Ерөнхийлөгч Х.Баттулгыг гүтгэсэн хэргээр жиргээчид торгууль оногдуулжээ » Төр.мн

Ерөнхийлөгч Х.Баттулгыг гүтгэсэн хэргээр жиргээчид торгууль оногдуулжээ

ЦЕГ-ын Нийгмийн хэв журмыг хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны эрх бүхий албан тушаалтан (Зөрчил шалган шийдвэрлэх арга зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганзориг) твитерт "Элийрэгч” нэрээр алдаршсан Цоггэрэлийн Уянгад хоёр сая төгрөгийн торгууль оногдуулах шийдвэр гаргасан нь нийгмийн сүлжээнд дуулиан болж байна. Жиргээчийн жиргээний хохирогч Ерөнхийлөгч Х.Баттулга гэв.
Монгол Улсын ЕТГ-аас жиргээч Ц.Уянгын нэр дээр гомдол гаргаж, "Ёорк, Еөк, Жонхуу гэх мэт хоч нарийг ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг гүтгэсэн, нэр төр, алдар хүндэд нь халдсан нийтлэлийг байнга нийтэлсээр байгаа тул шалнгаж өгнө үү” гэдэг гомдол гаргасан юм байна.
Гэвч цагдаагийн албан хаагч уг хэргийг шалгахдаа процессийн хувьд байж боломжгүй алдаа гаргаж, хэргийн холбогдогчид мэдэгдэлгүйгээр шийдвэрээ гаргасан аж.
Монгол Улсын иргэн хэн ч бай, гэмт хэрэгт холбогдон шалгуулж болно. Ингэхдээ хуулийн дагуу эдлэх эрх гэж бий. Хамгийн наад зах нь өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч авах, ядаж ямар хэрэгт шалгагдаж байгаагаа мэдэх эрхтэй. Энэ тухай Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3.1-д "холбогдогч дараах эрхтэй” гээд тодоос тод заагаад өгчихсөн байна. Тухайлбал,
-Ямар зөрчилд холбогдон шалгаж байгаагаа мэдэх,
-Өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах,
-Хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах,
-Зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах,
-Өөрийн, эсвэл хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцож, ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах,
-Эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шүүхийн шийдвэрт гомдол гаргах,
-Нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах,
-Зөрчлийн хэрэгтэй танилцах болон хуульд заасан бусад эрхийг эдэлнэ гэсэн байгаа.
Харамсалтай нь энэ хэргийг шалгах явцад хуульд заасан дээрх ажиллагаанууд хийгдээгүйгээр үл барам холбогдогчид хэргийн талаар танилцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн юм байна. Тухайлбал, зөрчлийн хэрэг нээсэн тухай мэдэгдэх хуудсыг Ц.Уянгад өөрт нь биш, ээжийнх нь хаягаар хүргэж өгөөд, өөрөөс нь тайлбар мэдээлэл авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн аж.
Нэгдүгээрт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хуулийн хугацаа гэж бий. Зөрчил үйлдэгдсэн талаар гомдол, мэдээллийг хүлээж авснаас хойш 56 хоногийн дотор хэргийн холбогдогчийг тогтоож, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулаагүй тохиолдолд хэрэг үүсгэхээс татгалздаг. Өөрөөр хэлбэл, Ц.Уянга хэрэгтэйгээ танилцаж, тайлбар мэдүүүлэг өгөөгүй нь тохиолдолд хэргийг нэг талын хүсэл зоригоор шийдвэрлэж болохгүй гэсэн үг.
Хоёрдугаарт, хэргийг шалган шийдвэрлэх хуулийн хугацаа (56 хоног) дуусаагүй байхад хэргийн холбогдогчоос тайлбар мэдүүлэг авалгүйгээр шийдвэр гаргасан нь цагдаагийн байгууллага илтэд хэргийн нэг тал буюу гомдолийн нөлөөнд автжээ гэдэг дүгнэлт хийхэд хүргэж байна.
Шийтгэх тогтоолыг хүлээж авмагцаа жиргээч хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтанд гомдол гаргасан боловч түүний гомдлыг хүлээж аваагүйгээр үл барам "Чамаас асуух шаардлага байхгүй. Чиний хийсэн хэрэг чинь үйлдлээрээ нотлогдож байгаа. Гомдол хүлээж авахгүй” хэмээн буцаасан байна. Энэ одоо юу гэсэн үг вэ?
Хэрвээ тийм бол хуульд заасан холбогдогчийн эрхүүд хий хоосон зүйл болох уу? Эрх мэдэл бүхий хэн нэгний өмнө очихоороо унаж тусаад, утга агуулгаа алддаг хуулийг жирийн иргэд дагаж мөрдөх ёстой юу?
Эх сурвалж: inews.mn

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News