Ч.Хүрэлбаатар: Ирэх онд төсөвт тодотгол хийхгүй гэсэн байр сууриа хадгална » Төр.мн

Ч.Хүрэлбаатар: Ирэх онд төсөвт тодотгол хийхгүй гэсэн байр сууриа хадгална

 
 УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийг баталсан. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулав. 
-Төсвийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлснээр нь баталсан уу? 
-Төсвийн орлого, зарлага, алдагдлын хэмжээнд өөрчлөлт ороогүй. Гэхдээ  зардал дотор зарим зүйлсийг өөрчилсөн. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг тодорхой хэмжээгээр танасан. Мөн хилийн боомтуудыг бүрэн камержуулж, рентген машин суурилуулах, нэгдсэн мэдээллийн систем бий болгох мөнгөнөөс 20 тэрбумыг хассан. 
-УИХ-ын нэг гишүүнд таван тэрбум төгрөг төсөвлөсөн тухай мэдээлэл олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан? 
-УИХ-ын 76 тойрогт олон асуудал бий. Энэхүү 5 тэрбум төгрөгөөр гишүүд тойрогтоо тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ. Харин зарим хүмүүс энэ мөнгийг гишүүд хувьдаа авч байгаа мэтээр улс төржүүлж байна. 
-Энэ удаагийн төсөвт үр ашиггүй зардлыг хязгаарлах чиглэлд ямар бодлого баримталсан бэ? 
-Бид 2016, 2017 онд төрийн байгууллагын урсгал зардлыг нэлээд танасан. 2018 онд мөн адил. Ирэх жил олон сургууль, цэцэрлэг барина. Тиймээс төсөвт шинээр баригдах сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зардлыг л нэмсэн. 
-2019 онд төсөвт тодотгол хийх шаардлага үүсэх үү? 
-2018 онд төсөвт тодотгол хийгээгүй. Цаашдаа ч төсвийн сахилга батыг чанд барьж, тодотгол хийхгүй гэдэг байр сууриа хадгална. 
-Төсвийн орлогыг өндөр тооцсон. Орлогыг бүрэн биелүүлэх боломжтой гэж үзэж байгаа юу? 
-Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ. Мэдээж 100 хувь эрсдэлгүй зүйл гэж байхгүй. 
-Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны төсвийг 15 хувиар хэмнэж, аж үйлдвэрийн комбинат байгуулах санал гаргасан. Үүнийг төсөвт тусгасан уу? 
-Засгийн газраас 2019 оны төсвийн төслийг өргөн мэдүүлэх үед Ерөнхийлөгчийн санал орж ирээгүй байсан. УИХ-д чухам ямар санал ирүүлснийг би мэдэхгүй байна. 
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас зээл олгох дүрэм, журмыг нь шинэчлэх үү? 
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд ЖДҮХС-ийн хөрөнгийг зөв, ашигтай зарцуулдаг болгохоор ажиллаж байна. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж болохгүй. Засгийн газрын тусгай сангуудад олон асуудал байгаа тул шалгаж, цэгцлэх хэрэгтэй. ЖДҮХС-гийн үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангаж, хяналтыг сайжруулах ёстой. Засгийн газраас 2018, 2019 оны төсөвт ЖДҮХС-д хөрөнгө тусгаагүй. Харин УИХ-аас 48 тэрбум төгрөгийн хөрөнгө тусгалаа. 
-Засгийн газар шатахууны үнийн өсөлтийг зогсоох чиглэлээр ямар бодлого баримталж байна вэ? 
-Дэлхийн зах зээл дэх шатахууны үнэ буурч байгаа. Саяхан нэг баррель түүхий нефт 72 ам.доллар байсан бол одоо 63.5 болж буурсан. Засгийн газар АИ98 болон дизель түлшнээс бусад шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. 
Ч.Ариунболд 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг 

скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News