Эрх баригчдад махны үнийг буулгах сонирхол алга » Төр.мн

Эрх баригчдад махны үнийг буулгах сонирхол алга

 
Энэ хавар махны үнэ урьд хожид байгаагүй өндөр үнэ хүрлээ. Үхрийн мах төвийн дэлгүүрт 12 000 төгрөгч хүрч, Ө.Энхтүвшин гишүүн талбай дээр үг хэлэхдээ "Үхрийн махны үнэ өнөөдөр 1200 төгрөгт хүрчихээд байна” хэмээн гал цогтой мэдэгдэж байснаас хойш ингэж их өссөнийг нь мэдэхгүй юм. Өдгөө үхрийн мах төвийн дэлгүүрүүдэд 15 000 мянган төгрөгт хүрлээ. Магадгүй, МАН сөрөг хүчин байсан бол талбай дээр жагсаад хэн нэг дарга нь "1500 төгрөг хүрчихээд байна” зарлан тэмцэх байсан байж магадгүй. Гэвч тэгсэнгүй. Учир нь одоо тэд эрх баригчид. Тиймээс ордон дотроос дуугарсан. Дуугарахдаа 2013 оныхоос ялгаагүй харалган дуугарлаа.
Яагаад улирсан баларсан 2013 оны жишээг байн, байн давтаад байна вэ гэхээр, тэр үед дарга нарын хувьд байсан  нөхцөл байдал одоо ч адилхан гэж хэлэх гэснийх юм.
Нэгэнтээ өдөр тутмын хэрэгцээгээ хангаад илүү зүйл бодож сэтгэж яваа хүмүүс идэш уушны үнэд анхаарал хандуулаад байхгүй. Тийм болохоор л сар шинээс эхэлсэн үнийн өсөлтийг гурав хоногийн өмнө болсон мэт бодож байгаа юм. Ч.Улаан сайдын "Сүүлийн өдрүүдэд, ялангуяа өчигдөр орой Улаанбаатар хот дахь махны хангамжийн байдалд саатал гарч, үнийн савалгаа үүссэн асуудал олон түмнийг бухимдууллаа” гэсэн мэдэгдэл үүнийг тод харуулсан. Ч.Улаан сайдын эл мэдэгдэл  иргэдээсээ тасарсан, иргэдээ доромжилсон агуулгаараа "Махны үнэ 1200"-тай дүйнэ.  
Махны үнийг буулгах амархан
Сүүлийн хэд хоногт дарга нарын махны үнийн өсөлтийн талаар хийж байгаа мэдэгдэл нь бүгд бодит байдлаас бултаж зугтсан, үл мэдэгчийн шинжтэй байлаа. Б.Пүрэвдорж гишүүн "Монголчуудын махны хэрэглээ их байна” гэж шүүмжилсэн. Л.Оюун-Эрдэнэ сайд үнийн хөөрөгдлийн талаар мэдээлэл хийхдээ "Махны үнэ өссөн асуудлыг хятадуудтай холбоотой үйлдвэрлэл энэ тэр гэж хэлмээргүй байна” гэсэн. Үнэндээ доншуур наймаачид, тэдэнтэй үгсэн хуйвалдсан хил гаалийнхнаас болж л нийслэлчүүд мах идэх эрхээ хасуулж байгааг хэн хүнгүй харж байна. Хятадууд жижиглэнгийн худалдаанд орж ирж байгаа махыг замаас нь үнэ цохин авч нөөцөлдөг талаар хэвлэлээр бишгүй л бичсэн. Нийслэлд махаа зарахаар орж ирсэн малчдыг Налайх, Эмээлт дээр тосоод махыг нь худалдаад авчихдаг. Нийслэлчүүдийн махны хэрэглээг хангадаг гол газар "Хүчит шонхор” дээр ирсэн махны ихэнхийг хятадууд гар хөл болсон монголчуудаараа авхуулчихаад байгаа учраас худалдаанд гарах мах хомсдож, үнэ өсч байгаа шүү дээ. Монголчууд бас холбоотой гэсэн үг. Тэд бол урд хил гарсан л бол кг махаа 40 000 түүнээс ч дээш үнээр зарах учир энд хангалттай үнэ өгч чадаж байна.
 
Монгол Улс БНХАУ руу мах экспортолж байгаа. Энэ бол эдийн засагт хэрэгтэй. Гэхдээ харийн жижиг наймаачдыг жижиглэнгийн зах зээлээсээ хумслахыг зөвшөөрнө гэдэг ямар ч улсад байж болшгүй юм. Төргүй улсад, эс бол колони улсад л ийм зүйл болдог.
Өнөөдөр манайд төр гэж байгаа л юм бол жижиглэнгийн зах зээлээс мах шомбодоод байгаа хятад хувь наймаачдын хууль бус үйлдлийг нэн даруй таслан зогсоох ёстой. Малчид мөнгөтэй болж байна энэ тэр гэсэн яриа энд байх ёсгүй. Манайх зарчмын үнэт зүйлсээ ийм өчүүхэн шалтгаанаар унагадаг. Энэ алдаагаа давтаж болохгүй.
Бусад улс руу мах, махан бүтээгдэхүүн гаргахад ямар хатуу хяналт тавьдаг билээ. Гэтэл хятадууд агуулах, агуулахаар нь нөөцлөөд байна гэдэг хил гаалиар гаргаж чадаж байгаагийн гэрч. Энэ хэргийг сайн шалгавал Гаалийнхан гарцаагүй холбогдоно. Тэднийг олж цэвэрлэх ёстой. 
Үнэндээ махны үнийг буулгах амархан. "Хүчит Шонхор”, "Эмээлт” зах дээр гүйцэтгэх ажиллагаа явуулахад л болно. Захын ченж нь хятадууд хэрхэн ажиллаж байгааг хэлээд өгнө. Эрх баригчид өөрсдөө махны мафитай холбоогүй, хятад эзэдтэй нь холбоогүй бол энэ маш амархан. Хятадуудыг жижиглэнгийн зах зээлээс шахлаа, маргаашнаас нь л нийлүүлэлт нэмэгдэж үнэ буурна.   
Эрх баригчдад махны үнийг буулгах сонирхол алга
Л.Оюун-Эрдэнэ сайд "Махны үнийн өсөлтийг Тагнуулын Ерөнхий газар шалгаж байна” гэхийг сонсоод найдлага төрж байлаа. Гэтэл найдах хэрэггүй байжээ. Эрх баригчдад махны үнэ буулгах сонирхол алга. ТЕГ гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хот тойрсон олон нүхэн зооринуудыг алгасч, хамгийн цэвэрхэн, бас хоосныг нь олж очжээ. Дараа нь УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Ариун цэврийг л гол нь анхаарах ёстой” гэж мэдэгдлээ. Жижиглэн худалдааны зориулалтаар орж ирж байгаа махнаас шомбодож, зах зээлд эрэлт үүсгэж иргэдийг хөлдөө чирч байгаа хятад ченжүүдийн үйлдэл зөв гэж тэр хэллээ. Түүний үг бол "Хулгай хийж болно, гол нь цэвэрхэн газар хадгалах хэрэгтэй” гэсэнтэй ялгаагүй сонсогдож байлаа. Өнөөдөр иргэд хилээр ганц гулууз ч гэсэн мах гаргачих юм сан гэж хөлдүү мах биеэрээ ороож гарч байна. Ингэж яваад амиа алдсан тохиолдол ч гарсан. Энэ бол урд хөршид мах үнэтэй байгааг харуулж байна. Тиймээс экспортлогч компаниуд намар мах бэлтгэх үедээ өндөр үнээр авах нь малчдыг жинхэнэ утгаараа дэмжсэн хэрэг болно. Төр энэ ажлыг хийх ёстой.  
ТЕГ үнэхээр далайцтай ажиллаж, нийслэлд өдөр тутам орж ирдэг махыг замаас нь хумсалдаг үйлдлийг зогсоосон бол махны үнэ өнөөдрөөс л шууд хямдрах учиртай.   
Х.Батсайхан 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News