Ерөнхийлөгч: ШХАБ-тай холбоотой ажлын хэсэг байгуулсан » Төр.мн

Ерөнхийлөгч: ШХАБ-тай холбоотой ажлын хэсэг байгуулсан

 
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар сүүлийн нэг жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн хийсэн ажлын тайланг сонсч, гишүүд холбогдох хүмүүсээс асуулт асууж, хариулт авлаа.  Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд тайланг сонсгов. Мөн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, Ерөнхийлөгчийн Цэргийн бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Даваа нар Төрийн тэргүүний зүгээс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаарх асуултад хариуллаа. ШХАБ, шашны асуудал, мэдээллийн аюулгүй байдал гээд чуулган дээр яригдсан онцлох зүйлсийг тоймлон хүргэж байна. 
УИХ-ын гишүүн Н.Учрал: 
-Ерөнхийлөгчийг ҮАБЗ-ийн тэргүүн учраас нэг зүйл анхаарал хандуулаач гэж хүсч байгаа юм. Манай улсад мэдээллийн аюулгүй байдал бүрэн алдагдсан, цахим халдлагад өртөж, төрийн цахим, виртуал сервер алдагдсан. ҮАБЗ-өөс энэ талаар ямар байр суурьтай байна вэ. 
ҮАБЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүх: 
-Энэ хамгийн чухал асуудал байгаа юм. ҮАБЗ хамгийн их анхаарал хандуулж, өмнө нь энэ чиглэлээр гаргасан дүгнэлтүүдийг авч үзэж, 2019 онд тодорхой ажлууд хийхээр төлөвлөсөн. Харин энэ асуудлаар нээлттэй чуулганд мэдээлэл хийх боломжгүй байна. Кибер аюулгүй байдлын талаар ҮАБЗ-өөс зөвлөмж гараад ажиллаж байна. 
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: 
-Шашин, сүм хийд, бурхан шашны эрх зүйн асуудал дээр Ерөнхийлөгч ямар байр суурьтай байна вэ. Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа зэвсэгт хүчин үүргээ сайн биелүүлж байгаа. НҮБ-аас энхийг дэмжих ажиллагаанд ямар байр суурьтай байна вэ. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга үүрэг гүйцэтгэгч байж болохгүй. ШХАБ-д шат ахиулан оролцох бололцоог судалж байгаа гэсэн. Удахгүй Киргизэд энэ асуудлаар хурал болно. Үүнд Ерөнхийлөгч ямар байр суурьтай оролцох вэ. 
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:
-Шашны талаар хаалттай чуулган дээр мэдээлэл хийх боломжтой. Энхийг дэмжих ажиллагааг дэмжиж байгаа. Цэргийн дүрэм батлагдаад дуусч байгаа бөгөөд баталгаажуулах цөөн асуудал үлдсэн.  Мөн шашин, сүм хийдтэй холбоотой асуудлаар шашин шүтэх, эс шүтэх талаар хуулийг Хууль зүйн яам боловсруулсныг саналаа өгсөн байгаа. ШХАБ-тай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулаад ажиллаад явж байна. Хаалттай мэдээлэл өгөх боломжтой. 
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 
-Улсын ерөнхий прокуророос хэд хэдэн удаа гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт тавьсан. УИХ хүлээж аваагүй. Гэтэл Ерөнхийлөгч хориг тавиагүйг ард түмэн маш их асууж байна. Яагаад хориг тавьсангүй вэ. Хориг тавихгүй байна гэдэг нь УИХ-ын хүлээж аваагүй саналыг дэмжиж байсан гэсэн үг үү. Ерөнхийлөгч тэтгэвэр, оюутан, цалингийн зээлийг хэзээ тэглэх вэ. Одоо чадах эсэхдээ хариулт өгөөч. Ипотекийн зээлийн хүүг буулгах боломжтой юу. 
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: 
-Ерөнхийлөгчийн тайланд дурдсан асуудлаар би хариулт өгөх боломжтой. Ерөнхийлөгч УИХ-аас гаргасан шийдвэрт дөрвөн удаа хориг тавьсан ч УИХ хүлээж аваагүй. ЖДҮХС-гийн зээлийн асуудлын талаар олон нийттэй санал нэг байгаа. Цаашид Ерөнхий прокурор УИХ-тай харьцаад явах байх. Ерөнхийлөгч зээлийг тэглэнэ гээгүй, Ардчилсан намын зүгээс өгсөн санал байсан. 
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: 
-Намрын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ярьсан. Сүүлийн үед яригдахаа больсон байна. Анхны байр суурь дээрээ хэвээрээ юу. Мөн УИХ-ыг тараах саналыг би гаргасан. Ерөнхийлөгчийн институтын зүгээс УИХ-ыг тараах байр суурийг илэрхийлж байсан. Одоо энэ санал дээрээ хэвээрээ юу. ЖДҮХС-гийн асуудал ард түмнийг маш их бухимдуулж байна. Ерөнхийлөгч энэ талаар ямар байр суурьтай байгаа юм бэ. Дараагийн УИХ-ын дарга буюу ҮАБЗ-ийн нэг гишүүний асуудлаар хуралдаж, зөвлөмж гаргах уу. Ер нь ямар зарчим баримтлах ёстой юм бэ. 
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: 
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгч тухайн үед хэлж байсан байр суурин дээрээ хэвээрээ байгаа. 1992 онд гарсан шинэ Үндсэн хуульд их, бага өөрчлөлт хийх асуудлыг ярих хэрэгтэй байна гэж хэлж байсан. УИХ-ыг тараах асуудлаар зөвшилцсөн ч УИХ-ын дарга асан М.Энхболд зөвшөөрөөгүй. 
ҮАБЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүх: 
-ҮАБЗ-ийн нэг гишүүнийг чөлөөлөх асуудлаар ҮАБЗ хуралдаагүй. Тухайн үед үүссэн жагсаал цуглаан болон үүссэн нөхцөл байдлаар хуралдсан. Тиймээс хууль гаргахыг ҮАБЗ-ийн гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн. Томилгоотой холбоотой ямар нэг хурал зохион байгуулах эрх зүйн орчин байхгүй.
Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн юм. Харин үдээс хойшхи хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлааа. Тус тогтоолын төсөлд нийт 22 газрын улсын тусгай хамгаалалтад авах саналаа Засгийн газраас гаргасан юм байна. 
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News