Ногоон хөгжлийг дэмжих “Монголын Ногоон санхүүгийн корпораци” байгуулж буйг мэдэгдлээ » Төр.мн

Ногоон хөгжлийг дэмжих “Монголын Ногоон санхүүгийн корпораци” байгуулж буйг мэдэгдлээ

 
"Дэлхий нийтээр тэмүүлж буй "Тогтовортой хөгжил” нь тогтвортой санхүүжилттэй салшгүй холбоотой бөгөөд санхүүгийн салбаруудад тогтвортой санхүүжилтийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагууд манлайлан, бизнесийн байгууллагууддаа нэвтрүүлэх хэлбэрээр ажиллах шаардлагатай”-г өчигдөр болсон "Тогтвортой санхүүгийн форум-2018” дээр СЗХ-ны дарга С.Даваасүрэн онцолсон юм.
Форумыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээж хэлэхдээ, "Дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлт, үйлдвэрлэл, хэрэглээний хэт өсөлтөөс үүдэлтэй байгаль орчны бохирдол, доройтол, ядуурал зэрэг тулгамдсан асуудлыг шийдэх санхүүжилт, тэр дундаа "Ногоон хөрөнгө оруулалт”-ын боломжит хувилбаруудыг бий болгох, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр бүхий л түвшинд анхаарч ажиллах”-ыг хүсч, "Манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгаль, цаг агаараас ихээхэн хараат эдийн засгийн салбаруудад илүүтэй их эрсдэл учирч, байгалийн аюулт үзэгдлийн давтамж, хамрах хүрээ нэмэгдэж байна.
Түүнчлэн хотын төлөвлөлтгүй тэлэлт, дэд бүтцийн байгууламжийн хүрэлцээгүй байдал, техник технологийн хоцрогдлоос шалтгаалсан хот, суурин газрын агаар, орчин бохирдол үндэсний хэмжээний тулгамдсан асуудал болоод байгаа. БОАЖЯ-ны зүгээс байгальд ээлтэй үйлдвэрлэл, хэрэглээг дэмжсэн төсөв, хөрөнгө оруулалтын бодлого, Засгийн газрын худалдан авалтын эрхзүйн орчныг бүрдүүлэх, банк санхүүгийн салбарт тогтвортой санхүүжилтийн зарчмыг нэвтрүүлэх чиглэлээр олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байна.

Үүний нэг жишээ нь манай яам анхнаас нь бодлогоор дэмжиж ирсэн "Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр”-ийг өргөжүүлж, "Ногоон эдийн засаг”-ийг дэмжих санхүүжилтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа юм. Энэ хүрээнд Монголын Банкны холбоо, Сангийн яамтай хамтран агаар, орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй, хэмнэлттэй "ногоон” төсөл, санаачилга, үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих "Монголын Ногоон санхүүгийн корпораци” байгуулах бэлтгэл ажлыг хангаж байаа”-г дуулгасан юм.
Дээрх үйл ажиллагаанд салбар салбарын оролцоо, хамтын ажиллагаа хэрэгтэй байгаа талаар СЗХ-ны дарга С.Даваасүрэн тэмдэглэн хэлэхдээ, "Үнэт цаасны салбарын хувьд томоохон бизнес эрхлэгчдэд санхүүжилтийн эх үүсвэр татах гарц нь болж, олон нийтэд хөрөнгө оруулалт хийх хэрэгсэл нь болж байдаг учраас уг зах зээлд нэвтэрч буй компаниудад ёс зүй, засаглал, нийгмийн хариуцлагын тогтолцоогоо өндөр түвшинд хангаж ажиллах шаардлага тавигддаг. Тиймээс энэ чиглэлд тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлэх боломжтойг дурдлаа.
Даатгалын салбарын хувьд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллөөр нь ялгамжтай бодлого баримтлах боломжтой бол бичил санхүүгийн салбарын тухайд жижиг, дунд бизнес эрхлэгчид болон жижиг зээлдэгчдэд голчлон үйлчилгээ үзүүлдэг учраас эдгээр санхүүгийн байгууллагаар дамжуулан байгаль, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа эрхлэх бичил бизнесүүдэд санхүүжилтийн эх үүсвэрийг олгох тал дээр ажиллах нь зүйтэй”-г онцолсон юм.
Монголын банкны холбоо, Монголын тогтвортой санхүүжилтийн хөгжлийн холбоо болон "Шилдэг ТоС- байгууллага-ХХБ хамтран Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо (ТоС) үүсэн байгуулагдсаны 5-н жилийн ой дээрээ зохион байгуулсан "Тогтвортой санхүүжилт-2018” форумаар:
Хамтын хичээл зүтгэлээр бүтсэн ТоС-ийн 5-н жил ба ирээдүй;
"Ногоон банк, санхүү буюу” өнгөрсөн 5-н жилийн хугацаанд Монгол улсад Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкууд ногоон зээлийг санхүүжүүлж эхэлснээр байгаль орчин, цаг уурт хэрхэн эерэгээр нөлөөлж буй талаар;
ТоС-ийн Үндэсний замын зураг төслийн танилцуулга;
ТоС-ийн "Онлайн сургалтын систем”-ийг амжилттай нэвтрүүлж буй гэсэн сэдвүүдийг хөндсөн юм.
Форумыг Монголын банкны холбоо, Монголын тогтвортой санхүүжилтийн хөгжлийн холбоо болон "Шилдэг ТоС" байгууллага-Худалдаа, хөгжлийн банк хамтран зохион байгуулсан юм. "Тогтвортой санхүүгийн форум 2018” нь тогтвортой хөгжил, тогтвортой санхүүгийн асуудалд анхаарал тавьдаг бодлого тодорхойлогчид, банк санхүүгийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд болоод байгаль орчин, нийгмийн мэргэжилтнүүдийг оролцуулдаг үндэсний хэмжээний томоохон арга хэмжээ юм.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News