр ашигт тулгуурласан үе шатанд нэг хүнд ноогдох ДНБ нь 3.000-9.000 ам.долларын хооронд байгаа орнууд багтдаг. Үр ашигт чиглэсэн үе шатны улс орнууд илүү үр ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлж хямд үнийн бодлогоор биш, бүтээгдэхүүний чанараар өрсөлдөг.
Шинэ санаачилга-инновацид тулгуурлан хөгжих үе шат: 
Шинэ санаачилга-Инновацид тулгуурласан үе шатад нэг хүнд ногдох ДНБ нь 17.000 ам.доллараас дээш улс орнууд байдаг. Шинэ санаачилга-инновацид  тулгуурласан гурав дахь үе шатанд улс орнууд зөвхөн үр ашигтай ажиллахаас гадна, шинэ санаачилгыг дэмжин давтагдашгүй Брэнд бүтээх замаар давуу тал, ялгарах онцлогоо  шинжлэх ухаан-мэдлэгт тулгуурлан бүтээх замаар өрсөлдөг байна.
 
Хүснэгт 4: Засаглалын Хэлбэр- Өрсөлдөх Чадварын Харьцуулалт
 
 
скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News